ЭМЯ-ны Эм, эмнэлгийн хэрэгслэл, үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Г.Цэцэнсанаа яамны фейсбүүк хуудсаар дамжуулан цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Сүүлийн үед нийгмийн цахим сүлжээгээр хүүхэд, уналтын эсрэг эм Монгол Улсад бүртгэлгүй, худалдаалахгүй байна. Үүнээс болоод эмийн тасалдал үүсээд байна гэх мэдээлэл гарч байгаатай холбогдуулан албан ёсны тайлбар хийж байна.
Уналт, таталтын эм нь “Дефакин” буюу олон улсын нэршлээр вольфраны хүчил нь албан ёсны бүртгэлтэй байдаг. Тус эмийн үйлдвэрлэгч болох Франц улсын “Sanofi” компани нь Монгол Улсад албан ёсны төлөөлөгчийн газартай байж байгаад 2019 оны гуравдугаар сард төлөөлөгчийн газраа татан буулгасан. Үүнтэй холбоотойгоор нийлүүлэлт хийхгүй, зах зээл дээр тасалдал үүсээд байна. Мөн бүртгэлийн хугацаа дууссан асуудал байхгүй гэдгийг мэдэгдье.
Гэсэн хэдий ч вольфраны хүчил буюу өөр үйлдвэрлэгчийн нэр, шошготой ижил төрлийн эмүүд худалдаалагдаж байна.
Мөн Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан хүүхдэд зайлшгүй шаардлагатай эмийн нэгдүгээр жагсаалтад уналт, таталтын эсрэг таван нэрийн эмийг багтаасан байдаг. Үүний нэг нь болох “Дефакин” эм тасалдал үүссэн. Энэ төрлийн бусад эмүүд хэвийн худалдаалагдаж байна” гэв.