Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьсан. Үүнтэй холбогдуулан Тѳв банкны удирдлагууд сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өглөө.
Тухайлбал Орон сууцны найман хувийн хүүтэй ипотекийн зээлийг Цар тахлын тухай хуультай холбоотойгоор 60 хувийг нь Монголбанк эх үүсвэрээрээ санхүүжүүлж байгаа билээ. Энэхүү хөтөлбөр 2022 онд үргэлжлэх бөгөөд 2023 онд Засгийн газарт шилжүүлнэ гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээллээ.
Цар тахлын хуультай холбоотойгоор 2020 оны хоёрдугаар улирлаас ипотекийн зээлд хамрагдсан иргэдийн зээлийн төлөлтийг хойшлуулсан бөгөөд 2021 оны эцэс хүртэл хэрэгжинэ. Харин энэхүү шийдвэртэй холбоотойгоор жилд эргэн төлөлтөөр бүрддэг 300-400 тэрбум төгрөг 1.5 жил тасалдаж байгаа аж.
Орон сууцны ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд 2021 оны эхний долоон сард Монголбанк болон банкны эх үүсвэрээр нийт 554.4 тэрбум төгрөгийн зээлийг 7,470 өрхөд олгожээ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор Эдийн засгийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээр хүлээгдэж байгаа. Харин энэ удаа эдийн засгийг дэмжихдээ халамжуудыг аль болох танаж, бизнесийг дэмжих, тэр дундаа уул уурхайн бус экспортыг нэмэгдүүлэх бодлого баримтлахаа Сангийн яам, Монголбанк танилцуулаад байна.