Төрсөн эцэгтээ хүчирхийлүүлсэн гэх хоёр настай охины хэргийг цагдаагийн байгууллагаас гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн хаасанд олон нийт ихэд бухимдаж байна. Мөн охин хүчирхийлэлд өртсөнийхөө дараа "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвд байрлахдаа тус төвийн багшид хүчирхийлүүлсэн гэж охины ээж Ш.Булганням мэдээлсэн юм.
Тэрбээр "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвийн Ч.Ганжавхланд хандаж хэлэхэд “Чиний тэр Ид шидийн оронд чинь миний охин хүчирхийлэлд өртсөн. Чиний н.Аззаяа гэдэг багш чинь миний охиныг хүчирхийлсэн. Охины минь энэ талаарх яриа ч байгаа. Тухайн үед Ч.Ганжавхланд явуулж байсан. Охин маань "Ид шидийн орон" хүүхэд хамгааллын төвд 12 хоног байсан. Ирэхдээ нүднээс гарчихсан байсан. Тэнд миний охин сэтгэл санаа болон биеийн хүчирхийлэлд өртсөн" гэсэн юм.
Харин "Ид шидийн орон" Хүүхэд хамгааллын төвийн тэргүүн У.Ганбаяр "Бид хүний эрхийн чиглэлээр ажилладаг байгууллага. Үргэлж л өөрсдөөсөө алдааг хайж, засч залруулах гэж бид хангалттай хичээж яваа. Харин энэ бол хэрээс хэтэрсэн хүлцэж, тэвчиж болох зүйл ерөөс биш ээ. Энэ гүтгэлгийг бид хангалттай тэвчиж ирсэн. Бид энэ эмэгтэйд туслах гэж хэд хэдэн удаа хичээл зүтгэл гаргасан. Шүүх шударга бус байгаа бол хүсэлтээ өгөөд Хүчирхийллийн эсрэг үндэсний төвд очоод өмгөөлөгчөө сонгочих оо. Бид өмгөөллийн зардлыг нь гаргая гэж санал тавьсан. "Та хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаарах хэрэгтэй шүү. Хөөрхөн зүрх болон Монгол өрх рүү хандах ёстой шүү" гэж хэд хэдэн удаа чиглүүлэг өгөөд туслах боломжоо хангалттай нээлттэй хэлсэн. Хүүхдийнхээ сэтгэл зүйд анхаар гэсэн ч одоог хүртэл анхаараагүй. Бид нүүрэлдэж уулзсан. Учир байдлаа, практик дээр хэрхэн ажилладагаа ч тайлбарлаж хэлсэн. Утсаар хэд хэдэн удаа холбогдож асуудлыг шийдвэрлэх гэж ч үзсэн. Бид тэр хүнийг ойлгох гэж хичээсэн. Бурууг тэр хүнд өгөхийг ч хүсээгүй. Асуудалд ултай хандах гэж ч оролдсон. Гэхдээ тэр хүнээс хичээл зүтгэл гараагүй. Үнэхээр хүүхдийнхээ төлөө явсан бол энэ боломжийг ашиглах л байсан. Харамсалтай нь энэ хэргийн үйл явцыг нэг ч сэтгүүлч олон талаас нь сурвалжилсангүй.
2 настай хүүхдийн хохирол, шүүхийн процессыг хэн ч сурвалжилсангүй. Тэр сенсацилаад байгаа сайтуудаас нэг ч сэтгүүлч шүүхийн процессыг сурвалжлаагүй. Манайхаас хэн ирж тодруулга аваагүй. Сенсаци нийтлэхээс илүүтэй асуудалд бодитой хандаад, олон талын эх сурвалжтай ханддаг сэтгүүл зүй байна уу. Бид залуу үе. Нийгмээ өөрчлөхийг, засахыг сайжруулахыг хичээж яваа үе. Гэхдээ бидэнд хэзээ ч баримталж буй үнэт зүйл дээрээ гишгэлдэг арчаагүй зантай хүн байхгүй гэдгийг ам бардам хэлчихье.
Хүний төлөө сэтгэлийн мухарт буй бүх дулаанаа зориулж яваа хүчтэй хамт олон. Бид тоохгүй орхиж болохгүй ч энэ мэт явуургүй гүтгэлгийг таслан зогсоох нь зүйтэй. Хүчирхийлэл гэх үгний цаад нарийн учраа ч мэдэхгүй энэ мэт сайтуудад хэн хариуцлага тооцох ёстой тэр хүртэл нь явна. Бид шүүхэд хүсэлтээ өгнө өө. Уучлаарай бүх зүйл сошиалаар шийдэгддэггүй юм. Хэлсэн үг, хийсэн үйлдэлдээ эзэн болох л чухал. Бид шүүхийн журмаар бүх асуудлаа шийдвэрлүүлэх болно.
Бид ээжийг ойлгох гэж үнэхээр хичээсэн. Эх хүний сэтгэл, сэтгэл зүйн асуудал гээд олон зүйлийг бодолцсон, тэвчсэн. Гэхдээ энэ удаад үнэхээр тэвчиж боломгүй үгс ашиглав. Хүчирхийллийг таслан зогсоохын төлөө харамгүй сэтгэлээ зориулж байгаа хамгааллын багтаа хөндлөнгийн мониторинг ч оруулж үзсэн. Бид чадах бүх сэтгэлээ гаргахыг хүссэн харамсалтай нь хүлээж аваагүй" хэмээн цахим орчинд байр сууриа илэрхийлсэн юм.
Тус төвийн санаачлагч Ч.Ганжавхлан "Энэ ийм биш ш дээ, та нар бас юмыг олон талын эх сурвалжтай харьцуулж харж бай л даа. Удаа дараагийн улаам цайм гүтгэлэгт өртөж байна даа. Одоо яахав сайн муу нь цуг явдаг юм байгааз ... Зөндөө л тайлбар өглөө, уулзаж нүүрэлдүүллээ, дотоод аудит оруулж шалгуулж хүртэл үзлээ, цагдаа юмаар ч бас тодрууллаа арай бас ингэж болохгүй байх аа" хэмээн байр сууриа илэрхийлсэн байдаг.
Харин энэ хэргийн талаар цагдаагийн байгууллага өнөөдөр мэдээлэл хийхдээ "Хүүхэд хамгаалах байранд гэмт хэргийн шинжтэй асуудал болсон эсэх нь шалгагдаагүй" гэсэн юм.