УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн Оюутолгойн гэрээ, зардалтай холбоотой цаг үеийн асуудлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Рио тинтогийн зүгээс нааштай санал тавьсан албан бичгийг ирүүлж байсныг та бүхэн санаж байгаа байх. Түүний хариуг арай өгүүлээгүй байгаа. Ажлын хэсгүүдээ дэмжих зорилгоор хуулийн болон санхүүгийн зөвлөх компани авах ажил хийгдээд явж байгаа. Эдгээр компаниуд сонгогдсон цагт зардлын хэтрэлт, гэрээний дүгнэлтүүдийг хийж цаашид ямар арга хэмжээ авах талаар шийдвэрлэнэ.
Гурван асуудлыг зайлшгүй шийдэх шаардлагатай.
Нэгдүгээрт, өндөр хүүтэй зээл болон Дубайн гэрээний зээлийн асуудлуудыг шийдэх ёстой.
Хоёрдугаарт, менежментийн төлбөрүүдийг авах.
Гуравдугаарт, зардал хэтрүүлдэг биш ашигтай ажиллуулдаг менементийн багтай болохыг бид шаардах ёстой.
Монголын талын 34 хувийн зээлийн асуудлыг үндсээр нь шинэчилж болох юм гэх асуудлыг захидалд дурьдсан байсан. Тэгэхээр үүнийг боломж байна гэж харсан гэж ойлгож байгаа.
Хөрөнгө оруулалтын гэрээгээр уурхайд хөрөнгө оруулна гэсэн мөртлөө зээл болгож, хугацаа хэтрүүлсэн зэрэг нь гэрээний заалтыг зөрчсөн асуудал юм. Бүх гарсан зардлаар нь ярьвал 20 тэрбум дөрөв дахин болчихсон байгаа юм. Тэгэхээр энэ мэт зүйлс нь хөрөнгө оруулалтын гэрээг зөрчсөн асуудал болохыг харуулж байна.
Зээлүүдийг тэглэсэн цагт манай талд нар гийнэ. Тэгэхгүй бол бид харанхуйгаараа л байна. Зээлийг нь төлсөөр байтал 2051 он болж, уурхай хаагдвал манай улс өртэй үлдэхээр хэмжээнд байгаа шүү дээ. Тиймээс ажлын хэсгийн хүрээнд зээлийн төлбөрийн асуудлуудыг шийдвэрлэх, гэрээнд байхгүй менежментийн төлөвлөгөөг хаанаас гаргаад ирсэн бэ гэх асуудал ч байгаа юм.
Зэс хайлуулах асуудлыг төрөөс хэрэгжүүлэх нь зүйтэй. Үүнийг УИХ дэмжиж байгаа. Хэрвээ бид зэсийн үйлдвэртэй болчихвол зөвхөн цэвэржүүлсэн зэсээр биш зэс дагасан маш олон үйлдэрүүд бий болно.
Манай улс өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад нэг тэрбум төгрөг илүү олсон. Гэвч ашгийн дийлэнхи хувь нь Рио тинтод очсон. Тэгэхээр зэс үйлдвэрлэсэн хэмжээ нь өсөөгүй, үнэ нь өссөн. Тиймээс Оюутолгойн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа юм. Тэрбум доллар олчихоод байхад ихэнх хувийг нь Рио Тинтод алдаж байна.
Манай эдийн засаг бүхэлдээ нүүрснээс хамааралтай. Эдийн засгийн 50 хувийг нүүрс бүрдүүлж байгаа. Хэрвээ нүүрсэнд ямар нэгэн хүндрэл үүсвэл эдийн засаг хүндэрнэ. Н.Алтанхуягийн Засгийн газар ийм эрсдэлтэй нүүр тулж байсан. Үүнтэй адил нөхцөл байдалд өнөөдрийн Засгийн газар байна. Эдийн засгийн гадаад орчин таатай байгаа мөртлөө тээвэр, ложистикийн асуудлаа шийдэхгүй бол эдийн засаг хүндрэх нөхцөл байгаа " гэлээ.