УИХ дахь Ардчилсан намын бүлэг /2021.10.11/ өнөөдөр Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах Үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах Үндсэн чиглэлийн талаар танилцуулга хийсэн. Тэрбээр, өмнөх онд 5.6 хувиар агшаад байсан эдийн засаг энэ оны эхний хагас жилийн байдлаар 6.3 хувиар өссөн. Инфляцийн төвшин 8.9 хувьтай байгааг дуулгав. Мэдээлэлтэй холбоотой гишүүд дараахь байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Д.Ганбат "Та бүхэн эдийн засгийн маш өөдрөг төсөөлөлтэй байх шиг. Хүндрэл бидний өмнө байгаа шүү. Хүндрэл банкинд удахгүй нөлөөлж эхэлнэ. Үүнд бэлэн үү. Хэд хэдэн банкинд Бүрэн эрхт төлөөлөгч ажиллаж байгаа, ажлын явц ямар байна. Гадаад өр төлөлт ямар байдалтай байгаа, энэ жил хэдийг төлөх вэ. Гадаад валютын нөөц маш эрчтэй буурсан ч таатай нөхцөл нь нүүрсний үнэ байна. Энэ үнийн өсөлтийг ашиглах шаардлагатай" гэв.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг "Өмнө нь Монголбанк инфляцийг маш сайн “онилж” ажилладаг байсан. Б.Лхагвасүрэн таны үед инфляцид хэр анхаарч ажиллаж байна. Цаасан мөнгө хэвлэдэг зөвлөл тань энэ жил хэдэн удаа хуралдаж, ямар шийдвэр гаргасан бэ. Цаасан мөнгө хэвлэхэд хэн хяналт тавьж ажилладаг вэ. Экспорт дэмжих асуудалд Монголбанк жаахан санаачилга гаргаж ажиллах хэрэгтэй. Валютын орлого олох жижиг компанийг ч болов дэмжмээр байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Бодлогын хүү тогтвортой буурч байгаа нь зөв. Он гараад нэг хэсэг бизнес зогсонги байдалд ордог. Тэр үед нь дахин нэг функт буулгавал бүр сайн. Банкны үнэт цаас буцаад өссөн нь 10 их наяд төгрөгийн хөтөлбөр “бай”-гаа оноогүйг илтгэж байна. Жижиг аж ахуйн нэгжүүд авч чадахгүй байна. Албан тушаалтнууд өөрийн компаниар дамжуулж аваад шууд хадгаламж болгосон. Тэдэнд зарцуулах шаарлага алга. Энэ хөтөлбөрийг зогсоо гэж байгаа юм биш, оновчтой хүртээмжтой болгох хэрэгтэй. Ажлын байр хадгалах гээд зээл өгөхөөр буцаад банкинд ороод ирлээ. Тэгэхээр цаашид хөрөнгө оруулалтын зээл болгож өөрчилбөл зүгээр. Ипотекийн зээлийн санхүүжилтыг Засгийн газраас олгоно гэж байгааг би дэмжихгүй. Засгийн газар өгч эхэлбэл авлигын сүлжээ болно. Танайх өгдөг хэвээрээ байвал дэмжинэ. Иргэд хил нээвэл гадагшаа явахын хүслэн болсон энэ үед хил нээгдмэгц ханш унана. Үүнийг эртнээс тооцохгүй бол асуудал үүснэ шүү" гэсэн юм.