Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутамд нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих, шаардлагатай бол УИХ-ын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хороо өнөөдөр /2021.11.02/ хуралдаж, Улсын онцгой комиссын дарга, Монгол Улсын шадар сайд С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболдын мэдээллийг сонслоо.
Шадар сайд С.Амарсайхан "Монгол Улсад коронавируст халдвараар 2021 оны арвандүгээр сарын 01-ний өдрийн байдлаар нийт 592.994 хүн өвчилсөн бөгөөд зөөвөрлөгдсөн халдвар 666 дотоодын халдвар 592.328 бүртгэгджээ.
Коронавируст халдвараар өвчилж эдгэрсэн 577.294 иргэн, клиникт хэвтэн эмчлүүлж буй 16.451 иргэн буй бөгөөд нийслэлд 6240 (37.9%), орон нутагт 10.211 (62.1%), дээрх иргэдээс биеийн байдал нь хөнгөн 7577, хүндэвтэр 6456, хүнд 2058, нэн хүнд 360 иргэн байна.
Улсын онцгой комиссын дэргэдэх эрдэмтэн судлаачдын тооцооллоор халдварын дэгдэлтийн оргил үе 2021 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын эхэн үед таарсан байна. Тооцооллоор халдварын тохиолдол аажмаар буурах төлөвтэй байгаа бөгөөд шинэ вариант орж ирэх зэрэг гэнэтийн хүчин зүйл нөлөөлөхгүй бол огцом өсөлт гарахгүй. Харин хөдөлгөөний эрчим өндөр байгаа тул буурах хурд удаан байна гэж тооцож байна" гэлээ.
2021 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн иргэдийн 104.0 хувь нь нэгдүгээр тунд, 98.9 хувь нь хоёрдугаар тунд, орон нутагт 88.7 хувь нь нэгдүгээр тунд, 84.0 хувь нь хоёрдугаар тунд тус тус хамрагдсан байна. Улсын хэмжээнд нийт хүн амын 69.3 хувь нь нэгдүгээр тунд, 65.8 хувь нь хоёрдугаар хамрагдсан. Харин вакцины нэмэлт 3-р тунд 418.024 хүн буюу 21 хувь нь хамрагджээ.
Хүндрэл, нас баралтаас сэргийлэх чиглэлээр ЭМЯ холбогдох мэргэжлийн байгууллагууд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна хэмээн Шадар сайд мэдээллээ. Үүнд:
Цаг үеийн нөхцөл байдал, коронавирусын эмчилгээнд шинээр нэвтэрч буй эм, тариа, эмчилгээний арга барил зэргээс хамаарч эмнэлзүйн удирдамжид нийт 10 удаагийн өөрчлөлт оруулж баталсан.
Уушги судлал, эрчимт эмчилгээ, эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ, хүүхэд, эх барих, эмэгтэйчүүдийн эрчимт эмчилгээ чиглэлээр нарийн мэргэшсэн эмч нараас бүрдсэн эмнэлзүйн зөвлөх баг, дүүрэг, орон нутгийн эмнэлэгүүд зөвлөн тусалж байна.
Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, тасалдал үүсэхээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Түүнчлэн өвчний хүндрэлийн үед эмчилгээнд шаардлагатай Ремдисивир, Тоцилизумаб зэрэг эм, тариаг татан авах, нөөцийг бүрдүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Батлагдсан тохиолдлуудыг эрэмбэлэн ангилж, хүнд, хүндэвтэр, хүндрэх эрсдэлтэй бүлгийг нэн яаралтай эмнэлэгт хэвтүүлэх ор зохицуулалтын багийг ЭМС-ын тушаалаар байгуулан ажиллаж байна.
БНХАУ-ын Эрээн өртөөнөөс 60 вагон жимс, нарийн ногоо ачих ажлыг зохион байгуулах юм байна.
Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах: Монгол Улсын Засгийн газар Дэлхийн Банкны санхүүжилтээр эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, цар тахал, халдварт өвчний дэгдэлтийн үед авах хариу арга хэмжээ, бэлэн байдлыг сайжруулах зорилгын хүрээнд /Вакцин биобэлдмэлийн үндэсний төв/ агуулахын шинэ барилгыг 3 сарын хугацаанд барьж, 2021 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ашиглалтад орууллаа гэлээ. Энэхүү байгууламж нь нийт 1,686 м2 талбайтай бөгөөд хөргөх өрөө, хөлдөөгч, хуурай агуулахтай, өдөрт 100 кг хуурай мөс үйлдвэрлэх хүчин чадал бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, олон улсын стандартын шаардлагад нийцсэн, аюулгүй ажиллагааг бүрэн хангасан цогц бүтээн байгуулалт болсон байна.
Түүнчлэн 2010 оноос үйл ажиллагааг нь зогсоож, улмаар 2016 онд татан буулгасан байсан “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийг сэргээж, Засгийн газар, Шадар сайдын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлснээр монголчууд дотооддоо цар тахлын эсрэг иммуноглобулин үйлдвэрлэх боломж нээгджээ.
Коронавирусийн цар тахлын үед вирусийг дарангуйлах, үрэвслийн хариу урвалыг зогсоох үйлдэлтэй эсрэг биеийг бэлнээр нь шууд бие махбодид оруулж урьдчилан сэргийлж, эмчлэх аргыг ДЭМБ-аас эмнэл зүйн удирдамжиндаа тусган дэлхий нийтэд хэрэгжүүлж эхэлсэн. Иммуноглобулин гэж нэрлэгддэг уургийн бэлдмэлийг хүндэвтэр шатны эмчилгээнд өндөр тунгаар эрт үед хийхэд Ковид-19-ийн халдварын эдгэрэлтийг хурдасган, хүндрэлээс маш сайн сэргийлдэг нь батлагдсан гэсэн мэдээллийг өгсөн.
Хилийн Шивээхүрэн боомтод чингэлэг тээврийн терминал байгуулах ажилд 9 аж ахуй нэгжийн 23 нэгж техник, 80 ажилтан ажиллаж байгаа аж. Газар шорооны ажил 90 хувьтай, хашаа өргөтгөх ажил 80 хувьтай нийт ажлын гүйцэтгэл 39 хувьтай , рентген төхөөрөмжийн ажил, 88 хувьтай, ариутгалын цэгийн ажлын гүйцэтгэл 77 хувьтай явагдаж буй юм байна.
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын үед Гашуунсухайт хилийн боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийг удирдлага зохицуулалтаар хангах, тээвэрлэлтийн үйл ажиллагаанд оролцож буй аж ахуйн нэгж, иргэний халдвар хамгааллын дэглэм сахиулах, урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохион байгуулах зорилгоор Улсын онцгой комисс, Боомтын бүрэн эрхт захиргаанаас тогтмол шуурхай бүлгүүд томилогдон ажиллаж байна.
Монгол Улсын Шадар сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалаар Гашуунсухайт боомтоор уул уурхайн экспортын тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохицуулах түр журмыг батлан хэрэгжүүлж эхэлсэн" гэлээ.