Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МУГЖ Д.Төмөртогтох: Олон жилийн дараа “Нийслэл хүүхэн“ киноны хоёрдугаар ангид тоглолоо, кино гараагүй учир дүрийнхээ талаар ярихгүй ээ

Ангилал
Ярилцлага Ubn story
Огноо
Унших
26 минут 8 секунд

Аравдугаар сарын жихүүн салхи сэтгэл жиндээгээд байдаг энэ өдрүүдэд хайртай дотны хүнтэйгээ ч юм уу аль эсвэл нэг их сайхан хүнтэй уулзчихвал дотроосоо бүлээцдэгсэн. Сэтгэлээ бүлээцүүлэх гэж ч юм уу, сэтгүүлч болох гэж үзэг шүүрч яваагийн хувьд нэг сайхан ярилцлага хийе хэмээн сэтгэл шулуудаж МУГЖ Д.Төмөртогтох гуайтай утсаар хэд хэд ярьж Улаанбаатар хотод ирэхийг нь амдаж уулзаад ярилцсан билээ.

Түүнийг ард олон эх, эцгээс заяасан Төмөртогтох хэмээх нэрээр нь дуудахаас илүүтэйгээр анх зүрх сэтгэлд дүрээ мөнхөрсөн Мянхай баатар хэмээх нэрээр нь андахгүй. Одоо ч том том жүжигчид Мянхай баатараа хэмээн дууддаг юм билээ.

"Зүрхэнд шивнэсэн үг" киноны Дэлэгийн дүрээр одоо ч бидний зүрхэнд шивэгдэн үлдсэн хүн гэж хэлж болно. Сайхан баатрын дүрд, сайхан аавын дүрд, муу ч аавын дүрийг сэтгэлд хоногштол бүтээсэн түүнийг Монголын ард түмэн мэдэх нь дамжиггүй.

Ярилцах цагаасаа жаахан хоцорсон баатар маань хүнгэнэсэн бүдүүн хоолойгоор "Заа яасан их хүлээв үү миний дүү" гэсээр уулзлаа.

Мянхай баатар яг л кинон дээрээ гардаг шиг өндөр нуруу, цэх мөр тос гулгисан хар нүдтэйн дээр танан цагаан шүд яралзуулан инээсэн, хүнгэнэсэн сайхан хоолойтой 60 гаруй насны л хүн байлаа. Шаргал өмд, хар саравчтай малгай, нарийн цагаан шилний цаанаас баатар минь нэг л дулаахан инээмсэглэх нь сэтгэлд нэг л ойрхон санагдаад байсан нь миний өвөөтэй хачин адилхан санагдсан нь тэр шүү дээ.
Ярилцаад салахдаа халуун дотноор тэврэхэд нь тээр жил тэнгэрт одсон өвөө минь намайг "Өндөр болоорой миний хүү" гээд өргөх шиг болсон сон.

Ингээд “Мандухай цэцэн хатан” киноны Мянхай баатар, “Мөнх тэнгэрийн хүчин дор” киноны Боорчи, “Ану хатан” киноны Булат , “Зүрхэнд шивнэсэн үг” киноны Дэлэг гээд олон арван кинонд одоог хүртэл дүрээ мөнхөлж яваа түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Намаржаа сайхан байна уу?

-Намаржаа сайхан байна. Энэ жил чинь харин урт намар байна шүү. Манай нутагт зун ч эрт боллоо.

-Хоёулаа яриагаа анх уран бүтээлд хөл тавьсан талаар тань эхлэх үү?

-Би чинь уул нь малчны хүүхэд шүү дээ. Мал маллаж өссөн. Сүүлд сургуульд орсон л доо. Тэр түүхээс хуваалцвал, 1986 онд "Бүх ард түмний урлагийн их наадам" гэж болдог байсан. Тэр үед би Сант суманд байлаа. Одоогийнхоор бол Universe best song, Voice шоу л гэсэн үг шүү дээ. Суманд нэгдүгээр шат нь, хоёрдугаар шат нь аймагт, гуравдугаар шат нь Улаанбаатарт болж байсан. Би тус тэмцээнд оролцоод сумаасаа шалгараад аймагт очоод дүүтэйгээ хоёулаа “Эхийн сургаал" гэх дууг дуулаад хотод ирж байлаа. Нийтдээ аймгийн хэмжээнд 600 гаруй хүн оролцож байсан том уралдаан. 25 хүнийг шигшиж аваад 14 хоног Хужиртын рашаан сувилалд амрааж бэлтгэл хийлгэдэг байлаа. Тэндээсээ улсын уралдаанд очиж, дүүтэйгээ хамт дуулж, алтан медаль хүртэж, анх урлагийн гараа эхэлж байсан юм.

Социолизмын үед жүжигчид, дуучдыг ард түмний дундаас л эрж хайж олж авдаг байж. Ямарч мэргэжилтэй байсан хамаагүй театрт ажиллуулдаг байсан үе. Залуу байсан учраас аймгийн төв рүү орох их дуртай байж дээ. Тэгээд л Өвөрхангай аймгийн төвд жүжигчнээр томилогдож байлаа.

-Таны анхны дүр Монголчуудын зүрхэнд "Мандухай Сэцэн хатан"-ы Мянхай Баатрын дүрээр хоногшсон. Анх кино пробонд орж тэнцсэн талаараа хуучилбал?

-"Бүх ард түмний урлагийн их наадам"-д оролцоод стадион дотор жагсаал хийгээд явж байсан чинь нэг сахалтай бор хүн ирээд “Заа хүү минь чи кинонд тоглох дуртай юу гэхгүй юу”. Тэр үеийн хүүхэд залуус ч кинонд тоглох мөрөөдөлтэй байлаа. Би ч дуртай л гэж хариуллаа. Тэгсэн миний хаягийг бичиж аваад яваад өгдөг юм байна. Хоёр, гурван сарын дараа аймгаар "Мандухай сэцэн хатан" гэдэг кино хийгдэж байна гэнэ. Их том түүхэн кино хийгдэж байгаа. Бүх аймгаар явж шалгаруулалт хийж байгаа юм байна. Баруун таван аймгаар явж байгаад маргааш Өвөрхангайд ирэх нь гээд л ярьж байна. Ингээд маргааш кино багийнхан аймагт ирж, манай театрын дуучин жүжигчин бүгд шалгаруулалтад орлоо доо. Бүгд "конкурс" өгөх гэж байгаа юм шиг жагсаад зогсчихсон. Нэг нэгээрээ ороод л... Намайг орсон чинь Балжинням найруулагч, Пүрэвсүх, Ерөнхий зураглаач нь Шаравдорж гээд гурван хүн ирчихсэн байна шүү. Би чинь кинонд тоглох мөрөөдөлтэй л болохоос урлагийн соёл, сургууль огт төгсөөгүй хүн байдаг. Тэгээд шалгалтад ортол Балжаа багш “Заа чи сайхан эхнэртэй байсан гэж бод. Тэр чинь чамаас салаад явахад юу бодох вэ. Чиний сэтгэлд ямар юм байх вэ. Тэрийг үг хэлэхгүй гаргаадахдаа гэж байна шүү” Би доошоо харж байгаад зургаа авахуулсан. Ингээд 2-3 сарын дараа театрын дарга дуудсан байдаг.

Театрын даргад нэг бол гавьяа байгуулсан, эсвэл хэрэг төвөг хийсэн хүн л дуудагддаг. Намайг дуудахаар нь би яачихсан юм бол, юу хийсэн юм бол доо гээд л бодож, бодож орсон чинь "Чамд кино проб хийх нь. Чи маргааш явна" гэж хэлсэн. Тиймээс маргааш нь 100 төгрөг 4 мөнгөөрөө тасалбар аваад онгоцоор 55 минут нисээд л Улаанбаатарт ирж байлаа.

Пробод ортол Балжаа багш "За Төмөртогтох оо Мянхай баатарт тогло" гэлээ. Өнөболдын дүрд тоглоно гэж бодоод ном авч уншаад Өнөболдын үгийг цээжлэх шахуу болчихсон байсан. Гэтэл Дамчаа ах надад “Заа Мандухай хатны Мянхай баатрын дүрд 12 жүжигчин өрсөлдөж байгаа даа. Тэр дотор Ардын жүжигчин, Гавьяат жүжигчин байгаа” гэхээр нь би ч "пал" гээд л явчихсан. "Өө би тэнцэхгүй юм байна. Яагаад ч орохгүй юм байна" гэж бодсон. Текстээ хэлээд дууссан чинь "3аа хүүхээ одоо боллоо яв" гэж байна шүү. Би ч "Тэр олон томчуудын дунд яаж тэнцэх вэ л гэж бодоод л аймаг руугаа буцсан. Гэтэл ахиад хоёр гурван сарын дараа театрын дарга дуудаад "Баяр хүргэе. Чи чинь Мянхай баатарт тэнцчихсэн юм байна шүү дээ. Тоглохоор боллоо л" гэх баярт мэдээг дуулгаж байлаа шүү дээ.

-Мэдээж маш гоё мэдрэмж төрж байсан байх даа?

-Өө бөөн баяр шүү дээ. Дээшээ нэг зүйл огшоод л. Эхнэртэйгээ ярих гэж гүйгээд л. Тэр үед чинь утас байхгүй юм чинь. Жижүүрийн нэг утастай. Жижүүрийн утсаар л ярилаа даа. Эхнэртээ хэлсэн "Өө ямар гоё юм бэ гээд одоо ч "Хинооны" жүжигчин боллоо гээд л хоорондоо их баяртай ярьцгааж байсан. Тэгэхэд чинь би дөнгөж 29 настай залуухан байлаа.

-"Мандухай сэцэн хатан" киноны зураг авалтын үеэр Дамчаа гуайг нэг их хүчтэй байгалзуурдсан гэдэг?

-Миний хамгийн анхны зураг тэр байхгүй юу даа. /инээв/ Хальсны кино болохоор дээд тал нь хоёр л дүүбл авдаг байсан юм. Хэрвээ олон дүүблдэвэл хальс баллаж байна гээд уурлана. Би Балжаа багшаас асуухгүй юу Мянхай гэж ямаршуу хүн байсан юм бэ. Ямар дуу хоолоотой, яаж алхаж гишгэдэг хүн байв гэж асуусан чинь. Над руу нэг их том харснаа “Гүй ээ хүү минь чи юу ярьж байгаа юм. Мянхай гэдэг чинь Төмөр тогтох шүү дээ гэхгүй юу. Тэгээд л анхны зураг дээр Дамчаа ах Мандухайг алчихсан байгаа үе дээр орлоо. Хаалгыг нь гаднаас нь цохиод л ороод ирсэн. Мандухай хатан цустайгаа холилдчихсон хэвтэж байна шүү. Би гүйж очоод л Дамчаа ахын багалзуурдаад л шахсан. Үнэхээр уур хүрчихсэн нь тэр. Багалзуурдаад авсан чинь төмөр гаравч Дамчаа ахын хоолой руу шигдэж л дээ. Тэгсэн Дамчаа ах намайг “Чи жаахан техниктэй тогло л доо, техниктэй тогло л доо" гэж байж билээ. Тэгсэн цаанаас Балжаа багш "Зөв хүү минь чи одоо наадахаа алаад хячихаарай" л гэж байлаа. Миний үнэхээр уур хүрчихсэн байгаа юм чинь аргагүй шүү дээ. Тэгж хамгийн анхны зургаа авхуулсан юм.

-Мэдээж Мандухай сэцэн хатан киноны Мянхай баатрын дүр бол таны анхны дүр одоо ч нэр нь тантай хамт явж байна шүү дээ. Харин "Зүрхэнд шивнэсэн үг" киноны Дэлэгийн дүр нэгийг бодогдуулж хоёрыг тунгаалгадаг. Мөн ард түмэн үзэн яддаг хэдий ч үгүйсгэдэггүй дүр шүү дээ. Тухайн киноны дурсамж, мөн дүрээ хэрхэн бүтээсэн талаараа хуучилбал?

-Би чинь кинонд тоглолгүй 11 жил болчихсон байлаа. Тэгсэн Бат-Өлзий над руу яриад “Хөөш өвгөөн чи 11 жил кинонд тоглоогүй байна шүү дээ. Чамайг одоо асууж сураглаж байгаа хүмүүс байна. Хаана явдаг юм, юу хийж байгаа юм гэж сураад байна. Би нэг кино хийх гэж байгаа чи энэнд тоглоод өгөөч" гэлээ. Миний хувьд наймдугаар сар гарчихсан малын угаалга эхэлчихсэн ид завгүй үе таарч байгаа юм. Малаа угаамаар байдаг, тэрэнд явмаар байдаг. Тэгсэн намайг "Чи аль дүрд нь тогломоор байна. Би чамруу зохиолоо явуулчихъя" гэхгүй юу. Тэгэхээр нь уншиж байгаад хамгийн бага хоног тоглох Дэлэгийн дүрийг нь сонгож байлаа шүү дээ.

-Хэдий кино ч гэсэн тэр жаахан охины амнаас "Ааваа ээж таныг мөн ч их хүлээсэн дээ" гэж хэлээрэй хэмээн хэлэхэд танд ямар санагдаж байсан бэ?

-Монголын ард түмнээс гадна тэр киног гадаадын ард түмэн хүртэл үзсэн. Тиймээс би үнэн байх хэрэгтэй шүү дээ. Тэр охин ч гэсэн их мундаг охин. Ээжийгээ алдсан. Аав нь өөр хүүхэн дагуулаад ирсэн байхад тэр охины сэтгэл ямар байх уу бодох хэрэгтэй. Минийх ч гэсэн ямар байх вэ. Би тухайн үед хэлдэг шүү дээ. "Байж суух газар байхгүй болсон юм байна даа. Би одоо ч явъя даа" гэж. Болвол би тэр нутагт амьдарчихмаар байсан байхгүй юу. Хүүхдийнхээ дэргэд ээжийнхээ дэргэд баймаар байсан. Хүн болгон янз янзаар ярьж байна шүү дээ. Цэрэгт яваад алга болсон, өөр бүсгүй дагуулаад ирсэн гэх жишээний. Тэгээд би охиноосоо "Аавтайгаа явах уу" гэж асуудаг. Мэдээж охин явахгүй гэж байгаа байхгүй юу. Тэгсэн араас охин маань дуудаад “Ээж таныг мөн ч их хүлээсэн дээ гэж хэлээрэй гэсэн шүү" гэхэд л хүн юм бодно биз дээ. Хүн гэдэг чинь үр хүүхдийнхээ өмнө яллуулчихаж байгаа байхгүй юу. Дотор жигтэйхэн огшоод нулимс дүүрээд л ирж билээ. Тэр миний зүрх рүү жинхэнэ хатгаж байгаа нь тэр. Хүнд ч их хүрсэн кино. Хүмүүс ч их уйлсан гэж ярьдаг. Тэгэхээр нь би та нар “Намайг өрөвдөөд уйлдаг уу гэхэд" гэж асуухад "Юу гэж тэгдэг юм" гэдэг шүү.

Кинотой холбоотой миний дурсамж,

Манайх Дундговь аймгийн хамгийн хойд талын Сайхан-Овоо сум. Харин МУГЖ Төмөртогтох гуайнх Өвөрхангай аймгийн хамгийн урд талын Баянгол сум. Нэг ёсондоо хил залгаа оршдог сум гэсэн үг. Манай аав сумандаа л морь мал сайн уядаг Хүрэлбаатар гэж хүн бий, ээж ч ялгаагүй гэрээсээ гийнгоолж Суудаг Соёлмаа гэдэг хүн байдаг юм. Хурдан мориноос дөнгөж хасагдангуут л аав ээж хоёр минь хот орж эрдэм сур хэмээн зарлигдан явуулсан. 2010-аад онд юм уу даа одоогийнх шиг автобус унаа манай сум руу явахгүй. Жижиг тэрэг ч барагтай л бол манай сум руу явахгүй. Харин Баянгол сумын микро, порогоны жижиг зайнд нь багтаад л явдаг байлаа. Тус суманд очих айл нэг их байхгүй болохоор ээжийн минь ах Соёл-Эрдэнэ ахын танил нэг айлд л очиж хонолоо. Тэгсэн тэр айл нь Төмөртогтох гуайнх шүү дээ. Анх "Зүрхэнд шивнэсэн үг" киног нь ээжтэйгээ үзэж, нэвт шувт уйлж, нус нулимстайгаа холилдож, орон доогуураа орж суудаг байсан жаал хүү, гэнэт л тэр киноныхоо гол дүрийг хараад айж, сүрдэж, "Аа энэ нөгөө охиноо орхиод өөр эгчтэй явчихдаг ах байна" гээд л бодож билээ. Ийм л дүрийг урлаж шаглаж бүтээдэг хүн. Тухайн үедээ зурагтан дотор хүн байдаг киног жинхэнэ бодит амьдрал гэж хүлээж авдаг байсан хүү арга ч үгүй биз. Харин сүүлд том болоод тухайн киног үзэх нь ээ өөр, өөр олон зүйл бодогдсон шүү. Магадгүй иймэрхүү дурсамж хүн бүрийн зүрхэнд оршдог биз ээ.

-Тус кинон дээр дан ганц гол дүрийн охины, тийм гэхийн аргагүй хүнд үг, тухайн үгийг захиж үлдээсэн ээжийн зовлон шаналлаас гадна эр хүний доторх бачуурал түүнийгээ гаргаж чадахгүй байгаа бачуурал их л хүнд сэтгэл зүй анзаарагддаг шүү дээ?

-Гэр бүлээсээ салсан эр хүн ямар байх уу чи боддоо. Асар их зүйл ард нь нуугдаж байгаа юм. Ажигладаг хүмүүс бол ажиглах байх л даа. Эр хүн доторх юмаа гаргаж чадахгүй дотроо хэчнээн их бачуурч байгааг харах байх. Одоо ч гэсэн эрчүүд тийм байдаг даа. Барагтаа бол нулимс унагахгүй байна гэхээр ямархан байхыг чи надаар хэлүүлэлтгүй мэднэ.

-Урлагийн сургуульд сураагүй хэрнээ олон сайхан дүрийг мөнхөлж чадсан хүн шүү дээ. Тэгэхээр та яг ямар мэргэжилтэй вэ?

-Би чинь их хөдөө амьтай хүн. Сүүлд малын эмч болсон. Одоо малын эмчийнхээ мэргэжлээр дагнан ажиллаж байна. Үр хүүхдүүд минь хүртэл гурван үеэрээ малын эмч болж байгаа нь сайхан байна.

-Хүүхдүүд нь жаахандаа "Зүрхэнд шивнэсэн үг кино"-г нь үзээд хэрхэн хүлээж авч байв?

-Хүүхдүүд янз, янз л хүлээж авдаг шүү. Манай хүүхэд цэцэрлэг дээрээ очоод “Би чинь хоёр аавтай" гэж ярьж байсан байгаа юм. Багш нь юу дэмий яриад байгаа юм гэсэн чинь “Би чинь киноны нэг аавтай, гэртээ байгаа нэг аавтай" гэж ярьсан байгаа юм./инээв/ Хүүхэд их харамладаг байсан. Өөр хүүхэд тэврээд л кинон дээр гараад байхаар аргагүй шүү дээ. Одоо ач зээ нар киног маань үзээд их харамлана. "Би таны охин биз дээ, би л охин чинь биз дээ" гээд л харамлахыг нь яана.

-Хүнд дундардаггүй, дуусдаггүй их байдаг юм гэдэг. Таны хувьд одоо тийм л дүрийг бүтээх юмсан даа гэж бодож явдаг ямар дүр байна вэ?

-Миний нэг бодож байсан юм бол Чингүүнжавын дүрд тоглох юмсан гэсэн том бодол байсан юм. Кино нь ч хийгдэх гэж байгаад больсон юм билээ. Хэдийгээр би аавын дүрд тоглосон ч яг тийм хөдөөний сайхан малчны амьдрал харуулсан аавын дүрд тоглох юмсан гэж боддог. Одоо бол надад баатрын дүр олдохгүй шүү дээ. Өвгөн жанжны дүр л олдох байх. Мандухайд Мянхай баатар, Мөнх тэнгэрийн хүчин доор Боорчи, Ану хатан кинонд Булат жанжны дүрд, сая Хотулун гүнж кинонд Бүргэд баатар гээд ахмад жанжны дүрд тоголлоо. Дөрвөн баатрын дүрд тоголсон байна. Түүхэн кинонд тоглох юмсан, дүрээ мөнхлөх юмсан гэж олон жүжигчид хүсдэг, мөрөөддөг амжаагүй ч олон хүн бий. Би өөрийгөө их азтай хүн л гэж боддог. Их том хувь тавилан шүү дээ.

-Та дээр үед байж таараад жинхнээсээ баатар байсан бол ямар баатар байх байсан бэ?

-Би өөрийнхөө энэ сайхан элэг бүтэн амьдрал хань ижил үр хүүхдээ тойруулаад байгаагаа бодохоор сайн аав. Харин баатрын хувьд жинхэнэ Мянхай баатар л байх байсан даа./ инээв/

-Танд өмнө нь Сүхбаатар жанжинд тоглох болон Марко поло киноны Жаха хамбугийн дүрд тоглох санал ирж байсан гэдэг. Яагаад тоглоогүй юм бэ?

-Мандухай сэцэн хатны Мянхайд тэнцчихсэн байлаа. Тэгсэн бас Сүхбаатарын дүрд тоглуулах гээд пробонд оруулсан тэнцчихсэн юм. Намайг хашир туршлагатай жүжигчин биш болохоор нэгэнд л тогло гэлээ. Тэгээд би Мянхайг нь сонгож байлаа. Яагаад сонгосон бэ гэхээр Сүхбаатарын дүрийг Дашняжил гээд агуу жүжигчин гаргачихсан болохоор. Би тэр хүнээс илүү гаргаж чадахгүй бол муухай шүү дээ.

-Тантай хамт анх дуулж явсан дүү тань одоо бас урлагийн хүн үү?

-Бид хоёрыг театрт хоёуланг нь оруулна гэсэн л дээ. Гэвч манай дүү ороогүй 17-р баазад жолооч хийдэг байсан юм. Дүү маань маш сайн жолооч, бас дуучин байсан юм. Гэхдээ осолд ороод бурханы оронд одсон доо. Үр хүүхдүүд нь намайг өндөр өвөө гэдэг юм.

-Уучлааоай таны сэтгэлийг тавгүйтүүлсэн асуулт асууж орхилоо. Тэгэхээр эхнэртэйгээ хэрхэн танилцаж байв, их сайхан түүх байдаг юм билээ?

-Би өмнө хэлж байсан шүү дээ, нутаг амьтай, гэр амьтай гэж. Сургуулиас гарах шалтаг бол тэр байсан. Хоёр, гурван жил мал маллахдаа хэрэггүй сургуулиас гарлаа гэж бодож байсан. Телевиз их ховор хааяа л үздэг байлаа. Тэр үед зурагтаар оюутан охидыг хараад ерөөсөө л оюутантай суух байсан юм гэж бодсон. Тэгж явсаар цэргийн албанд татагдаж ирснийхээ дараа оюутан охин олсондоо. /инээв/ Цэрэгт барилгын ангид байсан учраас элс, тоосго зөөнө, манай машин нэг л жолоочтой. Тэдний эхнэрийх нь дүүтэй танилцаад одоо дөрвөн хүүхэдтэй, 12 ач зээтэй болсон байна. Манай эхнэр тухайн үед аравдугаар ангийн хүүхэд байсан. Ханийхаа гарыг хараад л их татагдаж байсан даа.

-1994 онд театрууд их л хүнд байдалд орж ажил нь зогсоход хүрч байсан гэдэг. Тэр цагийг хэрхэн туулав?

-Театр татан буугдаагүй. Тухайн үед нөхцөл байдал нь маш хүнд байсан. Хүмүүс ч үзэх нь багассан. Тийм байхад хүмүүс амьдралаа бодоод явна шүү дээ. Тэр үед маш олон зүйл хийсэн. Гахай маллахаас эхлээд л тахианы өндөг ч зарж байсан. Малын эмч, малчин, цэвэрлэгч гээд хийгээгүй ажил байхгүй.

-Хоёулаа дан л түүх дурсамж хөөрөлдлөө. Одоо сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байгаагаа уран бүтээлийн сонин сайхнаасаа хуваалцахгүй юу?

-Энэ жил хоёр кинонд тоглосон. “Хотулун гүнж”, “Нийслэл хүүхэн” кинонуудад дүр бүтээсэн. Олон сайхан залуус, хошин шогийн жүжигчидтэй хамтарч ажиллах сайхан байсан. Одоогоор кино гараагүй байгаа учир дүрийнхээ талаар задлаад хэрэггүй байх. Хүмүүс их хүлээлттэй байдаг юм билээ.

-Таны бодлоор одоо Монгол Улсын кино урлаг аль түвшинд явж байна гэж харж байна?

-Монголын кино урлаг хөгжиж байна. Залуучууд их мундаг болсон. Мөн техник тоног төхөөрөмж их сайтай болсон байна. Кино урлаг хөгжиж байна. Хамгийн гол нь мөнгө л хараад байдаг юм уу гэсэн бодол байна. Борлуулалт хийгээд л бага зарцуулалтаар их мөнгө олчих юмсанд аа гэсэн хандлага ажиглагддаг. Нэгэнт л эхлүүлсэн зохиолоороо сайн кино хийх хэрэгтэй. Хийвэл тултал нь мөнгийг нь гаргаад, тултал нь хийх хэрэгтэй.

-Та залуус хойч үедээ хандаж үг дайна уу?

-Залуус хөдөлмөрлөх хэрэгтэй. Сурсан мэргэжлээ хөгжүүлээд, их завгүй байх хэрэгтэй. Одоогийн нийгэмд ажил хийх боломж их байна. Бүх талын ажил хийхэд боломж байна гэж харж байгаа учир миний хүүхдүүд амьдарсан шиг амьдраарай л гэж хэлье.

Цаг гарган ярилцсан танд баярлалаа.

АН-ын бүлэг: Хууль нэрийн төсвийн зарлага хяналтгүй болсон тул цар тахлын хуулийг сунгах шаардлагагүй
АН-ын бүлэг: Хууль нэрийн төсвийн зарлага хяналтгүй болсон тул цар тахлын хуулийг сунгах шаардлагагүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.