Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тиотой Глазгоу хотноо энэ 11 дүгээр сарын 2-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх асуудалд Монгол Улс чухал ач холбогдол өгч буй талаар мэдээлж, сорилт болсон эдгээр асуудлыг шийдвэрлэхэд мод тарьж ургуулах нь хамгийн хүртээмжтэй аргуудын нэг болохыг тэмдэглэв. Тэрээр 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарьж ургуулах санаачлага дэвшүүлж, жил бүр дотоодын нийт бүтээгдэхүүний 1-ээс багагүй хэмжээний хөрөнгийг цөлжилт, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд зарцуулахаар шийдвэрлэсэн тухай танилцуулж, энэхүү санаачлагыг “Олон улсын хөрсний доройтлыг тэглэх зорилт”-той уялдуулан хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтолтой тэмцэхэд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенци, түүний механизмуудын дэмжлэг чухал байгааг уулзалтын үеэр онцоллоо.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга И.Тио Ерөнхийлөгчийн санаачлагыг сайшаан дэмжиж, конвенцийн нарийн бичгийн даргын газраас дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.
Уулзалтаар талууд цөлжилттэй тэмцэх асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.