Өнгөрсөн баасан гаригт Зам тээврийн сайд Б.Энх-Амгалан Улаанбаатар-Дархан чиглэлийн замын бүтээн байгуулалтад ажиллах БНХАУ-ын 105 иргэнийг өнөөдөр /2020.03.22/ чартер нислэгээр авчирна гэж /2020.03.20/ Улсын онцгой комиссын хуралдааны үеэр мэдээлсэн. Дээрх иргэдийг онгоцноос буумагц 14 хоног тусгаарлалтад авч, шинжилгээний хариу гарахаар ажил эхэлнэ гэдгийг салбарын сайд онцолж байсан юм. Тэгвэл АН-ын зүгээс 105 Хятад иргэнийг авчрахтай холбоотой мэдэгдэл гаргажээ.
Дэлхий нийтээрээ COVID-19 вирусын Цар тахалтай тэмцэж, улс үндэстэн бүр хариуцлагаа өндөржүүлж, эх орон, олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхээр зүтгэж байна.
Ийм хүнд үед Монгол Улсын Засгийн газар БНХАУ-аас 105 ажилчин оруулж ирэх шийдвэр гаргасан нь туйлын бодлогогүй бөгөөд хариуцлагагүй шийдвэр боллоо.
ДЭМБ-аас өнөөдрийг хүртэл Цар тахлын голомт болсон БНХАУ-д байдал бүрэн тогтворжоогүй, Цар тахлын хоёр дахь давалгаа Европ тивээс Ази руу шилжих магадлалтай байгааг анхааруулсаар байгаа.
Тиймээс энэ асуудал зөвхөн Монгол-БНХАУ гэсэн хоёр улсын асуудал бус дэлхий нийтийн асуудал болоод байна.
Монгол Улсын Засгийн газар хилээ хааж, олон улсын нислэгээ бүрэн зогсоож, гаднын аль ч улсын иргэдийг хүлээж авахгүйгээ мэдэгдэж байсан ч энэхүү шийдвэрээ хөсөр хаян тахлын голомтот бүс нутгаас 105 ажилчин оруулж ирэх эргэж буцсан, хариуцлагагүй шийдвэр гаргасныг Ардчилсан нам эрс эсэргүүцэж байна.
Түүнчлэн Цар тахлын улмаас эдийн засгийн нөхцөл байдал улам бүр муудсаар байгаа энэ хүнд цаг үед үндэсний бүтээн байгуулагчдаа дэмжиж, Монгол инженер, техникийн ажилчдын мэдлэг, чадварт тулгуурлан аливаа бүтээн байгуулалтын ажлыг хийж гүйцэтгэхийг уриалж байна.