Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Одонтуяа: Монголын хууль тогтоомжид байгаа олон тээгийг арилгахгүй бол хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэж бизнесийнхэн ярьж байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 21 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг танилцуулав.

Тэрбээр "Одоо үйлчилж байгаа хууль эрх зүйн тогтолцооны хүрээнд гадаадын хөрөнгө оруулалтын доод хэмжээг зохицуулсан шаардлага тусгагдсан байдаг аж. Гадаадын компани Монгол Улсад бизнес эхлэхийн тулд гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж эсвэл төлөөлөгчийн газар гэсэн статусын аль нэгийг сонгох хэрэгтэй болдогоос гадна гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн 25-аас доошгүй хувийг гадаадын компани эзэмшсэн байх ба 100 мянган ам.доллараас доошгүй хөрөнгө оруулалт хийсэн байх ёстой юм байна. Энэхүү хөрөнгийн босго нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж байгуулахад шаардлагагүй бөгөөд харин тухайн хөрөнгө оруулагч болон түүний гэр бүл нь Монгол Улсад байнга оршин суух виз хүсэх тохиолдолд Монгол Улсад оруулах хөрөнгө оруулалтын доод хэмжээг зааж өгөх нь тохиромжтой" гэсэн юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан "Гадаадын хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүс Монгол Улсад хоёроос доошгүй ажлын байрыг бий болгосон байх шаардлагатай гэж байна. Тэгвэл жолооч, орчуулагч хоёроо оруулж ирээд л ажлын байр бий болгочихно ш д. Тэгээд би ажлын байр бий болгосон хөрөнгө оруулагч мөн гэж үзнэ биздээ. Энэ нь хэр тохиромжтой юм бэ. Энэ асуудал энэ маягаараа явбал дэмжих боломжгүй. Өмнө нь хөрөнгө оруулагч заавал хилээр гарч байгаад буцаж орж ирж, виз даруулдаг. Суугаа орныхоо Элчин сайдын яамаар дамжуулдаг гэсэн юм яваад байсан. Энэ хэвээрээ юу. Энэ маягаараа бол 50 мянган доллар төлөөд л хувийн хэргээр оршин суух хүсэлт авах нь байна. Ингэж болох уу" хэмээлээ.

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Ганхуяг "100 мянган ам доллартай холбоотой хуулийн зохицуулалт байдаг боловч Үндэсний хөгжлийн хороотой уулзахад бодитойгоор 100 мянган ам.доллар Монголын эдийн засагт орж байгаа эсэх нь эргэлзээтэй гэсэн. Учир нь компани байгуулах мөчид оруулж ирчихээд буцаагаад авчихдаг гэсэн. Эсвэл нэг удаа 100 мянган ам.доллар зарцуулаад л 4-5 компани байгуулдаг гэх асуудал яригдаж байна лээ. Үүнийг хянадаг, шалгадаг төрийн байгууллага байхгүй. Яагаад 50 мянган ам.доллар, ажлын байр заасан бэ гэхээр өөрчлөлт хийх шаардлагатай. Учир нь байнгын үйл ажиллагаа явуулсан эсэхийг санхүүгийн тайлан, блансаас нь үздэг. Мөн тогтвортой ажлын байр бий болгосон уу гэдгийг нь шалгадаг болно. Тэгэж байж визний асуудлыг нь Засгийн газар журмаараа зохицуулах шаардлагатай. Энэ хуулиар визний асуудлыг зохицуулах гээд байгаа юм биш. Гол нь тогтвортой үйл ажиллагаа явуулж, ажлын байр бий болгох шаардлагатай гэх мессежийг л өгөх гээд байна" хэмээлээ.

УИХ-ын гишүүн С.Одонтуяа "Босго байхгүй болгох, ажлын байр бий болгоно гэдэг өөрчлөлт нэмснээрээ хөрөнгө оруулалт ороод ирнэ гэвэл том андуурал. Бизнесийнхэн монголын олон хууль тогтоомжид тээг байна. Эдгээр тээгийг арилгахгүй бол том хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэж ярьж байна. Тэгэхээр том зургаар нь харж өөрчлөлт хийх зорилго байна уу. Мөн гадаадын хөрөнгө оруулагчдын айж байгаа зүйл бол дээрэм, авлига. Том өндөр албан тушаалтнуудын зохион байгуулалттай дээрэм байна. Хууль шүүхийнхэнтэйгээ нийлж байгаад хөрөнгийг нь дээрэмддэг. Монголын төрд, том улстөрчдөд итгэх итгэлийг яаж сайжруулах юм. Энэ бол маш ноцтой асуудал"

УИХ-ын гишүүн, хууль санаачлагч Х.Ганхуяг "Мэдээж хуульд өөрчлөлт оруулах гэж буй гурван өгүүлбэрээр өргөс авсан мэт асуудлыг нь шийдэх боломж байхгүй. Бизнесийн орчныг эрүүлжүүлэхтэй холбоотой хуулиуд намрын чуулганаар орж байгаа. Бид алхам алхмаар өөрчилж байна. Дээрэм, авлига бол шүүхийн журмаар явах ёстой. Гол зарчим нь гадаад, дотоод гэж ялгалгүй хөрөнгө оруулагч гэдгээр нь бүгдийг нь ялгаварлахгүй дэмжинэ. Босго тавихгүй байя гэж бодож байгаа" гэлээ.

Хуралдаан үргэлжилж байна.

Ерөнхийлөгчийн мод тарих зарлигийн 12 эерэг үр дагавар
Ерөнхийлөгчийн мод тарих зарлигийн 12 эерэг үр дагавар
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.