УИХ-ын олон өнгийг илэрхийлж чаддаг томоохон тойргийн нэг бол Завхан. Ингэж тодорхойлох болсон шалтгаан нь Завханы сонгогчид нам, эвсэлд бус нэр дэвшиж буй хүнийг хардагтай холбоотой. 72.2 мянган хүн амтай тус аймгийг одоогийн парламентад хоёр гишүүн төлөөлдөг. Гэхдээ 2012 оноос өмнө Завханаас сонгогдох гишүүний тоо гурав байсан юм.
Монгол Улс парламентын тогтолцоонд шилжихэд буюу 1992 онд завханчууд МАН (тухайн үеийн МАХН)-д итгэл хүлээлгэж, Н.Багабанди, Ц.Нямхайнямбуу болон С.Нямзагд нарыг АИХ-ын депутатаар сонгосон юм. Харин 1996 оны УИХ-д МАН-аас нэр дэвшсэн Н.Багабанди болон “АХ” эвслээс нэр дэвшсэн Ц.Ганхуяг, Н.Батцэцэг нарыг “илгээсэн”.
Тэдний сонголт үргэлж өөрчлөгдөж ирснийг 2000 оны сонгуулийн үр дүн харуулна. Тухайн үед МАН- ын байгуулсан үнэмлэхүй ялалтын үр дүн Завханд ч ижил гарсан. Д.Оюунхорол, Ш.Отгонбилэг, Б.Шаравсамбуу нар УИХ-ын гишүүнээр сонгогдов. Сонгуулиас сонгууль бүрт завханчуудын сонголт өөрчлөгдөж ирсэн нь тэднийг төлөөлөх гишүүд парламентаас парламентад шинэчлэгдэж байснаас харагдана. Тухайлбал, 2004 оны УИХ-ын сонгуулиар Завхан аймгаас МАН-аас нэр дэвшсэн Д.Туяа, “Эх орон-Ардчилал” эвслийн Ч.Содномцэрэн болон бие даагч Я.Санжмятав сонгогдлоо. Завханы тойргийн улс төрийн өнгө 2008 онд мөн л хувьсав. Энэ удаа МАН-ынхан үнэмлэхүй ялалт байгуулж, Д.Балдан-Очир, Д.Оюунхорол болон Ш.Сайхансамбуу нар завханчуудын итгэлийг хүлээж, УИХ-д төлөөлсөн.
2012 оны УИХ-ын сонгуулиар тус тойрог хоёр мандаттай болж, МАН-ын Д.Оюунхорол, Ардчилсан намаас нэр дэвшсэн Я.Санжмятав нар одоогийн парламентад төлөөлж байна. Харин УИХ-ын 2016 оны ээлжит сонгуулиар Ардчилсан намаас нэр дэвшсэн Я.Санжмятав болон З.Нарантуяа нар сонгогдож, өдгөө парламентад сууж буй. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй олонх болж, 76 суудлаас 65-д ялалт байгуулж, улаан тугаа хатгасан. Харин завханчууд МАН-д итгэл үзүүлээгүй бөгөөд Ардчилсан намаас нэр дэвшсэн дээрх хоёр эрхмийг сонгосон юм.
Тэгвэл ирэх сонгуульд тус тойрогт нэр дэвшиж өрсөлдөхөөр товлож байгаа хүн цөөнгүй. Эрх баригч хүчин болох МАН-аас нэр дэвшихээр горилж буй эрхмүүд олон. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуугийн дүү Ш.Батсамбуу, “Сонор трейд”- ийн захирал Б.Энхболд гээд уртхан жагсаалт гарна. УИХ-ын гишүүн О.Содбилэгийн хувьд энэ удаад Орхон аймагт өнжиж, аавынхаа төрсөн нутгаас нэр дэвшихээр төлөвлөж байгаа аж.
Харин Ардчилсан намын нэр дэвшигчдийн марафоныг Я.Санжмятав өнгөлөх нь гарцаагүй. Завханаас гурван ч удаа сонгогдож, басхүү аймгийн Засаг даргын албыг хашиж байсан түүнтэй өрсөлдөхөд түвэгтэй. Удаах эрхэм нь УИХ-ын гишүүн З.Нарантуяа. Гэхдээ хоёр ч сонгуулиас мултарсан өдгөө Завхан аймгийн Засаг даргаар ажиллаж буй Д.Батсайхан энэ удаад хүч үзэхээр санаархах нь гарцаагүй. Гэхдээ хоёр мандаттай тус тойрогт хоёр ч парламентын гишүүн байгаа тул аймгийн Засаг дарга Д.Батсайхан боломж хэрхэн олгохыг намын удирдлага шийдэх байх.
Олон өнгө илэрхийлдэг Завханы тойрог
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/03/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.