Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ: Ой болон биологийн олон янз байдлыг хамгаалъя!

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
5 минут 58 секунд


Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас олон улсын ойн өдөрт зориулж уриалга гаргажээ.

Уриалгыг бүрэн эхээр нь хүргэж байна. 

Манай дэлхийн хуурай газрын гуравны нэгийг эзлэх ой нь нийт ургамал, амьтан, шавж хорхойн төрөл зүйлийн амьд организмын 80 гаруй хувийнх нь амьдрах орчин болдог амин чухал үүрэгтэй экосистемүүдийн нэг юм. Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь  уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс мөн. Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.

Нийгэм, эдийн засаг, эрүүл мэнд, хүрээлэн буй орчны гээд олон талын ач холбогдолтой ойн сан маань сүүлийн жилүүдэд эрчимтэй доройтон, хомстож байна. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2012 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр жил бүрийн 3 дугаар сарын 21-ний өдрийг Олон улсын ойн өдөр болгон зарласан бөгөөд энэ өдрийг ойн олон талт ач холбогдлыг ойлгуулах, сурталчлан таниулах зорилготойгоор дэлхий даяар тэмдэглэж ирлээ. Энэ жил энэхүү өдрийг “Ой болон биологийн олон янз байдал” сэдвийн хүрээнд дэлхий нийтээр тэмдэглэнэ.

Монгол орны 13 сая га талбай бүхий ойн сан нь даян дэлхийн экосистемийн нэн чухал хэсэг бөгөөд олон төрлийн хөхтөн амьтан, жигүүртэн шувуу, хэвлээр явагч, хоёр нутагтан зэрэг амьтдын амьдрах орчин, нүүдэлч малчид, орон нутгийн иргэдийн орлого амьжиргааны эх үүсвэр, түлээ мод, өвс тэжээлийн нөөц болдог билээ.

Ойг хамгаалах нь байгаль орчин, нийгэм, эдийн засгийн олон талт ач холбогдолтой учраас НҮБ нь Монгол Улсын Засгийн газартай ойн доройтлыг бууруулах, ойн тогтвортой менежментийг хөгжүүлэхэд хамтран ажилласаар ирсэн билээ. “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”, “Ногоон хөгжлийн бодлого”, “Биологийн олон янз байдлын үндэсний хөтөлбөр” зэрэг үндэсний хэмжээний баримт бичгүүдэд Монгол Улсын ойн салбарын бодлогыг тусгасан  байдаг.

Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Монгол Улсын Засгийн газар ойн санг хамгаалах олон улсын хүчин чармайлтад нэгдэж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, ойн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр олон арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Мөн жил бүрийн 5 болон 10 дугаар сард бүх нийтийн мод тарих өдрийг санаачлан, тэмдэглэн өнгөрүүлдэг болсон нь ард иргэдийн зан үйл, хандлагыг өөрчлөхөд ихээхэн нөлөөлж байна.

Уг салбарт ахиц дэвшил арвин гарсан ч дэлхий дахины хэмжээнд гарч буй ой хээрийн түймэр, хөнөөлт шавж, ашигт малтмалын хэт олборлолт, нөөцийн зохисгүй менежмент, уур амьсгалын өөрчлөлт зэргээс үүдэн ойн мод устах, доройтох аюул Монгол Улсад ч нүүрлээд байна. Эдгээр эрсдэлд биологийн олон янз байдал хамгийн их өртөж, экосистемийн тэнцвэрт байдал алдагдахад хүрээд байна. 2019 онд нийтлэгдсэн НҮБ-ын тайланд биологийн олон янз байдал урьд өмнө байгаагүй хурдтайгаар устаж, "дэлхийн аль ч өнцөгт байгаа  хүний амьдралд маш ноцтой нөлөөлөх хэмжээнд хүрээд байна" гэж онцолжээ.

Хэрэв бид яг ОДОО хариу арга хэмжээ авч ажиллавал ой модоо аврах боломжтой. Энэ үйлсэд эрдэм шинжилгээний байгууллага, бодлого боловсруулагч, орон нутгийн иргэд, иргэний нийгэм болоод хүн бүрийн оролцоо шаардлагатай. Эдийн засаг, байгаль орчин, нийгмийн гээд хоорондоо нягт уялдсан олон асуудлыг бид ойн тогтвортой менежментийг хэрэгжүүлснээр шийдвэрлэж чадна.

Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд нь байгалийн нөөцийн менежмент, ялангуяа ойн нөөцийн тогтвортой байдлыг хангах, Биологийн олон янз байдлын тухай олон улсын конвенцын хүрээнд гарсан “Айчи”-ийн зорилтыг хангахад чиглэсэн хэд хэдэн төсөл, хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газартай хамтран хэрэгжүүлж байна. Тухайлбал, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр нь ойн тогтвортой менежмент, биологийн олон янз байдлыг хамгаалах, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлж, ойн нөхөн сэргээлт, ойжуулалтыг дэмжин, ойн доройтлоос урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр Монгол Улсын Засгийн газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай үр бүтээлтэйгээр хамтран ажиллаж байна.

Гэвч цаашид бид зорилгоо улам батжуулж, алдаж боломгүй үнэ цэнэтэй бүхэл бүтэн экосистем болсон ой болон биологийн олон янз байдлаа хадгалж үлдэх нь чухал юм.

Тиймээс Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас та бүгдийг өнөө болон ирээдүйн хойч үеийнхээ төлөө ширхэг мод бүрийг хийгээд түүнийг хүрээлэн буй амьд бичил организм бүрийг хайрлан, хамгаалах үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Хорио цээрийн үед санхүүгийн сахилга батаа сайжруулах
Хорио цээрийн үед санхүүгийн сахилга батаа сайжруулах "31Т" сарын дэглэм
 
Улсын дугаартаа ХААЛТ хийж, хөдөлгөөнд оролцсон жолоочийн “ЖОЛООДОХ ЭРХ“-ийг 1 жилээр хасаж, 25 мянгаар торгов
Улсын дугаартаа ХААЛТ хийж, хөдөлгөөнд оролцсон жолоочийн “ЖОЛООДОХ ЭРХ“-ийг 1 жилээр хасаж, 25 мянгаар торгов
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.