Дотоодод дельта хувилбар хурдтай тархаж, есдүгээр сарын сүүлээр өдөрт батлагдаж буй тохиолдлын 60-70 хувьд илрэх болсон талаар албаныхан мэдээлсэн. Тэгвэл цаашид халдварын нөхцөл байдал хэрхэх болон олон нийтийн хариулт "эрсэн" олон асуудлын хүрээнд УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийн гишүүн Т.Бэгзсүрэнтэй ярилцлаа.
-Дотоодод дельта хувилбарын тархалт нэмэгдэж, нөхцөл байдал болоод эмнэлгийн тусламж үйлчилгээ ч хүндэрч байна. Эрдэмтдийн зөвлөлөөс есдүгээр сард дельта хувилбар давамгайлна гэж мэдээлж байсан. Дельта хувилбарын тархалттай холбоотой хийсэн тооцоолол, судалгааны талаар яриагаа эхлүүлье?
-Зургаадугаар сард дотоодод альфа хувилбар давамгайлан тархаж байсан. Мөн тэр үед Уханьд гарсан анхны хувилбар, Монголд үүссэн мутаци хувилбар гэх мэт хувилбарууд бага хувьтай тархаж байсан юм. Альфа хувилбарын тархалт зургаадугаар сарын дунд үед оргилдоо хүрсэн ч мөн сарын 18-наас наймдугаар сарын 10-нийг хүртэл тасралтгүй буурсан. Тухайн үед альфа хувилбарын тохиолдол улам бүр багассаар наймдугаар сарын дунд үед өдөрт бүртгэгдэх тоо нь 500-аас доош орсон.
Бидний зургадугаар сард хийсэн тооцооллоор хэрвээ альфа хувилбараас өөр ямар нэгэн хувилбар орж ирэхгүй бол наймдугаар сард халдварын тохиолдол 90 орчим хувиар багасна гэх прогнозтой байсан. Гэвч зургаадугаар сарын сүүлээр дельта хувилбар орж ирсэн байх магадлалтай. Ингэхдээ дельта хувилбарын тархалт анх хөдөө орон нутагт өндөр бүртгэгдэж эхэлснийг та бүхэн санаж байгаа байх. Дельта хувилбарын тархалт бага багаар өссөөр оргил үе нь есдүгээр сарын дунд үед таарсан нь энэ юм.
-Дельта хувилбарын тархалтад эрчимтэй нөлөөлсөн хүчин зүйл юу байв. Хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний эрчим нэмэгдсэнтэй холбон тайлбарлах хүмүүс их байна?
-Хичээл сургууль эхлэх халдварын тархалтад шууд нөлөөлсөн гэж дүгнэх өрөөсгөл. Угаас дельтагийн тархацын оргил үе нь ямар ч тохиолдолд есдүгээр сард таарах магадлалтай байсан. Бид долдугаар сарын сүүлд нөхцөл байдлыг хүндрэхийг мэдсэн байсан боловч хэзээ яаж гэдгийг хэлэхэд хэцүү байлаа. Наймдугаар сарын 10-даар дельтагийин оргил үе есдүгээр сард тохиохыг олж тооцоолсон. Ийм ч учраас дунд сургууль болон сургуулийн өмнөх боловсролыг бүрэн хичээллэхгүй ээлжээр хичээллэх нь зүйтэй гэж зөвлөмж өгсөн. ЕБС болон СӨБ харьцангуй өндөр зохион байгуулалттай байгаа.
Ингэж хурдан тархсан гол шалтгаан бол дельта хувилбар нь альфатайгаа харьцуулахад халдварлах чадвар хоёр дахин өндөр. Үүнээс халдварын тархалт богино хугацаанд маш хурдтай өсөх нөхцөл бүрдсэн. Тухайлбал, зургаадугаар сарын альфа хувилбарын тархалтын оргил үед 2700 орчим тохиолдол бүртгэгдэж байсан бол дельта хувилбар есдүгээр сарын дундаас хойш 20-н орчимд үед оргилдоо хүрч 4000 ба түүнээс давах нөхцөл бүрдсэн.
Дельта хувилбар хурдан тархсан шигээ хурдан буурах магадлал өндөр.
Түүнээс гадна дельта хувилбарын нууц үеийн хугацаа альфа хувилбартай харьцуулахад даруй өдөр хагасаар богино. Энэ ч тархалтын байдалд нөлөөлсөн.
-Дельта хувилбар өргөн тархаж буйтай холбогдуулан вакцины үр нөлөө хэдэн хувиар буурч байна вэ. Иргэд олон нийт вакцин халдвараас хамгаалж чадаж байна уу гэдэгт эргэлзэж байна шүү дээ?
-Дельта хувилбарын эсрэг вакцины үр нөлөө нэлээдгүй хувиар буурч байна. Гэхдээ вакцины үр нөлөөг гурван байдлаар авч үзэж болно.
Нэгдүгээрт, халдвараас хамгаалах үр нөлөө. Бидний үзэж буйгаар, альфа давамгайлан тархалтын үед халдвараас сэргийлэх магадлал 75 орчим хувьтай байсан. Энэ нь дельта хувилбарын тархалтын үед ойролцоогоор 28 орчим хувиар буурсан. Өөрөөр хэлбэл, вакцин хоёр хүний нэгийг нь л халдвар авахаас хамгаалж чадаж байгаатай адил гэсэн үг.
Хоёрдугаарт, хүндрэлээс сэргийлэх үр нөлөө. Энэ тохиолдолд альфа, дельта хувилбараас шалтгаалахгүйгээр вакцины үр нөлөө 90 орчим хувьтай хамгаална.
Гуравдугаарт, нас баралтаас сэргийлж байгаа. 90-ээс дээш хувьтай хамгаалж байна. Вакцин нэлээн үр нөлөөтэй. Есдүгээр сард хөл хорио тогтоогоогүйн учир шалтгаан нь насанд хүрсэн хүн амынхаа 65 гаруй хувийг хоёр тун вакцинаар дархлаажуулсантай холбоотой. Иймээс хатуу хөл хорио тогтоох шаардлагагүй. Ер нь хөл хорио бол цаг хожих л үүрэгтэй. Бид өмнө дөрвөн удаа хөл хорио тогтоосон. Хэрвээ вакцин хийлгээгүй байхад халдвар тархсан бол одоогийн нас баралт арав дахин их байх байсан. Сүүлийн өдрүүдэд өдөрт дунджаар 15 орчим хүн халдварын шалтгаант эндэж байна. Хэрвээ вакцингүй байсан бол өдөрт 140-160 орчим хүн нас барах байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр вакцин ийм л эерэг нөлөөтэй байгаа юм.
~10 дугаар сарын сүүлээр өөр мутаци орж ирэхгүй бол тохиолдлын тоо 1000-аас доош буух магадлалтай~
-Дельта хувилбар тархсан шигээ буурах магадлал нь ч хурдан гэж та хэллээ. Тэгвэл энэ аравдугаар сард тохиолдлын тоо буурах төлөв бий юу?
-Есдүгээр сарын дельта хувилбарын тархалт вакцинжуулалтад хандсан төлөвт орж байгаа. ЭМЯ-наас гуравдугаар тунг хийж эхэлсэн. Харамсалтай нь, гуравдугаар тунгийн үр нөлөө нь дельтагийн тархалтыг цаг хугацааны хувьд гүйцэхгүй. Гэхдээ гурав дахь тун вакцин өөр мутаци хувилбар орж ирвэл түүнээс хамгаалахад нөлөөтэй. Нэг ёсондоо, зургадугаар сард бид хэлэхдээ өөр хувилбар орж ирэхгүй бол наймдугаар сард нөхцөл байдал хэвийн болно гэж ярьж байсан шүү дээ. Харамсалтай нь, дельта хувилбар хэтэрхий хурдан орж ирж бүртгэгдсэн.
Хэрэв 10 дугаар сарын сүүлээр дельтагаас өөр аюултай хувилбар орж ирэхгүй бол өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1000-аас доош орох магадлалтай.
-Дельтагийн тархалттай холбогдуулан гуравдугаар тунг хийж эхэлсэн. Тэгвэл дельтагийн эсрэг гуравдугаар тунгийн үр нөлөө хэр байх бол. Ханиад томууны улирал ч хаяанд ирчихлээ шүү дээ?
-Гурав дахь тун дельта хувилбараас өөр мутаци бүртгэгдвэл үр нөлөөгөө өгөх юм. Гэхдээ гурав дахь тунгийн дархлаажуулалт дельта хувилбарын тархалттай зэрэгцэн хийж таарсан. Вакцин хийлгэснээс хойш 14 хоногийн дараа үр нөлөө мэдэгдэж эхэлдэг.
Иймд III тун дельтагийн тархалтыг хурдан буурахад нөлөөтэй боловч ид оргил үед нь нөлөө үзүүлэх нь бага. Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан ковид, томуу холилдох магадлал байгаа. Гэхдээ ПСР шинжилгээгээр коронавирусийн халдварыг ялгаж чадах учраас бид ханиад, томууг ялгах бүрэн боломжтой.
-Зургаадугаар сард альфа хувилбар, есдүгээр сард дельтагийн оргил үе байсан. Тэгвэл үүнтэй адилаар дельта, альфа аль ч хувилбараар дахин оргил үе тохиох боломж бий юу?
-Альфа, дельта аль ч дахин халдварын давалгаа үүсэхгүй. Өөр мутаци хувилбараар л үүсэх магадлалтай. Альфа хувилбарт илэрч бүртгэгдсэн хүмүүсийн тоо ойролцоогоор 180 мянгаас 200 мянга. Гэхдээ бүртгэгдсэн нь л 200 мянга орчим болохоос нэг хүний ард ойролцоогоор бүртгэгдээгүй 3-4 хүн байдаг. Тухайлбал, гэр бүлээрээ өвдлөө гэж бодоход аав, ээж хоёр нь эерэг байхад хүүхэд нь сөрөг гарч бүртгэгдээгүй, халдварыг ханиад гэж бодоод бүртгэгдээгүй, хөнгөхөн шинж тэмдэг илэрсэн учраас бүртгэгдээгүй, шинж тэмдэг огт илэрдэггүй, халдварыг тээдэг хүмүүс ч байна. Үүнээс үзвэл, альфа хувилбарт өртсөн хүмүүсийн тоо 600 мянгаас 800 мянгаар тоологдоно.
~2.1 сая хүн аль хэзээний дельтагийн эсрэг холимог буюу хайбрид дархлаатай болсон байх магадлалтай~
-Вакцинжуулалт, өвдөөд эдгэрсэн байдал зэргээс үзвэл манайд дархлаа тогтоц хэр байна вэ?
-Есдүгээр сарын 25-ны байдлаар 100-120 мянган хүн дельтагийн хувилбараар бүртгэгдсэн. Нэг хүний ард бүртгэгдээгүй гурван байгаа гэж үзвэл эдгээр 100-120 мянган тохиолдлын ард 300-360 мянга орчим хүн бий гэсэн үг. Товчхондоо, нийт хүн амын 2.1 сая хүн аль хэзээний дельтагийн эсрэг холимог буюу хайбрид дархлаатай болчихсон байх магадлалтай.
Оргил үе дуусаагүй гэж үзвэл одоогоор 80 мянга орчим хүн дельта хувилбараар өвчлөх магадлалтай.
Ер нь халдвар нийтээрээ өргөн тархалттай байгаа бол нийтийн дархлаа тогтох төвшин өсдөг. Гэхдээ өдөрт бүртгэгдэх халдварын тоог нэг удаа түр зогсдог ч юм уу, ямар нэгэн арга хэмжээ авч буулгах хэрэгтэй. Нийтийн дунд халдвартай хүн ихээр явсаар байвал цааш үүсэх гинжин урвал олигтой тасрахгүй.
Одоогийн байдлаар жаахан л дориун арга хэмжээ авбал халдвар тархалт өөрөө огцом унтрахаар байна.
Энгийнээр хэлбэл, нийт хүн амын 70 хувь нь вакциндаа хамрагдсан гэж үзвэл түүний 35 хувь нь вакцинаар хамгаалагдсан байна гэсэн үг. Вакцин 50 хувьтай үйлчилсэн гэж бодоход халдвараас 35 хувь буюу ойролцоогоор 1.2 сая хүн вакцинаар хамгаалагдсан, 1 сая гаруй хүн өвдөөд эдгэсэн, нийтдээ 2 сая гаруй хүн дархлаатай байна.
-Есдүгээр сарын дунд үеэс өдөрт нас барах хүний тоо өндөр байлаа. Нас баралт тал дээр хийсэн тооцоолол байсан уу?
-Халдварын оргил үеэс нас баралт нь 14 хоногоор хоцорч явдаг. Нас баралтын тохиолдол есдүгээр сарын 20 хавьцаа өндөр бүртгэгдэж эхэлсэн гэж үзэхэд оргил үе нь 14 хоногийн дараа буюу аравдугаар сарын эхээр тохионо.
~Эрдэмтдийн зөвлөлийн тооцоолол, судалгааг сонсох ч үе байсан, сонсохгүй байсан үе ч бий~
-Өнгөрсөн хугацаанд УОК, НОК ч мэргэжлийн байгууллагуудынхаа судалгаа, тооцоолол, саналыг сонсохгүй байна гэх шүүмжлэлд их өртсөн. Тухайлбал, эрдэмтдийн зөвлөлөөс гаргаж буй тооцоолол, судалгааг УОК, НОК хэр хүлээн авч, хариу арга хэмжээндээ тусгаж байна гэж үзэж байна вэ?
-Ихэнхдээ авах ч үе байсан, авахгүй үе ч байсан. Тухайлбал, миний бие УОК-ын дэргэдэх Эрдэмтдийн зөвлөлийг судалгаа, шинжилгээний бүлэг байхаас эхлэн буюу 2020 оны 11 дүгээр сараас бүрэлдэхүүнд орж ажилласан. Тухайн үед судалгаа, шинжилгээний бүлгийн дүгнэлтийг шийдвэр, хариу арга хэмжээндээ маш сайн тусгадаг байсан. Нэгдүгээр сард Засгийн газар солигдож, УОК-ын бүрэлдэхүүнд ч тодорхой хэмжээнд өөрчлөлт орсон, тактик солигдсон. Цагаан сарын үеэр хөл хорио тогтооход УОК-ын шуурхай штабын дэргэдэх судалгаа, шинжилгээний бүлгээс 16 хоног тогтоох саналыг өгсөн. Гэтэл хөл хориог бидний зөвлөснөөс бага хугацаатай тогтоосон.
Гуравдугаар сард ХӨСҮТ, мөн бас манай судалгааны багаас тооцоотой хамт гурван удаа хөл хорио тогтоох саналыг өгч байсан. Хөл хорио тогтоохгүй байсаар дөрөвдүгээр сарын 10-наас тавдугаар сарын 8 хүртэл 28 хоногийн хугацаатай хөл хорио тогтоосон. Энэ нь бага зэрэг хоцорсон хөл хорио болсон. Хоцорсон ч гэсэн энэ хөл хорио маш олон хүний амь нас аварсан. Үүнээс хойш вакцинжуулалт өндөр түвшинд хүрсэн учир хөл хорионы талаар ярих шаардлагагүй болсон.
Одоогийн засгийн газар вакцин хийж болон хүн амыг бүгдийг богино хугацаанд 2 тунгаар вакцинжуулж чадлаа. Эрдэмтдийн зөвлөл тэр дундаа Мандахнаран, Тэмүүлэн, Сувдаа зэрэг докторууд вакцины талаар маш хурдан шинэ судалгаа шинжилгээний ажлуудыг уншиж хурдан шуурхай зөвлөмж бичсэн.
-Ер нь цаашид хөл хорио тогтоох тогтоох нөхцөл байдал үүсвэл хэсэгчилсэн аль эсвэл хатуу хөл хорионы аль нь үр дүнтэй вэ?
-Вакцинжуулалт 70 хувьд хүрчихсэн энэ цаг үед хөл хорио тэр бүр яригдахгүй болов уу. Өмнө хэлсэнчлэн хөл хорио вакцины үр нөлөө гартал бол цаг хожих л зорилготой. Халдвар тархалтын гинжин хэлхээг тасалдаг ганц арга нь хөл хорио байдаг. Нийтийн дунд тархчихсан байгаа тохиолдолд хөл хорио үр дүнтэй гэвэл үр дүнтэй.
Гэхдээ одоогийн нөхцөлд хатуу хөл хорио бол эдийн засаг, боловсролын салбарт ч маш их хохиролтой. Тиймээс тодорхой хөдөлгөөн хязгаарлалт, эсвэл шөнийн болон халдвар ихтэй бүс нутгуудад хэсэгчилсэн арга хэмжээ авах нь зүйтэй гэж бодож байна.