Монголын Үндэсний их сургуулийн зүгээс Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгаланг сургуулийн нэр төрд халдсан гэх шалтгаанаар шүүхэд өгч байгаагаа мэдээлсэн. Тодруулбал, "БШУ-ы сайд Л.Энх-Амгалан наймдугаар сарын 26-ны өдөр их, дээд сургуулиудын талаар мэдээлэл хийхдээ Монголын Үндэсний их сургуулийг "луйвар хийдэг" гэж цоллосон. Энэ нь эрх зүйн хувьд доромж утгатай үг хэллэг бөгөөд гүтгэсэн үйлдэл болсон. МҮИС-ийн тухайд хуулийн этгээдийн хувьд нэрээ хамгаалж, нэр хүндээ сэргээлгэх зорилгоор Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн шүүхэд өнөөдөр нэхэмжлэл гарган хандаж байна. Энэхүү нэхэмжлэлийн шаардлагад нэгдүгээрт, БШУ-ны сайд Л.Энх-Амгаланг уучлалт хүсэх, хоёрдугаарт няцаалт хийлгэхийг шаардаж байна. Мөн БШУ-ны сайдын хувиар тухайн мэдээллийг тараасан хэлбэр хэрэгслээр залруулга гаргах нэхэмжлэлийн шаардлагыг холбогдуулан гаргаж байна" гэсэн юм.
Тэгвэл уг асуудалд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариу өглөө. Тэрбээр "МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. Монголын үндэсний их сургууль хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй. МҮИС намайг шүүхэд өгч байгаа бол би ч бас шүүхэд өгч шийдүүлнэ. Намайг уучлалт гуй гэсэн. Надаас хулгай хийсэн хүнээс би уучлалт гуйхгүй" гэсэн юм.