Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин байгуулагдсаны 99 жилийн ойн баярт зориулан мэндчилгээ дэвшүүлжээ.
Мэндчилгээнд, "Монгол Улсын иргэд ээ,
Зэвсэгт хүчний генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,
Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмадууд аа,
Энхийг сахиулагч-Цэнхэр дуулгатан дайчид аа,
Та бүгдэд туурга тусгаар төр улсынхаа сүр хүч, золбоо хийморь нь болсон цэрэг эрсийн баяр-Монгол цэргийн өдөр, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 99 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье. Монгол цэрэг улс орныхоо тусгаар тогтнол, аюулгүй байдлыг хамгаалах үүргээ түүхийнхээ бүхий л үед нэр төртэй биелүүлэн төр, ард түмнийхээ итгэл, хүндэтгэлийг хүлээж ирсэн ялгуусан уламжлалтай билээ.
Эдүгээ Монгол Улсын Зэвсэгт хүчин улс орноо батлан хамгаалах үүргээ биелүүлэхийн зэрэгцээ энхийн бүтээн байгуулалтад оролцох, хүн амд хүмүүнлэгийн үйлчилгээ үзүүлэх үйлсэд хүндтэй гавьяа байгуулж байна. Монгол Улсын цэрэг, цагдаагийн цэнхэр дуулгатан дайчид улс түмний энх амгалан, аюулгүй байдлыг сахин хамгаалахад идэвхтэй оролцож, эх орон, ард түмнийхээ алдрыг дуурьсгаж байгааг Монгол Улсын Засгийн газар бахархан тэмдэглэж байна.
Монгол цэргийн баярын энэ өдөр нийт ахмад дайчид, цэрэг эрс, айл гэрийн ноён нуруу болсон эрчүүд, мөн хань ижлийнхээ амжилт, ололт бүрийг сэтгэл догдлон дэмжиж байдаг цэргийн албан хаагчдын ар гэрийнхэнд баярын мэнд хүргэе.
Хүн төрөлхтөнд шинэ корона вирусийн тахлын аюул нүүрлэсэн энэ цаг үед цэрэг, цагдаа, онцгой байдал, үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын генерал, офицер, ахлагч, цэрэг дайчид, нийт ажилтан, албан хаагчид Та бүхэн хариуцлага, сахилга зохион байгуулалтаараа ард түмнээ үлгэрлэн, эх орныхоо аюулгүй байдлын нүд, чих, бамбай нь болж ажиллана гэдэгт Монгол Улсын Засгийн газар итгэл төгс байна.
Монгол цэргийн яруу алдар мандан бадартугай.
Монгол Улсын төлөө зүтгэе" гэжээ.