Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Улс төр хийх гэж байгаа бол надтай шууд тул, сайдуудаа огцруулахгүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
5 минут 10 секунд

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг танхимаараа огцорч магадгүй гэх яриа улс төрийн хүрээнийхэн дунд өнгөрсөн зун өрнөсөн. Уг яриа алсарч сүүлдээ Ерөнхий сайд танхимынхаа "асуудалтай" зарим сайд нарыг чөлөөлж магадгүй гэсэн мэдээлэл болон хувираад байгаа. Хамгийн сүүлд энэ долоо хоногийн Засгийн газрын хуралдааны өмнөх өдөр Н.Уртнасан сайдыг чөлөөлнө гэх мэдээлэл цацагдсан. Гэвч Засгийн газраар уг асуудлыг хэлэлцээгүй юм.

Тэгвэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сайд нарыг огцруулах болон танхимынхаа хувь заяаны талаар Ажил олгогч эздийн холбоо, мэргэжлийн нэгдсэн холбоодын нэгдсэн зөвлөлтэй хаалттай уулзалт хийх үеэрээ тодорхой хариулт өгчээ.

Тэрбээр "Засгийн газар сайд нар огцруулах асуудал огт ярихгүй. Мэргэжлийн сайд нарыг ажлыг нь хийлгэе. Одоо улс төржиж суух цаг биш. Хэрвээ улс төр хийх гэж байгаа бол Ерөнхий сайд надтай шууд тул. Ер нь үеийн үед Засгийн газрыг унагах, Засгийн газрын сайд нарыг огцруулах санаархал, оролдлого байсаар л ирсэн. Ийм оролдлого бүр оносон нь тун ховор. МАН яг энэ цаг үед ард түмнийхээ итгэлийг хүлээн төр, засгийн эрхийг бүрэн авч ажиллаж байна. Тиймээс бидэнд хийх зүйл их, алдах эрх байхгүй. Тэр тусмаа улс төржих цаг бүр ч байхгүй. Засаг төр тогтвортой байна гэдэгт та бүхэн итгээрэй" хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Ерөнхий сайдын дараах үгнээс намрын улс төртэй холбоотой хэд хэдэн тодорхой хариултыг ажиглаж болно. Өөрөөр хэлбэл, Л.Халтар, Н.Уртнасан, С.Энхболд тэргүүтэй сайд нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх асуудал энэ он дуустал дахиж яригдахгүй бололтой. Ерөнхий сайд улс төрийн ойлголцол, тохироогоо нам дотроо болон сөрөг хүчний төлөөллүүдтэйгээ тун чамбай хийсэн нь ойрын өдрүүдэд өрнөж буй дүр зургуудаас тодорхой ажиглагдаж буй. Тодруулбал, сөрөг хүчнийг "сумалж" мэдэх Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг зөвлөхөөрөө томилоод хажуудаа "наачихсан". Зөвлөх нь зөвлөж байгаа хүнээ унагах гээд явахгүй нь ойлгомжтой. Х.Баттулгатай ингэж ойлголцохын тулд Ш.Нямдорж, С.Ганбат тэргүүтэй ойрын хүмүүстэй нь "хуулийн хэлээр" ярьж, зарим нэгд нь ял оноогоод буй юм. Энэ асуудал даамжирвал төмөр замын хэргийг сэргээж мэднэ гэх "бор шувууг" ч нисгээд амжсан.

Харин намын нөхдийнхөө судсыг дээрхтэй төстэй аргаар атгаж, төрийн өмчит үйлдвэрийн газруудын дарга нарын авлига албан тушаалын хэргийг оролдох болсон. Энэ нэг талаасаа авлигчдыг "хазаарлаж" буй ч, нөгөө талдаа давхар улс төрийн үүргээ гүйцэтгэж буй үйл явц юм.

Эдгээрээс гадна өнгөрсөн долоо хоногт С.Баяраас бусад Ерөнхий сайдууд бүгд нэгдээд Л.Оюун-Эрдэнийн Оюутолгой дээр барьж буй бодлогыг дэмжиж, засаг төр тогтвортой байна гэдэг агуулгыг улс төрийн хүрээнд ойлгуулсан юм. Ерөнхий сайдууд гэдэг бол АН, МАН-ын бүлэг фракциудын ил гаргаж тавьсан "хөзрүүд". Өөрөөр хэлбэл Ерөнхий сайдууд нэгдэж байна гэдэг нь улс төрийн бүлэг фракцууд ойлголцож байна аа л гэсэн үг.

Үүнээс гадна Ерөнхийлөгчийн институт Засгийн газрын хувь заяанд хөндлөнгөөс оролцож унах босоход нь "гал"-ын дэмжлэг үзүүлсээр ирсэн. Тэгвэл шинээр сонгогдсон Ерөнхийлөгч У.Хүрэлсүх одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хоёрын ойлголцол үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдуудтай харьцуулахад маш өндөр. У.Хүрэлсүх ойрын үед лав Л.Оюун-Эрдэнийг унагахыг зүгээр хараад суухгүй нь ойлгомжтой.

Ийнхүү хүчтэй доргиж мэдэхээр байсан улс төр харьцангуй тогтвортой байх тал руугаа орж байх шиг байна. Ерөнхий сайд талуудыг маш сайн нэгтгэсэн бөгөөд өөрөө сайд нараа "сугалж" эхэлвэл танхим нь тэр чигтээ "гоожиж" мэдэх улс төрийн логикийг тун сайн ойлгож буй бололтой. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдыг огцруулах акц улс төрд өрнөхөд хамгийн түрүүнд түүнийг хамгаалах хүмүүс нь сайд нарынх нь улс төрийн фракциуд. Тийм байхад сайдуудаа өөрөө "жийгээд" эхэлвэл улс төрийн тогтворгүй байдал нь гаднаас биш дотроос үүсч мэднэ.

Г.Лхагвадорж

Сургууль, цэцэрлэгийн хүүхдийг эцэг, эхийн зөвшөөрлийн хуудаст үндэслэн томуугийн вакцинд хамруулна 
Сургууль, цэцэрлэгийн хүүхдийг эцэг, эхийн зөвшөөрлийн хуудаст үндэслэн томуугийн вакцинд хамруулна 
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/09/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.