Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэмтдийн зөвлөл О.Батбаяр: МЮ хувилбар дельта хувилбараас илүү хорвуу байж чадахгүй, мөн зэрэгцэж давлагаа үүсгэх боломжгүй

Ангилал
COVID-19 Ярилцлага
Огноо
Унших
13 минут 7 секунд

Монгол Улсад коронавирусийн МЮ хувилбар арванхоёрдугаар сард дэгдэх тооцоолол гаргасан талаар УОК-оос мэдээлсэн. Тэгвэл МЮ болон дельта хувилбарын тархалт, III тунгийн дархлаажуулалт болон бусад цаг үеийн сэдвээр УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяртай ярилцлаа.

-Дельта хувилбарын тархалтын нөхцөл байдлын талаар яриагаа эхлүүлье?

-9, 10 дугаар саруудад манай улс дельта хувилбарт өртлөө. Дельта хувилбарын тархалт дэлхий нийтээр вакцины үр нөлөө буурч байх үетэй давхацсан. Астра зенека, Файзер зэрэг вакцинуудын үр нөлөө 4-5 дахь сар дээрээ 50-аас 40 хувь болж буурч байна гэх судалгаа гарсан. Манай улсын хувьд 5-6 дугаар саруудад хүн амаа II тунд хамруулсан. Өөрөөр хэлбэл, вакцины үр нөлөө буурч байх үед дельта дотоодод тархаж эхэлсэн.

Бид цар тахалтай дасан зохицох байдлаар тэмцэж байгаа улс орон гэж хэлж болохуйц юм. Дельта хувилбарын давлагаанд өртсөн улс орон бүр хэд хэдэн зарчмыг барьж байсан. Нэгдүгээрт, амны хаалтын хэрэглээг шинэ түвшинд гаргах. Хоёрдугаарт, вакцины III тунд иргэдээ хамруулах.

Зарим улс оронд 60-аас дээш насны хүн ам, тэдэнтэй цуг амьдарч буй иргэдээ нэмэлт тунд нь хамруулж байсан. Харин манай улсын хувьд 18-аас дээш насны бүх иргэдээ нэмэлт тунд хамруулж байгаа. Энэ бол манай улсын дельтагийн үеийн чухал стратеги юм.

-Манай улс 12-17 насны хүүхдүүдээ ковид19-ийн эсрэг дархлаажуулалтад хамруулсан. Тэгвэл эдгээр хүүхдүүдийг III тунд хамрагдах боломжтой байгаа юу?

-Нэмэлт тунгаас гадна 12-17 хүртэлх насны хүүхдүүдийг вакцин хамруулах ажлыг манай улс хийлээ. Тиймдээ ч 12-17 насны хүүхдүүдийн өвчлөл бага хэмжээнд байгаа. 12-17 насны хүүхдүүдийг III тунд хамруулахгүй. Энэ насны хүүхдүүдийн байгалийн дархлаа илүү сайн байдаг учраас бүүстер тунд хамруулах тактикийг барихгүй байгаа юм.

-III тунгийн дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх сул байгаа талаар албаныхан мэдээлсээр байна. Магадгүй иргэдийн дунд дельтагийн хувилбараас өөрийг нь III тун хамгаалж чадах эсэхэд эргэлзэх болгоомжлол байгаатай холбоотой болов уу?

-Бүүстер тунг хийж буй хэд хэдэн шалтгаан бий. Хөл хорио тогтоохгүй байх, боловсролын байгууллага болон бусад бизнес эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагааг зогсоохгүй хэвийн үргэлжлүүлэхийн тулд нэмэлт тунг хийж байгаа тул иргэд олон нийтийн дэмжлэг маш чухал.

Иргэд олон нийт III тун үр дүн өгөх эсэхэд болгоомжлолыг бий болгож байсан. Израиль улс хүн амынхаа 30 орчим хувийг III тунд хамруулахад халдварын тохиолдлын тоог 80 хувиар бууруулсан.

Дельта хувилбарын эсрэг хамгийн гол зэвсэг нь III тун. Манай улсын хувьд нэмэлт тунд хамрагдаад 14 хоног өнгөрсөн иргэдийн дунд судалгаа хийж үзэхэд 0.1 хувь нь л халдварт өртсөн байгаа юм. Тэгэхээр III тун халдвараас сэргийлж чадаж байгаа гэдэгт итгэж болно.

Хоёрдугаарт, 0.1 хувийг эзэлж буй өвчлөл нь маш хөнгөн өвдсөн. Гуравдугаарт, Эрдэнэт, Оюу-Толгой, Хасбанк зэрэг байгууллагууд ажилчдынхаа 50-70 хувийг вакцины бүүстер тунд хамруулахад өмнөх сартай харьцуулахад тохиолдлын тоо нь 10-20 дахин буурсан жишээг бид харж болохоор байгаа юм. Бид үүнээс Израильд гэлтгүй манай улсад вакцины III тун үр дүнтэй байна.

"Тандалт хийсэн сорьцуудад МЮ хувилбар илрээгүй"

-МЮ хувилбарын талаар мэдээлэл өгөхгүй юу. Эрдэмтдийн зөвлөлөөс Монголд коронавирусийн МЮ хувилбар 12 дугаар сард дэгдэх тооцоолол гаргасан талаар УОК-оос мэдээлсэн. МЮ хувилбарын тархалтын талаар эрдэмтэд яг ямар тооцоолол, судалгааг гаргав?

-МЮ хувилбарын талаар ДЭМБ-аас есдүгээр сарын сүүлээр гишүүн орнууддаа хүргүүлсэн. Уг хувилбар нь дэлхийн 40 гаруй оронд тархсан, вакцины үр нөлөөнөөс дайжих, үр нөлөөг бууруулах эрсдэлтэй, халдварлах чадвар өндөртэй, дараагийн шатанд дельта хувилбартай хавсарсан хэлбэрээр тархах эрсдэлтэй гэх мэт мэдээлэл гарч байсан. Энэ мэдээллүүд нь батлагдахгүй гэх дүгнэлтэд эрдэмтэн судлаачид хүрч байна. Учир нь дельта хувилбартай хавсрах аль эсвэл дельтагаас давамгайлах байдлаар МЮ хувилбар аль ч улс орнуудад тохиолдсонгүй.

Тэгэхээр МЮ хувилбар нь дельтагаас илүү хорвуу чанартай хувилбар байж чадахгүй гэсэн үг. МЮ хувилбарын аюул заналыг тийм ч аюултай гэж харахгүй байна. Дельта хувилбар бол маш өндөр халдварлах чадвартай хувилбар. Өөрөөр хэлбэл, дельта хувилбараас халдварлах чадварын хувьд илүү аюултай мутаци магадлал бага гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Иргэдээ III тунд идэвхтэй хамруулж чадвал амьдралын хэвийн горимдоо богино хугацаанд шилжих боломжтой хэмээн харж байгаа юм.

-Тэгвэл МЮ хувилбар нь дотоодод бүртгэгдсэн ч дельтатай адил хэмжээнд хүчтэй давлагаа үүсгэхээр мутаци биш гэсэн үг үү?

-МЮ хувилбарын улс орнуудад тархах эрсдэлтэй гэсэн үүднээс хийсэн судалгаа. Одоо МЮ хувилбар дельта хувилбараас давамгайлах буюу зэрэгцэж давлагаа үүсгэх боломжгүй гэдгийг нотолчихлоо шүү дээ. Тэгэхээр үүнд санаа зовох шаардлага байхгүй.

Өөрөөр хэлбэл, олон улсад мутаци хувилбаруудыг анхаарал татах болон сонирхол татах хэмээн хоёр хувааж байгаа юм. Сонирхол татах хувилбарт МЮ хувилбар байсан. Анхаарал татах буюу аюултай хувилбар руу МЮ шилжээгүй. Тэгэхээр аюултай хувилбарууд дунд дельтагаас илүү аюул заналтай мутаци байхгүй.

-Дельта хувилбарын мутаци илрүүлэх шинжилгээг дотооддоо ПСР-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээгээр илрүүлж байсан. Тэгвэл МЮ мутацийг илрүүлэх шинжилгээг дотооддоо хийж байгаа юу. Ер нь манай улсад МЮ хувилбар бүртгэгдсэн үү?

-Манай улс дотооддоо эерэг илэрч буй сорьцуудад түүврийн аргаар ПСР-т суурилсан мутаци илрүүлэх шинжилгээг дотооддоо хийдэг. Генийн дарааллыг тогтоох судалгааг лаборатори удахгүй ашиглалтад орно. Тэр хүртэл бид сорьцоо АНУ, Япон Халдварт өвчин, харшлын төвүүдэд явуулж шинжлүүлж байгаа.

Одоогоор түүврийн аргаар сорьцуудад хийсэн шинжилгээнд МЮ хувилбар илрээгүй. Сардаа 1-2 удаа тогтмол мутаци илрүүлэх шинжилгээнд сорьцуудаа явуулж байна.

-III тунгийн дархлаажуулалт хэдэн хувьд хүрвэл халдварын тохиолдол буурах боломжтой вэ?

-Хүн амын 30 хувь нь III тунд хамрагдахад халдварын тохиолдлын тоо 80 хувь руу буурах тооцоолол бий. Монголд ч үүний жишээ дүр зургууд харагдаж байна шүү дээ. Тэгэхээр гуравдугаар тундаа иргэд идэвхтэй хамрагдах шаардлагатай.

-Хүйтэн сэрүүний улирал эхэлж буйтай холбогдуулан иргэдийн дунд мутаци хувилбар болон томуу, томуу төст өвчинтэй холилдож тархах эрсдэлтэй гэх болгоомжлол байгаа?

-Томуу 14 орчим хувиар нэмэгдсэн гэх тооцооллыг ХӨСҮТ-өөс гаргасан. Гэхдээ иргэд амны хаалт тогтмол зүүж байгаатай холбоотойгоор иргэдийн томуу, томуу төст өвчинд өртөх байдал хүндрээгүй. Амны хаалт хэрэглэх нь тухайн иргэнийг томуу, томуу төст өвчнөөс гадна ковид19-ийн халдвараас хамгаалж буй алхам болж байна.

"Альфа хувилбараар өвдөөд эдгэрсний дараа тогтсон дархлаа хангалттай биш"

-Нэгдсэн шуурхай штабаас 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах эсэхийг эрсдлийн үнэлгээ хийсний дүнд шийдвэрлэнэ хэмээн мэдээлсэн. Зарим холбогдох албаныхан халдварын тархалтмөн тухайн насны хүүхдүүд томууд өртөмхий байдаг тул цэцэрлэгт хамруулах байр суурийг илэрхийлээгүй гэж байна. Ер нь 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах боломжтой эсэх дээр хийсэн судалгаа, тооцоолол бий болов уу?

-Энэ тал дээр ЭМЯ-ны холбогдох албаныхан мэдээлэл өгсөн байх. Миний бодлоор 2-3 настнууд бусад улс орнуудын жишгийн адилаар цэцэрлэгт хамрагдах боломжтой гэж харж байгаа. Амны хаалтаа зүүж, халдвар хамгааллын дэглэмээ баримтлах тохиолдолд боломжтой болов уу. Би энэ талын багт орж ажиллаагүй тул тодорхой мэдээлэл байхгүй байна.

-Боловсролын байгууллагын асуудал 2-3 настнуудаар дуусахгүй. Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтыг зайн, танхим хосолж байгаа нь үр дүнгүй байгааг эцэг, эхчүүд илэрхийлж байгаа юм. Ер нь Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын хичээлийг танхимаар хэвийн явуулах боломж бий юу?

-Багш, боловсролын байгууллагын ажилчид III тунд хамрагдсан. Би хувьдаа, хүүхдүүд амны хаалтаа зүүж, халдвар хамгааллаа сахихад хичээл сургалтын хэвийн горимд шилжих боломжтой гэж харж байгаа.

-Өнгөрөгч наймдугаар сард орон нутагт Монгол улсад хэрэглэхийг зөвшөөрөөгүй түргэвчилсэн оношлуурыг хэрэглэж байсан талаар та мэдээлсэн. Тэгэхээр орон нутагт түргэвчилсэн оношлуураас шалтгаалан эрсдэл ч бий болсон байхыг үгүйсгэхгүй болж таарлаа?

-Түргэвчилсэн оношлуур нь өөрөө халдвартай хүнийг халдваргүй хэмээн буруу оношлох эрсдэлтэй. Эм эмнэлгийн хэрэгслийг зохицуулах газар болон ХӨСҮТ-өөс хамтран Монгол Улсад хэрэглэхийг зөвшөөрсөн найман оношлуурын жагсаалтыг гаргасан. Чанаргүй оношлуур орж ирсэн тохиолдол маш их гарсан. Одоо ч чанаргүй оношлуурыг хууль бусаар оруулж ирж хэрэглэж буй тохиолдол байсаар байна. Энэ нь цар тахлын маш том эрсдлийг бий болгож байгаа үзүүлэлт. Тиймдээ ч бид ПСР шинжилгээгээр баталгаажсан дүнг мэдээлж байгаа. Иймдээ ч чанартай, ДЭМБ нь зөвшөөрсөн, Монгол улсад баталгаажсан оношлуурыг хэрэглэх шаардлагатай байгаа юм.

-Халдвар авсан иргэн дахин халдварт өртөх магадлал хэр өндөр талаар мэдээлэл өгөөч?

-Монгол төдийгүй дэлхийн бусад улс орнуудад альфагаар өвдсөн хүн дельтагаар өвдөх эрсдэлтэй байна. Учир нь альфа хувилбараар өвдөөд эдгэсний дараа тогтсон дархлаа хангалттай биш.

Тиймээс л вакцинаа хийлгэ гээд байгаа хэрэг. Альфа хувилбартай харьцуулахад дельтагийн халдварлах чадвар өндөр. Зөвхөн сорьцонд аваад үзэхэд дельта альфагаас 1000 дахин илүү вирус агуулагдаж байгаа ба 48 цагийн дотор илэрч байна. Тиймдээ ч нэг өвдсөн хүн дахин халдвар авах эрсдэлтэй. Ужиг ковид буюу урт хугацааны ковид 19-ийн үед вакцин хийлгэх нь үлдэцтэй байгаа шинж тэмдгүүд нь хурдан хугацаанд арилж байна. Энэ нь өвдөөд эдгэрсэн хүний биед вирусийн үлдэц оршин тогтноод байна. Бүрэн биеэс арилахгүй байгаа юм.

-ААН-үүд 22 цагаас хойшхи цагийн хязгаарлалтын шийдвэр дээр ойлголтын зөрүүтэй яваад байх шиг байна?

-УОК, НОК-оос 22 цагаас хойш үйлчилгээний байгууллагуудыг ажилуулахгүй байх цагийн хязгаарлалтыг тогтоосон журам батлагдсан. ААН, байгууллагуудыг тус шийдвэрийг хэрэгжүүлэх ёстой.

-Ярилцсанд баярлалаа.

Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын хэлтсийн дарга асаныг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, цагдан хорьжээ
Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх ТЕГ-ын хэлтсийн дарга асаныг цагаатгасан тогтоолыг хүчингүй болгож, цагдан хорьжээ
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК дотоодын зах зээлд гаргасан этт бондын “Транч-2”-ын төлбөрийг хүүгийн хамт өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж барагдууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.