Өнөөдөр Дархан-Уул аймгийн төвд аж ахуйн нэгж, байгууллагын албан хаагчид, сургуулийн багш нарыг дайчлан богино хугацаатай эргүүлээр ажиллуулж эхэлсэн байна. Эргүүл нь гудамж, нийтийн зам талбайд яваа амны хаалтгүй иргэдэд мэдээлэл өгч, шаардлага тавих, мөн олноороо цугларч бөөгнөрөх эрсдэлээс сэргийлэх арга хэмжээ авах үүрэгтэй аж. Эргүүлүүдийг хэдхэн цагийн хугацаатай ээлжээр ажиллуулж байгаа бөгөөд өнөөдөр гарсан албан хаагчид ирэх Даваа гарагт дахин эргүүлд гарна.
Аймгийн Онцгой комисс лхагва гарагт хэсэгчилсэн хуралдаан хийж хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэсний дотор сэжиг бүхий иргэдтэй гэрээ байгуулан 14 хоног тусгаарлах, тусгаарласан хугацааны зардлыг өдрийн 40.000 төгрөг, цагаан хэрэглэлийн төлбөрийг авахаар болсон байна. Мөн ажиглан тусгаарлах байраар ашигласан хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад нөхөн олговор олгож, ажиглан тусгаарлах байрны бэлтгэл бэлэн байдлыг хангуулахад Нийгмийн бодлогын хэлтэс хяналт тавихыг үүрэг болгов. Ажиглан тусгаарлах байранд иргэдэд гаднаас хүнсний болон ахуйн эд зүйл оруулах хугацааг өдөр бүрийн 12:00-14:00 цагийн хооронд Цагдаагийн газрын хяналт шалгалт дор оруулж эрсдэл үүсэхээс урьдчилан сэргийлж тэмдэглэл хөтлөх зэрэг бусад шийдвэрийг гаргажээ.
Дархан-Уул аймагт 100 иргэнийг ажиглалтад байлгаж байсан бол өнөө өглөөний 08.30 минутад 14 хоногийн ажиглалтын хугацаа дууссан 3 иргэнийг аймгийн шуурхай штабын шийдвэрийн дагуу ажиглалтаас гаргасан байна. Үлдсэн 97 иргэний биеийн байдал сайн байгаа бөгөөд тэдэнд 5 эмч, 4 сувилагч, 4 үйлчлэгч, 1 тогоочийн бүрэлдэхүүнтэй үйлчлэн ажиллаж байна. Тусгаарлах байрны хамгаалалтанд цагдаагийн газрын 6 алба хаагч, 3 автомашинтайгаар 24 цагаар үүрэг гүйцэтгэж байна.