ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын тархалттай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Гуравдугаар сарын 16-ны өдрийн 20:00 цагийн байдлаар Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн. Мөн өчигдөр оройн 19:20 цагт бүртгэгдсэн тохиолдлын хамтаар Монгол Улсад коронавируст халдварын таван тохиолдол албан ёсоор бүртгэгдээд байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал “Өнөөдрийн байдлаар 2771 иргэнийг ажиглалтанд аваад байна. Тусгаарлалт, ажиглалтанд авсан сэжигтэй тохиолдол 300 гаруй байна. Өнөөдөр БНТУ-ын Истанбул хотоос ирэх 270 гаруй иргэдийг “Зүчи” зочид буудал, “Бага баян” амралт, “Асралт мед” эмнэлэгт тусгаарлана. Тусгаарлах байрын бэлтгэл ажлыг хангаж, тухайн байранд ажиллах эмч, эмнэлгийн ажилтнуудын томилгоог хийгээд байна. Истанбул хотоос ирэх тусгай нислэгээр биеийн байдал хүнд хүүхэд ирнэ гэх мэдээлэл ирсний дагуу шаардлагатай үйлчилгээ үзүүлэх эмчийг хамтад нь илгээгээд байна. ОХУ-аас орж ирэх иргэдийн тоо нэмэгдэж магадгүй байгаа учраас Алтанбулаг боомтоор орж ирэх иргэдэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байна.
Эрүүл мэндийн сайдын тушаалаар авах арга хэмжээ, стратегийг бүрэн төлөвлөсөн байсан. Үүнийхээ дагуу ажиллаж байна. Түүнчлэн эрүүл мэндийн байгууллагуудын ачаалал ихсэж, дүүрсэн тохиолдолд гэрээр эмчлэх, тусгаарлах стратегийг хэрэгжүүлнэ. Үүнд орон нутгийн засаг захиргааны байгууллагууд болоод сайн дурын иргэдийг хамтран ажиллуулахаар төлөвлөсөн.
Мөн өнөөдөр 15:00 цагаас БНХАУ-ын эмч, эрдэмтэдтэй цахим хурал хийж, туршлага судлахаар төлөвлөөд байна. Иргэдэд тус вирусийн шинж тэмдэг илэрвэл юун түрүүнд 119, 100, 8008-6829, 7028-4393 болон өрх, дүүрэг, сум, тосгоны эрүүл мэндийн байгууллагын утсанд хандаж, зөвлөгөө мэдээлэл авахыг зөвлөж байна” гэв.