Түлхүүр мэдээлэл:
Франц улс Ковид-19 халдвараас ард иргэд болон эдийн засгаа хамгаалахын тулд дараах шийдвэрүүдийг гаргажээ. Үүнд:
- Ард иргэдээсээ ус, хий, цахилгааны төлбөр авахгүй.
- Дампуурах магадлалтай компаниудад санхүүгийн дэмжлэг үзүүлнэ.
- Улсын дотоод хөдөлгөөнөө бүрэн хязгаарлана.
Францын эрх баригчид мягмар гарагаас эхлэн иргэдээсээ ахуйн хэрэглээний төлбөр авахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ талаар Ерөнхийлөгч Эммануэль Макрон,
“Иргэдээ мөнгөгүй болгохгүйн тулд маргаашнаас эхлэн ус, хий, цахилгааны төлбөр, байрны түрээс авахгүй байхаар шийдлээ” хэмээн мэдэгджээ.
Түүнчлэн дампуурах магадлалтай компаниудад 300 тэрбум еврогийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зарласан байна.
Харин Европын холбоо өнөөдрөөс эхлэн гадаад хилээ хааж, Франц улс дотоодын хөдөлгөөнөө бүрэн хязгаарлахаар болсон аж. Хилийн хязгаарлалтыг 15 хоногийн хугацаатай тогтоох бөгөөд нэн шаардлагагүй бол гэрээс гарахгүй байж, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахыг хоригложээ. Хэрвээ энэ журмыг зөрчвөл хариуцлага хүлээлгэх аж.
Эммануэль Макрон “Бид урьд хожид байгаагүй зүйл та бүхнээс гуйж байгаагаа ойлгож байна. Гэвч нөхцөл байдал ингэхээс өөр аргагүй байдалд хүргэж байна. Бид дайны талбар дээр байна” гэв.
Тэрбээр Францад явуулах хоёр дахь шатны орон нутгийн сонгуулийн санал хураалтыг хойшлуулж буйгаа мэдэгдэж, тус улсад явуулж буй тэтгэврийн шинэчлэлийг түр зогсоогоод байна.
Эх сурвалж: BBC