Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: Талийгаач охины ар гэрт эцэг хүний хувьд эмгэнэл илэрхийлье

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 55 секунд

Өвөрхангай аймагт өнгөрөгч аравдугаар сарын 27-нд өөрийн үерхдэг 17 настай эмэгтэйг буудаж хөнөөгөөд, дараагаар өөрийгөө буудсан байж болзошгүй ноцтой хэрэг гарч олны цочирдуулсан билээ. Талийгаач охин нь Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрнаас гараад сураггүй болсон бөгөөд тухайн үед найз залуутайгаа цуг явсан нь хяналтын камерт бичигдсэн байсан ба уг асуудалд боловсролын байгууллагын ажилтан, алба хаагчид хариуцлагагүй хандсан хэмээн олон нийтийн шүүмжлэлд өртөөд буй. 17 настай охины амиа алдсан хэрэгт Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан эмгэнэл илэрхийлж, дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Хүчирхийлэгчийн золиос болсон Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын ЕБС-ын 12 дугаар ангийн сурагч, талийгаач охины ар гэрийнхэнд салбарын сайдын болон эцэг хүний хувьд гүн эмгэнэл илэрхийлье.

БШУ-ын яам хүүхэд бүрийг сургуулийн орчинд эрүүл, аюулгүй байлгах үүрэгтэй учраас энэ хэрэг манай яамтай ч холбоотой. 2018 оноос хойш ЕБС, СӨБ-д сурч байгаа хүүхдүүдийн эрүүл, аюулгүй байдлыг хангах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн боловч үр дүнгүй байгаа нь энэ хэрэг явдлаар харагдаж байна.

Багш, сурган хүмүүжүүлэгч нь хүүхдүүдийн эрүүл аюулгүй байдлын төлөө төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн бол хүн амины ноцтой хэрэг гарахгүй байсан. Талийгаач охин өөрийгөө хүчирхийлэлд байгаа гэдгийг ангийн багш, сургуулийн удирдлагуудад мэдэгдэж байсан тухай мэдээлэл авсан. Гэтэл сургуулийн удирдлагууд талийгаачийг хүчирхийлэлд байгааг мэдсээр байж арга хэмжээ авч чадаагүйд харамсаж, эмзэглэж байна.

Өнгөрсөн хугацаанд хүүхдийн эрхийг хамгаалах, хүүхдүүдийг эрүүл, аюулгүй орчинд сургах, эрсдэлээс бие биеэ хамгаалах дадал, хэвшил суулгаагүй. Багш нар зөвхөн хичээл заах үүрэгтэй биш. Багш хүн тэр дундаа дотуур байрын багш бол хүүхдүүдийн сурч мэдэх орчин, эрүүл мэнд, амь насыг бүрэн хамгаалах үүрэгтэй.

Одоогийн хууль, тогтоомжийн хүрээнд надад шууд хариуцлага тооцох эрх байхгүй ч Өвөрхангай аймгийн Боловсролын газар, сургуулийн удирдлага, анги даасан багш, байрын багшид багаар нь хариуцлага тооцох ёстой гэсэн хатуу байр сууринаасаа буцахгүй.

Сургуулийн захирал, эрхлэгчийг аймаг, сумын Засаг дарга томилдог гажуудсан тогтолцоог сольж, боловсролын салбарыг улстөрөөс салгах ёстой гэдгийг энэ хэрэг харууллаа. Өнөөдөр улсын хэмжээнд 548 дотуур байранд 32,576 сурагч амьдардаг. Эдгээр дотуур байрын багш, сургуулийн захирал, эцэг эхчүүд, хүүхдийн хүлээх гурвалсан үүргийг тодорхой болгож, эцэг эхчүүдийн зөвлөлийг байгуулж, хөндлөнгийн хүчтэй хяналтыг бий болгоё.

Багшийн ёс зүйн асуудлыг авч хэлэлцдэг, хариуцлага тооцдог ил тод тогтолцоог бий болгоё. Сургуулийн байрын багш, анги даасан багш, захирал, нийгмийн ажилтнуудад хариуцлага, ёс зүйн шалгуур тавьж өгье. Энэ жилээс эхлүүлсэн сургуулийн сэтгэл зүйч бэлтгэх хөтөлбөрөө өргөжүүлж, сургууль бүрт сэтгэл зүйчтэй болгох ажлыг илүү хурдтай, эрчимжүүлэн ажиллах болно.

Хүүхэд бүр эрүүл аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Энэ эрхийг баталгаажуулах нь Монгол төрийн үүрэг. Гэм буруутай бүх хүн хариуцлага хүлээх ёстой" гэжээ.

Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно
Улаанбаатар хот явган болон дугуйн замын сүлжээтэй болно
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.