Гашуунсухайт хилийн боомтод чингэлэгт тээврийн терминал байгуулж, улсын комисст хүлээлгэн өгсөн. Тус чингэлэгт тээврийн терминал нь 24 цагийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж, өдөрт 8100 чингэлгээр тээвэр хийж, жилд 8 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй ажиллана. Терминалын ачиж буулгах тоног төхөөрөмж, техникийн хүчин чадлыг талбайн чингэлэг тээврийн эрчимтэй уялдуулан үе шаттай нэмэгдүүлснээр терминалаас экспортлох нүүрсний хэмжээ 8-19 сая тонн хүртэл өсөх боломжтой юм гэж Засгийн газраас мэдээлсэн. Гэвч тус чингэлэгийг ашиглаж нүүрс тээвэрлэж болох эсэхт БНХАУ-ын талаас хариу өгөөгүй. Учир нь тэд халдвар хамгааллын дэглэмээ сайтар мөрдөх, халдвар гаргахгүй нөхцлийг тавиад байгаа юм.
Тиймээс чингэлгийн терминалын талаар Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодруулахад "Энэ Бямба гарагт Гашуунсухайт явахдаа чингэлгийн терминалын талаар ярилцана. Хятадын талаас туршилтаар тээврээ эхлүүлье гэх саналыг ажлын хэсгийн дарга Б.Жавхлан сайдад ирүүлсэн байсан.
Чингэлгийн терминал ашиглалтад ороод тээврийг эхлүүлвэл боломжтой гэж би харж байгаа.
Хуучин уртын болон богинын тээвэр гэж байсан бол одоо гурван шатлалтай тээврийн системд орно гэсэн үг. Өөрөөр хэлбэл,
- Тавантолгойгоос Цагаан хад дээр авч ирж задгайгаар асгана.
- Цагаан хадаас богинын тээвэр чингэлэгт ачаад тернминал дээр авч ирнэ.
- Терминалаас жолооч нар ачаад БНХАУ руу гаргана.
Энэ нь халдвар хамгааллын дэглэмтэй холбоотой. Эхний байдлаар терминалын хажууд гэр кэмп байгуулж, 150-200 жолоочийг тусгаарлаад, шөнийн цагт Цагаан хадаас терминал руу, өдрийн цагт терминалаас Ганцмод руу зөөдөг гурван шатлалтай тээврийн системд орох гэж байгаа юм. Ингэж чадвал тээврийн процесс, хугацааны хувьд ахицтай" гэсэн юм.