“Женкогийн Ардчилсан намынхан” /ЖАН/ хэмээн гишүүд дэмжигчдээсээ нэр хоч аваад буй АН-ын хэсэг нөхдүүд өнгөрсөн баасан гарагт “ОНЦ ИХ ХУРЛАА” хийлээ. Хуралд Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүлийгээ дагуулан ирсэн нь хэний ч хүлээгээгүй үзүүлбэр, ойрд харагдаагүй дүр зураг байв. Зарим нь ч тэхий голоороо хуваагдсан АН эвлэрэх нь хэмээн хий горьдож харагдсан. Гэвч өнөөх Э.Бат-Үүл нь хурал нь дуусаагүй шахам байхад “онцгүйгээр” нь дуудаж эв эеийг дахин хагалав. Дайны хажуугаар дажин гэгчээр үгээ хэлэх гэсэн АН-ын гишүүн Д.Мөнх-Эрдэнэг хурлаас хөөснөөр АН-ын “Онц их хурал” нь багагүй үзүүлбэртэй болж дууссан.
Харин уг хурлаас Увсын фракц тун ч хожоотой гарч, эртнээс хүссэн үр дүндээ хүрсэн гэхэд болно. Тодруулбал, ЖАН талынхан УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг даргаар батламжилж, Лу.Гантөмөрийг Ерөнхий нарийн бичгийн даргаар томилов. Мэдээж уг томилгоонуудын ард “хорыг” найруулж, хоржоонтой инээж суусан хүн бол УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг. Үүнийг анзаарсан гишүүд нь ч “Женкогийн Ардчилсан нам” дээрээс О.Цогтгэрэлийн Увсынхан нэмэгдээд Ардчилсан намын толгойд гаргаад ирлээ. Цаашдаа энэ “ЖАНЦО” хэр хол явах вэ гэх зэргээр ярьж, өгүүлж эхлэв.
Нээрээ ч өнөөдрийн энэ үйл явцыг л хамгийн их хүсч, хүлээж, "найруулж" ирсэн хүн бол Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл тэргүүтэй Увсын фракц. Бие дааж гарч ирсэн ч боломж гарсан даруйдаа АН руу “шигдсэн” Н.Алтанхуяг тэргүүтэй Увсынхан өнөөдөрт л бэлтгэж Х.Баттулга, Ц.Элбэгдорж нарын хагарлыг ил далдаар өрдөж ирсэн. Бүр хавар л ирэх намар болох АН-ын том хуралд Увсынхан фракц голлох тоглолтыг үзүүлнэ гэх яриа АН дотор өрнөж эхэлсэн талаар нийтлэл хүртэл бичиж байв. Тэгвэл өнөөдөр тэр таамаг биеллээ олж Увсынхан Ардчилсан намыг бүрэн “халаасаллаа”. Гэхдээ АН-ын асуудал дарга, цэргээ сонгосон өнгөрсөн баасан гарагийн үйл явдлаар нэг талдаа гарчихаагүй. Цаашдаа үүнээс ч олон үйл явдал өрнөнө гэдгийг сануулъя. Харин Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл нарын өнөөдрийн энэ ялалт стратегийн хувьд өндөр ач холбогдолтой. Сайнаар бодоход АН-ыг утгаар нь өөрийн болгох. Муугаар бодоход булаацалдаж буй талтайгаа тохироо хийхэд дарга биш юм аа гэхэд генсекийн зэргийн суудлыг хумсалж дөнгөнө. Өөрөөр хэлбэл, асуудал яаж ч шийдэгдсэн ашигтай гэсэн үг.
Одоо тэд яаравчилж Ардчилсан намын удирдлагын баг, газар хэлтсийн даргаар өөрсдийн хүмүүсийг томилох нь байх. Харин бүлгийн даргыг Женкотойгоо эвийг эрхэмлэж одоохондоо түүний талын хүнд өгөх болов уу. Цаашлаад УИХ-ын дэд даргын суудал зэрэг томоохон томилгоонуудад Увсын фракц ихээхэн үүрэгтэйгээр гол дүрд нь тоглох болно. Гэхдээ агуулгаараа өнгөрсөн хугацаанд АН-ыг төлөөлж явсан С.Эрдэнийн Ардчилсан намаас хавь илүү АН гараад ирлээ гэж дүгнэж болох юм.
Н.Алтанхуяг хуучин “Алтангадас” гэх фракцыг АН-д “од” болгосон шиг ээ, энэ удаад нутгийнхаа фракцыг голлох байр сууринд хүргэж чадлаа. Энэ нь харин цаашаа хэр үргэлжлэх нь сонирхолтой, бас эргэлзээтэй. Аливаа намын дотоод улс төрд УИХ-ын гишүүд нь жин дарж оролцдог. Энэ утгаараа шинэхэн дарга О.Цогтгэрэл, “найруулагч” Н.Алтанхуяг хоёр ихээхэн эрчтэй хоршиж, нутгийн генсек Лу.Гантөмөр нь өөрт ирсэн үүргээ тултал гүйцэтгэх буй за.
Г.Лхагвадорж