БШУ-ны сайд Л.Энх-Амгалан өнгөрсөн наймдугаар сарын 4-нд мэдээлэл хийхдээ "2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах тусгай хөтөлбөрийг 10 сарын эхээр танилцуулна" гэж байв. Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэг шийд гараагүй, эцэг эхчүүд яамны шийдвэрийг хүлээж өдөр хоногийг өнгөрүүлж байна. Тиймээс энэ талаар БШУЯ-наас тодруулахад “2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулахын тулд ЭМЯ нөхцөл байдлын судалгаа хийнэ. Тус яамнаас өвчний нөхцөл байдлыг танилцуулж, 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах эсэх талаар чиглэл өгөх юм. ЭМЯ-ны хийх нөхцөл байдлын үнэлгээний хариуг хүлээж байна. Үүнийг харж байж дээрх асуудлыг шийдвэрлэх болно. Одоогоор ямар нэг шийд гараагүй” гэлээ.
Харин БШУЯ-наас өгсөн дээрх мэдээллийн дагуу ЭМЯ-наас тодруулахад “Манай яам 2-3 настай хүүхдүүдийг цэцэрлэгт авах эсэхэд ямар нэг шийдвэр гаргахгүй. Энэ талаарх дүгнэлт судалгааг БШУЯ хийнэ” гэлээ.
Тэдний хариултаас яамдууд ямар ч уялдаа холбоогүй, эцэг эхчүүдэд тулгамдсан асуудал болоод буй 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах асуудалд маш хойрго хандаж буй нь хариултуудаас нь бэлхнээ харагдаж байна. Угтаа бол эцэг эхчүүд БШУ-ны сайд Л.Энх-Амгалангийн 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулах тусгай хөтөлбөрийг аравдугаар сарын эхээр танилцуулна гэсэн үгэнд итгэж өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж байгаа. Гэтэл хэзээ шийдэх нь тодорхойгүй, бүр судалгаа дүгнэлт ч хийгээгүй бололтой байдал харагдаж байна.
БШУЯ-ны уг асуудалд хойрго хандаж байгаагийн цаана олон мянга өрх хүүхдүүдээ цаашид яах вэ, хэнээр харуулах уу, хэн нэгэн нь ажлаасаа гарах уу гэхчлэн тулгамдсан олон асуудалтайгаа "нүүр тулсаар" байна.
Учир нь 2-3 настай хүүхдээ харах эцэг, эхчүүд арга буюу ажлаасаа чөлөөлөгдөж, гэртээ хүүхдээ харан, талхны мөнгөнөөсөө салж байна. Нэгэнт аав ээж нь ажилдаа явж, ах эгч нь цэцэрлэг сургуульдаа явж нийгмийн харилцаанд орж байна. 2-3 настнууд гэртээ байсан ч ар гэрийнхнээс нь хэн нэгэн халдварт өртөхөд л тэд ч халдвар авах эрсдэлтэй. Тиймээс ямар үндэслэлээр 2-3 настнуудыг цэцэрлэгт хамруулахгүй байгаа судалгаа дүгнэлтээ яаралтай гаргаж, энэ асуудлыг яаралтай шийдвэрлэхгүй бол олон мянган өрх ажлаа хийх үү, хүүхдээ харах уу гэсэн хүнд сонголттой тулгарч, үүний цаана айл өрх санхүү, эдийн засгаараа "хохирсоор" байна.
Э.Дэлэгнанзадмаа