Хичээлийн шинэ жилийн эхний долоо хоног шувтарлаа. Энэ жилийн хувьд цар тахалтай холбогдуулан хичээлийн шинэ жилийн нээлтийг тэмдэглээгүй ч хүүхэд л болсон юм хойно сургуульдаа ирж, ангийн найзууд, багштайгаа уулзан баярлаж хөөрсөн хэд хоног байсан нь дамжиггүй. Хоёр жилийн өмнө сургуульд ороод цагаан толгойгоо ч бүрэн үзэж амжилгүй хөл хорионд орсон сурагчид гуравдугаар ангид оржээ.
Сурагчдын хоцрогдлын талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан "Хичээлийн хоцрогдлыг нөхөх үндэсний хөтөлбөр эхэлж байгаа. Улсын хэмжээнд 180 гаруй мянган хүүхэд цахилгаан, интернет, гар утасгүй байна гэх судалгаа гарсан. Зөвхөн энэ намрын асуудал биш учраас гурван жилийн хугацаанд хичээлийн хоцрогдол нөхөх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ" гэсэн юм.
Бодит байдал дээр гуравдугаар ангийн хүүхдүүд аль түвшинд байгаа, хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөх асуудлаар багш болон эцэг эхчүүдийн байр суурийг сонсов. Ингээд Нийслэлийн 39 дүгээр сургуулийн бага ангийн багш Ц.Сэрээнэндолгортой ярилцлаа.
-Гуравдугаар ангийн хүүхэд төлөвшлийн хувьд ямар ур чадвар эзэмшсэн байх ёстой вэ?
-Гуравдугаар ангид орж байгаа хүүхдүүд нэг, хоёрдугаар ангийн хүүхдүүдийг бодвол хэдийнээ биеэ даагаад сургуулийн орчинд биеэ зөв авч яваад сурсан байх ёстой. Сургуульд орсноосоо хойш ихэнх хугацаагаа хөл хорионд өнгөрүүлсэн хүүхдүүд одоогийн байдлаар маш идэвхтэй байна. Сурах эрмэлзэл өндөр байгаа нь мэдрэгдэж байгаа.
-Хоёр гол хичээлийн талаар ярилцъя. Гуравдугаар ангид орж байгаа хүүхэд математикийн хичээлээр ямар мэдлэг, ур чадвар эзэмшсэн байдаг вэ?
-Хоёрдугаар ангийн хүүхэд агуулгын хувьд 1000 дотор чөлөөтэй нэмж, хасах болон илэрхийлэл, тэгшитгэл, өгүүлбэртэй бодлого боддог байх ёстой. Мөн хүрдээ бүрэн цээжилсэн байх шаардлагатай. Эхний долоо хоногийн байдлаар шалгалт авч үзэхэд 1000 дотор нэмэх үйлдэл бодож чадаж байна. Хасахдаа тааруу байна. Ихэнх хүүхдүүдийн хувьд тавын хүрднээс цааш тааруу байна.
-Монгол хэлний хичээлийн хувьд ямар байна вэ?
-Монгол хэлний хичээл санасныг бодвол боломжийн түвшинд байна. 16 хүүхэдтэй бүлгээс нэг л хүүхэд үсгээ бүрэн мэдэж байгаа ч хараахан уншиж чадахгүй байна. Бусад хүүхдүүд нь төвөггүй уншиж байна. Хамгийн түрүүнд анхаарал зүйл бол хүүхдүүдийн хурдны асуудал байна. Хүүхдүүд тус тусдаа гэрээр хичээллэж байсан болохоор мэдлэг хүлээж авах хурд харилцан адилгүй, ихэнх нь удаан байна.
-Хүүхдүүд танхимаар хичээллэснээр үеийн найзуудтайгаа болон багштайгаа зөв боловсон харьцах ёс зүйн анхан шатны хэм хэмжээнд даддаг гэж боддог. Хоёр жил гэртээ байсан хүүхдүүдийн харилцааны ур чадвар ямар түвшинд байна вэ?
-Хүүхдийн хүмүүжил гэр орны хүмүүжлийн тусгал байдаг. Ковидын үед нэгнийгээ ялгаварлан гадуурхахаас сэргийлж энэхүү халдварыг хүүхдүүддээ хүнд хэлбэрийн ханиад гэдэг утгаар нь тайлбарлаж "Хэрэв та нарын хэн нэгэн ковид туссан бол тэр хүүхэд хүнд хэлбэрийн ханиад туссан гэсэн үг. Ханиадаа эдгээгээд эргээд хичээлдээ ирэхэд та нарт халдахгүй учраас нэгнийгээ гадуурхаж болохгүй" гэж тайлбарлахад хүүхдүүд сайн ойлгож байгаа.
Мэргэжлийн багшийн хэлж буйгаар гуравдугаар ангийн хүүхэд 1000 дотор чөлөөтэй нэмж, хасах чадварыг эзэмшсэн байх ёстой аж. Гэтэл бодит байдал дээр хүүхдүүд энэ чадварыг эзэмшэж чадсан эсэх нь эргэлзээтэй. Энэ талаар хоёр жилийн хугацаанд хүүхдүүдийнхээ "чиглүүлэгч багш"-аар "ажилласан" эцэг эхчүүдээс тодрууллаа.
Нийслэлийн 21 дүгээр сургуулийн 3в ангийн сурагчийн ээж Б "Цахим хичээлийг нь багштай нь хамтраад аль чадахаараа хийлгэж байгаа ч үр дүн тааруу байна. Зургадугаар ангийн ах нь хоёрдугаар ангидаа хүрдээ цээжилчихсэн байсан. Гэтэл бага маань тавын хүрдээс дээшилдэггүй. Би мэргэжлийн багш биш учраас яаж ч хичээгээд болдоггүй. Монгол хэлний хичээлийн хувьд түг таг гээд уншиж байгаа ч уншсан зүйлийнхээ агуулгыг бүрэн ойлгохгүй байна. Халдвар хамгааллын дэглэмээ чанд баримтлаад танхимаар хичээлд нь явуулахаас өөр арга алга. Үгүй бол энэ хүүхдийн хоцрогдол сүйд болох нь" гэв.
Хөвсгөл аймгийн Хоёрдугаар сургуулийн 3б ангийн сурагчийн ээж М "Цар тахлын хүнд үе үргэлжилсээр байгаа болохоор хүүхдээ үргэлжлүүлэн цахимаар сургаж байгаа. Монгол хэл, математикийн хичээлийг нь л өөрсдийн хэмжээндээ зааж өгч байна. Манай хүүхдийн хувьд Монгол хэлний хичээлдээ харьцангуй гайгүй гэж бодож байгаа. Цээж бичиг хийлгэхэд бараг алддаггүй. Харин математикийн хичээлийн хувьд ойр зуурын жижиг тоонуудыг нэмж хасаж чадна. Үржихийн хүрдээ бүрэн эзэмшиж амжаагүй байна" гэлээ.
"Гуравдугаар ангийн сурагч байж 35 үсгээ мэдэхгүй" хэмээн дооглох хүмүүс ч нийгэмд мэр сэр байна. Хүүхдээс шууд хамааралгүй сурлагын хоцрогдолд буруутан хайх нь тохиромжгүй. Хүнд үеийг давахад багш-сурагч-эцэг эхийн үүрэг оролцоо хоорондоо шууд хамааралтай. Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар өнгөрсөн хоёр жилийн хоцрогдлыг хамтын хүчээр нэг жилийн дотор ч нөхөх боломжтой аж.
Б.Амарбаясгалан