Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭЕРЭГ СУРВАЛЖИЛГА: Үндэсний өв соёл, монгол бичгээ сурталчлахаар хашаа, байшингаа эх бичгээр бичсэн зарлигаар гоёсон Л.Мөнх-Эрдэнийнх

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
10 минут 19 секунд


Иргэн Л.Мөнх-Эрдэнэ, Г.Оюун нар Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Баянхошууны Хөтөлийн буудлын хойд дэнжийн уулын орой дээр "GREEN MART" гэх дэлгүүрийг ажиллуулдаг. Ингэхдээ үндэсний өв соёл, монгол ахуй, бичгээ таниулан сурталчлах үүднээс дэлгүүрээ, хашаагаа монгол бичгээр бичсэн зарлигуудаар гоёжээ. Тиймээс нийгэмд гэрэл асааж, монгол ахуйгаа сурталчилж буй гэр бүлийн төлөөлөлтэй уулзаж цөөн хором ярилцлаа.

-Сайн байна уу. Анх орчин нөхцлөө ийм болгон тохижуулах санаагаа хаанаас олсон бэ. Хэн анх санаачлав?

Эхнэр: Манайх зургаан жилийн өмнө дэлгүүрийнхээ үйл ажиллагаагаа эхэлж байсан. Ингээд дэлгүүрээ ажиллуулаад явж байтал нөхөр маань монгол ахуй, үндэсний өв соёл, эх бичгээ сурталчилъя хашаа, байшин, орчноо монгол бичгээрээ гоёцгооё гээд ингэж шийдсэн. Гол нь сүүлийн жилүүдэд монгол бичиг маань орхигдоод байна шүү дээ. Тиймээс монгол ахуйгаа тод гаргая, өв соёлоо сэргээе, цаашлаад манай хажуугаар өнгөрсөн хэн ч бай хэл бичигтэйгээ танилцаад бахархаад гарах юм болов уу хэмээн бодож энэ зургаа зурж байсан.

-Дэлгүүрийн ханан дээр бичсэн үгийн утга сонголтын хувьд Чингис хааны зарлигаас авахуулаад төрийн дуулал хүртэл бичжээ. Яагаад ийм бичвэрүүдийг сонгох болсон бэ?

Эхнэр: Чингис хааны зарлиг үгийг тэр болгон хүмүүс мэддэггүй юм билээ. Тиймээс тэрхүү зарлигийг сануулж, харуулах гэсэн юм. Бидний өвөг дээдэс юуг үлдээсэн гэдгийг олонд таниулах хэрэгтэй шүү дээ. Манай хашааны бичээсийг уншаад зогсдог хүмүүс ч байдаг. Тэр хүмүүсийг харахаар их гоё санагддаг. Бидний өвөг дээдээс юуг захиж үлдээсэн бэ. Юуг хайрлаж хамгаалж явах хэрэгтэй вэ гэдгийг бид ингээд ч болтугай таниулах хэрэгтэй гэж боддог. Монгол бичиг хаанаас үүсэлтэй вэ гэдгээ ч их бага гэлтгүй л мэдэж байх нь чухал байх. Ер нь Монгол Улсаараа бахархах бидэнд юуг өвлүүлж үлдээснийг харах, мэдэх хэрэгтэй. Энийг л таниулах нь чухал. Хашаан дээр бичээд орхих зүйл биш тархи зүрхэндээ энэ зүйлсийг шингээж л байвал болно доо . Гэхдээ бид хоосон цээжээ дэлдээд байх биш сурч мэдэх, хөгжих нь зүйтэй.

"Дэм дэмэндээ, дээс эрчиндээ"

-Энэ зураг бичвэрүүдээ хэзээнээс ингэж зурсан бэ. Хэдий хугацаа шаардав?

Эхнэр: Өнгөрсөн долоодугаар сараас эхлээд саяхан дуусч байна. "Дэм дэмэндээ, дээс эрчиндээ" гэдэг шиг сайн ханьтай учирсан болохоор хамтдаа энэ бүх зүйлийг бүтээж байна гэхээр гоё байдаг. Манай нөхөр 99 хувьд нь ажилласан. /Инээв/ Би чимхлүүр ажил дээр л ажиллалаа.

-Л.Мөнх-Эрдэнэ ахын хувьд бас энэ зүйлсийг хийсэн талаараа ярьвал?

Нөхөр: Анх дотоод дизайныг нь гаргачихаад харсан чинь хана нь нэг л цулгуу харагдаад байлаа. Тэгээд ханийгаа чи энд нэг зураг зураач гэж хэлэхэд “Би зураг зураагүй олон жил болсон байна” гэсэн хэдий ч зурсан. Тэгээд л энэ санаанууд цааш дэлгэрсээр өдийг хүрч байна. Мөн хананууд дээр Хүннүгийн үеийн сүг зурагнуудыг ч гэсэн зурсан байгаа. Байгаль дэлхий өв соёлоо хамгаалдаггүй хүмүүс яг бодит агуй дээр нь очоод элдэв төрлийн юм сараачдаг шүү дээ. Ингэж болохгүй. Тиймээс бид тэр зүйлсийг өөрсдийн хэмжээнд таниулж мэдүүлж байна гэж ойлгож болно. Хоорондоо их ярилцдаг даа бид хоёр. Их сайхан байна. Хүн хаана амьдарч байгаа нь чухал биш, яаж амьдарч байгаа нь л хамгийнн чухал.

-Та хоёрын хувьд ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

Нөхөр: Эхнэр маань хувцасны дизайнер мэргэжилтэй. Би өөрөө барилгын инженер мэргэжилтэй. Эхнэр минь төгссөнөөсөө хойш мэргэжлээрээ ажиллаж байгаад л хоёулаа бизнес хийж эхэлсэн.

-Гэр хороолол, тэр дундаа жаахан алслагдмал газарт ийм дэлгүүр байдаггүй гэхэд хилдсдэхгүй. Тэгэхээр ойр орчны иргэд хэрхэн хүлээж авч байна?

Эхнэр: Миний бодлоор бахдаж, бахархаж хүмүүс орж ирдэг. Тэрэнд нь маш их баярладаг. Эндээс зөв үлгэр дуурайлал аваасай гэж боддог. Зарим нь магтдаг шүү. Монгол бичиг мэддэгүүд нь уншчихдаг, мэддэггүй хүмүүс нь утгыг нь хэлүүлж дуусаад монгол бичиг сурна аа гээд л гардаг.

Ярихаасаа өмнө хийж үзүүлэх хэрэгтэй

-Цаашдаа ямар ажлыг нэмж хийх вэ. Ямар шинэ санаа оноо байгаа вэ?

Нөхөр: Их зүйлийг хийж бүтээнэ ээ. Ярихаасаа өмнө хийж үзүүлэх хэрэгтэй байх. Хүүхдүүд ч бага байна, залуу ч байна даа. Одоо дөрвөн хүүхэд минь бас энэ зүйлсэд дуртай болоод байна шүү дээ. Том охин минь дурлаад архетиктур мэргэжлээр суралцаж байна.

-Мөн энэ дэлгүүрийн ойр орчим “Эко” байх зорилт тавиад байгаа гэж сонссон энэ талаараа ярьвал?

Нөхөр: Хамгийн гол нь гар утас, архи тамхины хэрэглээнээс хол хүүхэд, залуус цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд бас анхаарал хандуулж байна. Гэр хороололд ийм газар ховор шүү дээ. Бид л зөв хандлага зөв зүйлсийг уриалан дуудах нь зөв. Бидний үр хүүхдүүд нэг аяга кофе уусан ч дулаан тохь тухтай газар суугаасай гэсэн дээ энэ бүхнийг хийж банйа. Заавал бизнес, мөнгө хараагүй. Манайх газрын өндөрт хол байрладаг. Хэрвээ ашгаа бодсон бол төвөө л бараадна шүү дээ.

"Хэчнээн ядарсан хэдий ч ханиа энэ гоё боллоо шүү гээд ярилцаад зогсох сайхан"

-Найз нөхөд ойр дотныхон нь энэ зүйлсийг хэрхэн хүлээж авч байна?

Эхнэр: Эндээс юуг хэлэх гээд байна вэ гэхээр хүн хаана ч амьдарч болно. Уулын орой дээр ч амьдарч болно. Ямар ч юманд мөнгө гэдгийг түрүүлж харахаасаа өмнө өөрсдөдөө таалагддаг зүйлээ хийж, тэрнээсээ мэдрэмж авах сайхан. Хэчнээн ядарсан хэдий ч ханиа энэ гоё боллоо шүү гээд ярилцаад зогсох сайхан. Хүмүүс бол сонин бөглүү гэр хороололд ийм юм хийлээ. Наад зүйл чинь ахицгүй юм биш үү гэж ярьдаг. Гэхдээ тэр нь гол биш өөрт байгаа юмаа өөд нь татаад, таалагдах орчноо бүрдүүлж амьдрах нь л чухал санагддаг. Хааяа ч гэсэн ойр тойрныхон маань ийм зүйл хараад нүд сэтгэлээ баясгаад яваасай.

"Чи сайн үрийг тарих юм бол хойч үе чинь тэр үр жимсийг амтархан иднэ"

Уншигчиддаа нэмж захих зүйл байна уу?

Эхнэр: Ямар ч юман дээр сэтгэл гаргах хэрэгтэй. Чи сайн үрийг тарих юм бол хойч үе чинь тэр үр жимсийг амтархан иднэ гэдгийг л хэлмээр байна.

Ингээд бид аав ээжээсээ үлгэр дуурайлал авч, Архитектур мэргэжлээр суралцаж буй М.Хулан охинтой ч ярилцлаа.

"Монголдоо төрсөн л юм бол МОНГОЛ СЭТГЭЛЭЭР заримдаа ч гэсэн сэтгэж байя л даа"

-Яагаад архетиктур болохоор шийдсэн бэ. Аав ээжийнх нь хийж байгаа зүйлс нөлөөлөв үү?

-Манай хашааны ойролцоо алхаж байгаа хүн Монгол баатрыг, бичгийг мэдэж авах байх гэж найдаж байна. Ер нь л аав ээжийгээ хараад архетиктур болохоор шийдсэн. Ирээдүйд Монгол гэрийг дэлхийд гаргах хэмжээний л хүн болмоор байна. Яг энд чөлөөт зураг зураагүй шалтгаан нь гудмаар алхахад тийм төрлийн зураг маш олон байдаг. Яг Монголоо гэсэн зураг мэдрэмж үлдээх зүйл байдаггүй.

-Үе тэнгийн залуусаа ямар байгаасай гэж хүсэж байна вэ?

-Үеийн залуучууд гадагшаа явах, гадаад хэлийг их сонирхдог. Гэхдээ Монголдоо тогтож, Монгол Улсдаа ажиллая гэдэг яриаг би сонсоогүй. Тийм болохоор Монголдоо төрсөн л юм бол МОНГОЛ СЭТГЭЛЭЭР заримдаа ч гэсэн сэтгэж байя л даа. Монголдоо байж яагаад эх орондоо хайртай байж болохгүй гэж, өвдөглөж унахдаа эх орноороо өргүүлдэг. Мөн хамгийн шимтэй бүхнийг энэ улсаас авч байгаа болохоор бид заримдаа ч гэсэн Монголоороо бахархах нь зүйтэй байх аа гэж би боддог.

Ярилцсан та бүхэнд баярлалаа.

Х.Умаахан

Хотын дарга хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхантай зөвшилцөл уулзалт хийж байна
Хотын дарга хоол үйлдвэрлэл үйлчилгээний салбарынхантай зөвшилцөл уулзалт хийж байна
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/10/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.