Сонгуулиа хүлээж байсан Ардын намынхан ойрын хэд хоногт намынхаа хурлаа хийж, дараагийн даргаа тодруулан шинэ улс төрөө эхлүүлэх гэж байна. Тэгвэл манай улс төрийн нөгөө тулгуур багана болох АН-ын асуудал цаашаа яаж өрнөх нь одоо ч тодорхойгүй асуулт хэвээр.
Экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга нар АН-ыг хэн нь авч 2024 оны сонгуульд оролцох нь вэ гэх “зодоон” эхлүүлсэн. Үүнийг нь Ардын намынхан өөрсдөдөө ашигтайгаар эргүүлж Ерөнхийлөгчийн сонгуулиа амжилттай зохион байгуулж чадав. Өрсөлдөгчгүй шахуу Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүх ирээдүйд улам “том” улс төрийг Ерөнхийлөгчийн институтээс явуулахыг зорих нь ойлгомжтой.
Үнэндээ Ардын нам сүүлийн хоёр жилд бодлогын түвшинд Ардчилсан намаас хавь илүү байсан. Тиймээс ч УИХ-д хоёр сонгууль дараалан хэт олонх, 16 жилийн дараа Ерөнхийлөгчийн сонгуульд ялсан зэрэг амжилтыг гаргав. Гэвч МАН үнэнхүү хүчтэйдээ биш, АН-ын арчаагүй, унхиагүй байдлаас уйдаж итгэл алдсан иргэд яалтчгүй ийм сонголт хийсээр ирлээ. Ардчилсан нам энэ талцал хуваагдал, унхиагүй байдлаа одоо л засч авахгүй юм бол дахин сэргэх нь эргэлзээтэй болох нь.
Саях сонгуулийн дараа хоёр хэсэг болсон Ардчилсан намын залуучууд тал талдаа гарч ирээд эвлэрэл, нэгдлийн тухай ярьж, гар хөлийн үсэг зурах уриалга хүртэл гаргаж байна лээ. Нэг талаасаа сайн ч, үнэхээр нэгдэж нийлэх гээд байгаа юм бол залуучууд нь яагаад тус тусдаа мэдэгдэл хийгээд байгаа юм бэ гэдэг нь сонин. Өөрөөр хэлбэл энэ ойлгомжгүй үйлдэл нь нийлэх сонирхол байна уу гэх хардлагыг бий болгож байна. Энэ хэрээр тэр гарын үсэг цуглуулах үйл явц нь үнэ цэнэгүй үйлдэл мэт уншигдаж байна.
Харин бүх асуудал дээр өгүүлсэн хоёр хүний тэмцлээс л хамаарна. Тэр тэмцэлд нь гол үүрэгтэй оролцох хүмүүс нь Н.Алтанхуяг тэргүүтэй Ардчилсан намын Увсын фракц. Тодруулбал, Х.Баттулгын талын АН-ын даргаар томилогдож байсан О.Цогтгэрэл, бүлгийн даргад нэр нь яригдах болсон Н.Алтанхуяг, муу нэр луу данс багатай Лу.Гантөмөр болон Ц.Элбэгдорж Ерөнхийлөгтэй муудалцсан Д.Дорлигжав нар АН-ын асуудалд том нөлөө үзүүлнэ. Улс төрийн хүрээнхэн ч энэ сэдвийг сэм ярилцаад эхэллээ. Аливаа намын улс төрд УИХ-ын гишүүд нь жин дарж оролцдог. Увсаас гурван ч эрхэм энэ УИХ-д амбицлаж байна. Өөрөөр хэлбэл Увсынхан гишүүдийн тоогоороо ч, гадна талаас хүч хавсрах хүчээрээ ч энэ цаг үед АН-д ихээхэн нөлөөтэй болоод ирлээ.
Тэдний ирэх намар боловсруулах тактикаар Н.Алтанхуягт намын даргыг авч өгөөд О.Цогтгэрэлд бүлгийн даргын суудлыг шилжүүлэх. Эсвэл намын дарга болох хүслийг нь биелүүж Х.Баттулгыг өөрийг нь томилоод, Н.Алтанхуяг бүлгээ “базах”. Сул байгаа Лу.Гантөмөртөө намын удирдах албан тушаал хуваарилах байдлаар АН-ыг авахаар тооцсон гэх. Өөрөөр хэлбэл намын дарга болохоор амбицилж байгаа Х.Баттулга, Ц.Элбэгдорж нараас гадна намдаа нөлөөлөл хэдийнээ үүсгээд буй Увсын фракц АН-ын дарга болон ирээдүйн хувь заяаг шийдэх нь ойлгомжтой болж буй бололтой.
Хэрвээ тэдний төлөвлөгөө бүтэлгүйтэж, АН-ыг нөгөө талдаа алдвал өрх тусгаарлаж ч мэдэх юм гэдгийг зарим эх сурвалжууд онцлов. Учир нь АН эргээд нэгдэж нийлэх магадлал туйлын хүнд байгаа. Хоёр том лидерүүд нь хоёр тийшээ хараад суучихсан. Хэл ам, хэрүүл тэмцэл нь хэрээс хэтэрчихсэн. Тиймээс ялсан нь намаа авч, ялагдсан нь шинэ нам байгуулж тусдаа гарах магадлал өндөр байна. Ц.Оюунгэрэл нь хүртэл нам байгуулж тусдаа гараад Ц.Элбэгдоржийг яахыг нь хүлээгээд суучихсан байгаа шүү дээ.