2019 онд коронавирусийн халдвар гарч бүтэн хоёр жилийн нүүрийг үзлээ. Энэ хугацаанд манай улсын боловсролын салбар тэр дундаа ирээдүй болсон бяцхан жаалуудын хоцрогдол дээд цэгтээ хүрчээ. Тодруулбал, 2019-2020, 2020-2021 оны хичээлийн жилийг бүтэн өнжиж, сургууль, цэцэрлэг хоёр жил карантилсан. Энэ хугацаанд хүүхдүүдийн сурч, боловсрох эрх хангалттай зөрчигдөж боловсролын хоцрогдолд ороод буй.
2021 оны арваннэгдүгээр сарын 01-ний УОК, НОК-ын хуралдааны үеэр Монгол Улсын Ерөнхий сайд хүртэл "Цар тахлын үеийнхэн гэж хэлж болохуйц боловсролын завсардсан нэг үеийг бий болгох хэмжээнд хичээл сургуулийг тасалдууллаа" хэмээн ярьж байсан юм.
Харин энэ намар сургууль, цэцэрлэгийг эхлүүлсэн ч цахим, танхимын хичээл ээлжилж буй. Түүнчлэн халдварт өртөх эрсдэлтэй гэх нэрийдлээр хоёр, гурван настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байх шийдвэр гаргасан юм.
Үүний уршгаар сургуулийн өмнөх боловсрол олж авах ёстой хүүхдүүд хохирч, гэртээ зурагт үзэж, аав ээжийнхээ утсыг үзэж өдрийг өнгөрөөж байна.
"Ажил хөдөлмөр эрхлэх гэхээр хүүхэд харах хүн олдохгүй байна"
Хоёр гурван настай хүүхдүүд аливаа зүйлийг хүлээж авахдаа түргэн шуурхай хэрсүү байдаг. Тиймээс ч багаас нь үг цээжлүүлэх наанадаж л бал, харандаатай ноцолдож гар нь зүгширчихсэн сургаальд ордог. Гэтэл сурч боловсрох эрхээ хязгаарлуулсан хүүхдүүд гэртээ нүдээ хөхөртөл зурагт үзэж, хөдөлгөөнгүй суусаар таргалахаас авхуулаад олон сөрөг үр дагаврууд илэрч байгаа гэдгийг эцэг эхчүүд хэлж байна.
Энэ жил хоёр, гурван настнаа гэртээ харж суугаа У.Долгорсүрэнтэй холбогдож нөхцөл байдал ямар байгаа талаар тодрууллаа. Тэрбээр, "Ажил ч хийдэггүй ангайтал гэртээ хүүхдээ хараад суудаг л ажилтай болсон. Манай хоёр гэж нүдээ хөхөртөл утас ширтсэн, зурагт гөлөрсөн л юм боллоо. Яг өөрөө юм заая гэхээр арга барилыг нь бүрэн олж сургаж чадахгүй юм. Боловсролын сайд анхаарлаа хандуулах хэрэгтэй байх аа. Дээр нь юмны үнэ өсөөд байхад гэрээс нэг нь л ажилтай байна гэхээр хэцүү байна шүү дээ. Ажил хөдөлмөр эрхлэх гэхээр хүүхэд харах хүн байхгүй. Цэцэрлэгт хамруулъя гэхээр коронавирусээс болоод хүүхдийг нь авах цэцэрлэггүй болчихлоо. Энэ асуудлыг шийдэж, залуу гэр бүлийг ажилтай төрөлтэй болгомоор байна" хэмээсэн юм.
2.3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамрагдуулахгүй байгаагаас болж "Тавиул" хүүхдүүдийн тоо нэмэгджээ
Зарим боломжтой эцэг эхчүүд нь аргаа барахдаа хүүхдүүдээ эмээ өвөө рүү нь явуулж байна. Гэтэл бяцхан жаалууд эцэг эхээ санахаас гадна хөгжсөн зүйлгүй болчихож байна. Байнгын утас, зурагт үзнэ. Хэл ярианы хувьд хөгжил муутай, үеийнхэнтэйгээ тоглож чадахгүй л өдрийг өнгөрөөж байгаа талаар эмээ өвөө нар нь онцоллоо.
Бид орон нутагт байх ач зээгээ харж буй н.Төмөрбаттай холбогдоход " Эмгэн бид хоёр, гурав хүрч байгаа зээгээ харж байгаа юм. Аав ээж нь хотод ажилтай. Эхлээд ирээд уйлагнаад хэдэн шөнө л нойргүй хоносон. Орондоо шээгээд ёстой хөгөлсөн. Уул нь тэр цэцэрлэг номдоо хамрагдвал дээр байх даа. Миний хувьд газар зүйн багш байсан хүн. Хүүхдэд юм заавал заачихаар л даа. Даан ч нялх юманд заана гэхээр болж өгөхгүй. Уул нь тэр цэцэрлэгийн багш нь заавал дээр байхгүй юу" хэмээсэн юм.
"2-3 настнуудын асуудалд албаны эх сурвалжууд ямар байр суурь илэрхийлэв"
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, "2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах эсэх эрсдлийн үнэлгээг байнга хийж байгаа. Есдүгээр сараас хойш эрсдэл буурахгүй байна. Хоёрдугаарт, гуравдугаар тунгийн вакцинжуулалт хангалтгүй байгаа. Түүнчлэн 5-11 насны хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах ЭМЯ-ны шийдвэрийг бид хүлээж байна. Ингэснээр халдварын тархалт буурна. Тиймээс эдгээр нөхцөл байдлын улмаас 11 сард багтааж 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжгүй байна гэж үзэж байгаа. Гэхдээ Засгийн газарт танилцуулна. Боловсролын байгууллагад хүүхдийн халдвар цөөнгүй бий" хэмээсэн юм.
БШУЯ-ны дэд сайд Г.Ганбаяр "Сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа хүүхдүүдэд энэ жил насны хязгаар тогтоосон. Гэвч энэ нь зарим эцэг, эхчүүдэд хөдөлмөр эрхлэх, гэртээ үлдэж буй хүүхдүүдийн аюулгүй байдал талаас хүндрэл, эрсдлийг үүсгэж байгаа тул сүүлийн хоёр сарын хугацаанд уг асуудлыг нэлээн эрчимтэй тавьж байгаа. БШУЯ хамаарч дангаараа шийдвэр гаргаж чадахгүй байна. Хоёр настай хүүхдүүд уламжлалт вакцинууддаа хамрагдаад байгалийн дархлаа нь тогтож амжаагүй байна. Мэргэжлийн эрдэмтдийн зөвлөл нь өөрөө 2-3 настнуудыг эрсдэл өндөртэй, дельта хувилбараар өвчилбөл гэдэсний суулгалт өвчин хавтгайрах эрсдэлтэй гэж дүгнээд байгаа учраас ЭМЯ, УОК-ын шийдвэрийг хараад л сууж байгаа.
Боловсролын байгууллагуудын зүгээс анги дүүргэлтээ тодорхой тоотой хязгаарлавал 2-3 настнуудыг хамруулах боломжтой гэх саналыг хэлж байгаа юм. Тухайлбал, хувийн хэвшлийн цэцэрлэгүүд тодорхой бүлэг тооны хязгаарлалттайгаар хүүхдүүдийг авья гэсэн зүйлийг удаа дараа хэлсэн. Гэхдээ энэ нь өвчин, цар тахалтай холбоотой асуудал учраас шууд чиглэл өгөх боломжгүй байна"
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан, "2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй гэх зөвлөмжөө УОК-т хүргүүлсэн"
ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан "2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах нь эрсдэлтэй гэх зөвлөмжөө УОК-т хүргүүлсэн" гэв.
"Зарим эцэг эхчүүд хүүхдээ ажилдаа авч явдаг. Энэ нь халдвар авах эрсдэл ялгаагүй өндөр болж байгаа гэдгийг хэлж байна"
Энэ асуудлаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн цахим хуудсанд ирсэн эцэг эхчүүдийн гомдлыг харахад дийлэнх нь бухимдалтай байгаагаа илэрхийлээд байсан юм.
Жишээлбэл, долоон настай нэг хүүхэд нь хичээлдээ яваад хоёр настай дүү нь гэртээ байх нь ямар ч чанарын ялгаагүй гэдгийг онцолж байна. Зарим аргаа барсан эцэг эхчүүд хүүхдээ ажилдаа авч явдаг талаараа ч хэлсэн юм.
Мөн өөр нэгэн ээжийн хувьд "3 настай хүүхдээ цэцэрлэгт өгмөөр байна аа. 3 настнуудад халдаад 4 настнуудад халддаггүй өвчин гэж юу байх вэ, адилхан л хүүхэд. Гэртээ байсаар зэрлэгшиж дууслаа. Утас дэлгэцийн хамааралтай л хүүхдүүд болж байна" гэлээ. Энэ мэт олон ч эцэн эхчүүд бухимдалтай байгаагаа илэрснийг доор орууллаа.
"Төрийн байгууллагуудын уялдаа холбоогүй шийдвэр, салбарын сайдын дүлэгнэсэн байдлаас болж хүүхдүүд болон гэр бүл хохирох ёсгүй"
Нөгөөтэйгүүр, 2-3 настнуудын асуудалд салбар яамдууд өөр хоорондоо уялдаа холбоогүй, бие бие рүүгээ чихэх байдал үргэлжилсээр өнөөдрийг хүрлээ.
Өмнө нь Л.Энх-Амгалан сайдын хэлснээр бол "эрсдлийн үнэлгээ хийсний дүнд 11 дүгээр сараас эхлэн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжтой болно" гэсэн хэдий ч өнөөдөр нөгөөх асуудал бахь байдагтаа л байна. "Шалавхан" энэ асуудалд анхаарал хандуулж, хэлсэн ярьсандаа хүрэхгүй бол олон ч айл өрх сөхөрч, дэлгэцийн хамаарал, таргалалттай хүүхдүүд толгойтой үснээс их болох нь ээ. Байнга "яншуулсаар дөжирсөн толгой" шиг хандах цаг одоо дуусгавар болж буй гэдгийг олон ч эцэг хэлэх биз ээ.
С.Сувдансондор