БНАСАУ шинэ төрлийн коронавирусний халдвар тархахаас сэргийлэх зорилгоор нийтийн тээврээр амны хаалтгүй зорчихыг хориглосон шийдвэр гаргасан байна.
Тодруулбал, тус улсын эрх баригч намын “Rodong Sinmun” сонинд ард иргэдийг нийтийн тээврийн хэрэгслээр зорчихдоо амны хаалтаа зүүж, галт тэрэг, автобус, таксинд суухын өмнө гараа ариутгахыг үүрэг болгосон талаар мэдээлжээ. Мөн хол замд зорчихоор нийтийн тээврийн хэрэгсэлд сууж буй иргэдийн халууныг шалган, сэжигтэй шинж тэмдэг илэрсэн тохиолдолд тээврийн хэрэгсэлд суухыг хориглож буй юм байна.
БНАСАУ нь халдварын голомт болох Хятад улстай хамгийн урт шугамаар хиллэдэг тул халдвар тархах өндөр эрсдэлтэй орнуудын нэгд тооцогдож буй. Хэдийгээр БНАСАУ-ын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд халдвар бүртгэгдээгүй гэж удаа дараа мэдээлж байгаа ч халдварын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байж болзошгүй юм байна.
Эх сурвалж: YONHAP NEWS