Улаанбаатар-Сөүлийн тусгай нислэг гуравдугаар сарын 15-ны өдөр Чингис хаан Олон улсын нисэх буудалд газардаж, БНСУ-аас 244 иргэн эх орондоо ирсэн билээ. Бид тус нислэгээр ирсэн иргэн Т.Долгорсүрэнтэй онлайнаар холбогдож тусгаарлах байр, хоол хүнс болон БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй ч ирж чадаагүй иргэдийн талаар мэдээлэл авлаа.
- Та ямар шугамаар БНСУ-д явж байгаад нутаг буцахаар болсон бэ?
- Би 2020 оны нэгдүгээр сарын 24-ны өдөр гэр бүлийн хамт Солонгост аяллын шугамаар очсон. Тэгсэн гэнэт маргааш нь буюу 25-ны өдөр миний бие эвгүйрхэж түргэм тусламжаар Сөүлийн эмнэлэгт хүргэгдсэн. Нэг сар гарантай жирэмсэн байснаа мэдээгүй онгоцонд суусан нь хэвлийн дэхь үрд минь аюул учруулсан байна гэж эмч нар хэлсэн. Хүүхэд амьгүй болж хагалгаанд орсон. Хоёрдугаар сарын 24-ны өдөр буцах байсан ч миний бие тааруу дээрээс нь гуравдугаар сарын арванд шинжилгээ хийлгэх ёстой. Тиймээс нислэгийн өдрөө гуравдугаар сарын 11 хүртэл хойшлуулсан. Ингээд л гацаанд орсон.
- Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайдын яам хэдний дотор нутаг буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг зарласан бэ? монгол буцах хүсэлтэй иргэдийн бүртгэлийг хэрхэн хийсэн бэ?
-2020 оны 3.12-ны өдрийн 09:30-17:30 цагаас эхлэн 3.13-ны 09:30-17:30 хүртэл л зарлаж бүртгэсэн. Ер нь бол гэнэт л консулын газраас монгол буцах хүсэлтэй иргэдийг яаралтай бүртгэнэ гэсэн.Сөүлд байсан иргэд л бүртгүүлж чадсан. Би мэдээд өглөө 8 цагт консулын газар орж бүртгүүлсэн. Миний биеийн байдал хүнд гэсэн эмнэлгийн бичиг бас гурван хүүхэдтэй болохоор бүртгүүлж ирэх боломжтой болсон. Маш олон хүн мэдэж чадаагүй байх гэж бодоод бусдадаа хэлэхээр фэйсбүүкээрээ лайв хийсэн. Тэгсэн ч нутаг буцах хүсэлтэй маш олон хүн тэнд үлдсэн.
- Тусгай нислэгээр явах нь баттай болсон иргэдэд мэдээлэлээ хэрхэн өгсөн бэ?
-Тусгай нислэгээр явах иргэдэд 14-ны өдөр имэйл болон мсж-ээр 14 хоногийн төлбөр, авиа тасалбараа МИАТ болго гэх заавар ирсэн. Хэрвээ үүний аль нэг биелээгүй бол суух эрх нээгдэхгүй гэсэн. Нэг хүний 14 хоногийн тусгаарлах байрны төлбөр 700 мянган төгрөг. Үүнээс гадна БНСУ-аас билет авахдаа МИАТ-аас өөр нислэгийн тасалбар авсан иргэд 254 мянган доллар төлж нислэгээ сольсон.
- Онгоцонд суухаас өмнө үзлэг хийсэн үү? Ямар шаардлага зөвлөмжийг өгсөн бэ?
-Биднийг суухаас өмнө халуун үзэж, зүүж ирсэн маск бээлийг хогийн саванд хаяулсан. Дараа нь гар ариутгаад 2 цаг тутамд солиорой гээд хоёр ээлжний маск өгсөн.
- Онгоцонд идэж уух зүйлийг хэрхэн зохицуулсан бэ?
-Онгоцонд идэж уух хоол ундны үйлчилгээ байгаагүй. Бас битгий идэж уу гээд айхтар хориглосон зүйл ч байгаагүй. Бид өөрт байгаа хүнсээ л хэрэглэсэн. Гэхдээ хүмүүс идэхээс илүү нутагтаа очихыг л хүсч, их яарч байсан. Манай гэрийнхэн ус ч уулгүй ирсэн. Харин маскаа огтхон ч тайлж болохгүй гэсэн сануулга байнга зарлаж байсан.
- Танай гэр бүлийнхэн бүгд ирсэн үү?
-Тиймээ, уг нь манай нөхөр үлдэх байсан ч би цус алдах магадлалтай гэсэн эмнэлгийн бичитэй тул нөхөр гурван хүүхдийн хамт явуулсан.
- Онгоцноос тусгаарлах байр луу ямар дамжлагаар явсан бэ?
-Бидэнд онгоц газардахад мэдээлэл өгсөн. Арав араваар нь хүн зөөвөрлөнө гэсэн. Бид ч дуулгавартай дагаж арав араваараа буусан. Онгоцноос буухаас өмнө гар ариутгал явагдаад дараа нь утсаа арчих тусгай алчуур өгч утсыг минь арчуулсан. Тэгээд гар тээш болон гутал ариутгасан. Дараа нь шууд 30 хүнийг нэг тусгай хувцастай жолоочтой автобусанд суулгаад авч явсан.
Яг хаашаа явж, хаана тусгаарлагдахаа мэдэхгүй байсан. Тэгээд гэр бүлээрээ явж байгаа хүмүүс байвал гараад ир гэсэн. Би нөхөр 3 хүүхэдтэйгээ автобуснаас буухад тусгай хувцастай хүн дагуулж нэг өрөөнд оруулсан.
-Онгоцноос буухад ямар мэдрэмж төрсөн бэ?
-Бид бүгд маш чангаар алга ташсан. Миний ойр байсан бүх хүн уйлсан. Би ч гэсэн үнэхээр их баярлаж уйлсан. Бүгд эх орондоо тавтай морил гэж байлаа. Эх оронтой гэдгээ мэдрэх дэндүү сайхан байлаа. Биднийг ингээд авч байгаад үнэхээр их талархаж байлаа. Гэхдээ миний хувьд ард үлдсэн иргэдээ бас аваасай гэж дотроо их залбирч байлаа. Онгоцноос буугаад миний монголын агаар ямар сайхан юм бэ гэдгийг анх удаа мэдэрлээ.
- Тусгаарлагдаж байгаа зарим иргэд ачаанаасаа эд зүйлээ авмаар байна гэх санал гаргасан гэсэн. Та бас ийм санал гаргасан уу?
-Үгүй ээ. Бид дараагийн хүмүүстээ асуудал үүсгэхгүй байх юмсан гэж бодоод хэрэгтэй юмаа авмаар байгаа ч санал гаргаагүй. Тэгэж байж дараа нь ирэх хүмүүст асуудал үүсэхгүй шүү дээ.
- Хоол ундны тал дээр хэр байна вэ? Зарим иргэдээс гомдол ирсэн гэж байсан.
-Бид "Энхсаран" сувилалд тусгаарлагдаж байгаа. Хоол унд маш сайн. Сайхан байна. Цэвэрлэгээний хувьд ч гэсэн ариутгал сайн хийгдэж байгаа. Харин эмнэлэгт тусгаарлагдаж байгаа хүмүүсийн хувьд л хоолны тал дээр асуудалтай байгаа юм шиг байна лээ.
Гэхдээ ийм хоол идээд тураад үхчихгүй л байх. Эх орон минь боломжоороо сайхан хүлээн авч байна.
- Одоо БНСУ-д Монгол буцах хүсэлтэй хэд орчим иргэн байгаа вэ?- Намайг консулын газар очдог өдөр өндөр настай, хөгжлийн бэрхшээлтэй, 0-14 насны хүүхэдтэй, хүнд өвчтэй гээд бараг 500-аад хүн бүртгүүлэх гэж цугласан. Бүртгүүлэх гэж оочирлоно. Оочирлохдоо нэг нэгнээ түлхэнэ, муудалцана.Энэ тал дээр консулын газар маш муу ажилласан гэж бодож байна. Хоёр өдөр л зарлаж бүртгэсэн болохоор Сөүлээс өөр газар байсан маш олон хүн бүртгэлд орж чадаагүй.
Нутаг буцах хүсэлтэй иргэд гарын үсэгээ цуглуулж консулын газарт хүсэлтээ өгсөн. Харин консулын газраас монгол улсын засгийн газарт энэ талаар уламжилж хэлнэ, бид шийдвэр гаргахгүй онцгой комисс хэлэлцэж шийднэ гэсэн. Тэнд үлдсэн иргэд нутаг буцахын тулд бүр болохгүй бол БНСУ-д шинжилгээ хийлгэе, тусгай хувцасаа өөрсдөө худалдаж авъя гэх саналыг хүртэл гаргасан.
Монголд ирсэн хүмүүсээс коронавирус илэрлээ гэх мэдээллийн маргаашнаас буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс хойш консулын газар ажиллахгүй утсаар хариу өгч байгаа гэсэн. Консулын газарт ариутгалын ажил явагдаж байгаа гэсэн. Хүн танихгүй газар хаана амьдрахаа ч мэдэхгүй метронд хоног төөрүүлж байгаа хүмүүс, өвдсөн ч гэсэн шүд зуун тэсч байгаа өвчтэй иргэд гээд маш олон хүн тэнд үлдсэн шүү. Тэднийг минь битгий вирус болгож хараасай.Эх оронд нь буцааж авчраасай гэж чин сэтгэлээ хүсэж байна.
Гар болон гар тээшийг нь ариутгаж байна.
Арав араваар нь нэрсийг нь дуудаж ариутгажээ.
Тусгаарлах байр луу хүргэх тусгай автобус.
Т.Долгорсүрэнгийн тусгаарлагдаж буй өрөө. Түүнд том сэлүүхэн санагдсан гэнэ.
Ирэхэд нь сүүтэй цайгаар угтжээ.
Тусгай хувцас өмссөн хүн мэдээлэл авахаар хаалганы цаана зогсож байна.
Гэр бүлийн хүний тоогоор таван ор, цагаан хэрэглэл,телевиз, хөргөгч гээд хэрэглээний зүйлс нь бүгд байжээ.
Э.Гэрэл