Улс төрийн гэнэтийн бөгөөд “төлөвлөгөөт” үйл явдлаар үүрэн манай улсын улстөр энэ долоо хоногт Оюу толгойн асуудлаар “буцлах” нь тодорхой боллоо. Тодруулбал, өнгөрсөн долоо хоногт Рио Тинто компаниас Засгийн газарт хаяглаж илгээсэн тулган шаардалт бүхий захидал эрх баригчдыг ийнхүү хөдөлгөөнд оруулсан байна.
Өнгөрсөн хоёр хоногийг ажиглавал Оюу толгойн асуудал нэлээд өндрийг авах бололтой нь хоёр фактаар илэрхий харагдаж байгаа юм. Эхнийх нь өнгөрсөн даваа гарагт /2021.10.17/ болсон Ардын намын бүлгийн хурал өглөө эхлээд орой болтол Оюу толгойн асуудлыг хэлэлцсэн. Дараагийнх нь Оюу толгойн хэлэлцээрийн ажлын хэсгийг ахалж байгаа ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж нар уг асуудлыг ярихгүй, мэдэхгүй гэж хэвлэлээс дөлж байна.
Дээр нь нэмээд Ардчилсан намынхан ойрын өдрүүдэд Оюу толгойн хэлэлцээртэй холбоотой асуудлаар асуулга тавихаар бэлтгэж эхэлсэн гэх мэдээлэл байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танхимаа удирдаж эхэлсэн цагаас хойш тун зөв замаар замнаж байгаа ажил бол Оюу толгойн гэрээг шинэчлэхээр Рио Тинто компанитай хийж буй хэлэлцээр юм.
Гэвч өнгөрсөн наймдугаар сард хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт манай “талд” гарч асуудал бага зэрэг нааштай эргэж байв. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг 2015 онд Дубайд очиж зурсан гүний уурхай санхүүжилт, бүтээн байгуулалтын төлөвлөгөөний дагуу гүний уурхай 2021 оны 1 дүгээр сард ашиглалтад орох ёстой байсан. Гэвч Рио Тинто геотехникийн асуудлаас болж зардлыг 1.4 тэрбум ам.доллароор өсгөж, хугацааг 22 сараар хойшлуулан ТЭЗҮ-г дахин батлах болсон юм. Тэгвэл сая гарсан шинжээчдийн дүгнэлтээр гүний уурхай бүтээн байгуулалт хойшилсон шалтгааныг геотехникийн асуудалтай холбоогүй гэж дүгнэсэн билээ. Уг дүгнэлт гүний уурхайн бүтээн байгуулалтаа хойшлуулж, зардлаа өсгөсөн Рио Тинтогийн тайлбартай таг зөрсөн юм.
Дээр нь уг дүгнэлт Арбитрын шүүх дээр өрнөж буй татварын маргаанд эерэг оноо болж магадгүй гэж манайхан битүүхэн горьдсон. Хариуд нь Риогийн тал наймдугаар сарын сүүлээр Засгийн газарт тохиролцох саналаа илэрхийлэв. Тодруулбал, Б.Болд болон Тибо нар Засгийн газарт хүргүүлсэн бичигтээ ирэх гурван жилийн хугацаанд татварын болон рояалти төлбөрөөс гадна 350 сая ам.долларын төлбөр санал болгосноос хойш Оюу толгойн гэрээний шинэчлэлийн асуудал түр “стоп” горимд шилжсэн билээ.
Гэтэл өнөөдөр Рио Тинто зардлын хэтрэлт болон гүний уурхайн хойшилсон нөхцөл зэргийг хүлээн зөвшөөрөхгүй бол дэлхийн хэмжээний төслөөс гарна гэдэг “бойкот”-ыг үзүүлж эхэлжээ. Хэрвээ Засгийн газар уг асуудалд ойрын хугацаанд нааштай хариу өгөхгүй бол Оюу толгойн гэрээг засах биш зогсоох асуудал ч үүсч мэдэх хэмжээний ярвигтай асуудал үүсчээ. Гэхдээ тулган шаардалтад орсон даруйдаа гэрээний эрх зүйн байдлыг шинэчлэх ажлаа зогсооно гэдэг утгагүй. Харин өөрсдийн байр суурь, өнцгөө илүү тодорхой бөгөөд үндэслэлтэй гаргаж хэлэлцээрийг цаашид үргэлжлүүлэх нь зүйтэй.
Мөн нэмж хэлэхэд, уг хэлэлцээрт Засгийн газрыг төлөөлж орж буй ахлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар болон ЗГХЭГ-ын дэд дарга Б.Солонго нар нэн яаралтай уг асуудлаар олон нийтэд хандаж мэдээлэл хүргэх шаардлага үүсээд байгаа юм.
Л.Баяр