Өчигдөр оройн 20:00 цагт Сөүл-Улаанбаатар, Берлин-Улаанбаатарын чиглэлийн тусгай нислэгээр эх орондоо ирсэн гурван иргэний шинжилгээний хариу гарч COVID-19 вирусийн халдвартай болох нь тогтоогдсон.
Дээрх асуудалтай холбогдуулан Улсын онцгой комисс 11:00 цагаас хуралдаж эхэллээ. Халдварын тархалттай холбогдуулан авах арга хэмжээ, нөхцөл байдлын талаар хуралдаж дууслаа. Хуралдааны шийдвэрийг танилцуулж байна.
Шадар сайд Ө.Энхтүвшин: "Баян-Өлгий аймагт үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан тус аймгийн онцгой комисстой цахимаар хуралдсан. Казахстан улсаас ирсэн нэг иргэн халуурч сэжиглэгдсэн тул Баян-Өлгий аймгаас гарах хөдөлгөөнийг хаасан. Тус аймагт 133 иргэнийг тусгаарласан. Одоогийн байдлаар тусгай нислэгээр 750 орчим иргэн ирсэн. Халдвар бүртгэгдсэн улс орноос иргэдээ авчирч байгаа тул эрсдэл гарахыг мэдэж байсан. Хаанаас ямар ямар хүн ирсэн гэдэг бүх мэдээлэл бидэнд байгаа. Ирсэн иргэдийг ажиглан, сэжигтэй тохиолдол илэрвэл эмчилж шинжилгээг ойр ойрхон дахин авна. Бүх мэдээлэл хяналтанд байгаа. Берлинээс ирсэн иргэнийг халдварт өвчтэй байсан эсэхийг мэдээгүй. Мэдэх бололцоо байхгүй. Учир нь онгоцонд суусан хүн болгоны халууныг үзэж суулгаж байгаа. Цаашид тусгай нислэгээр гадаадаас Монголдоо ирэх хүсэлтэй иргэдийг авчирна. Халдвар авсан иргэд рүүгээ дайраад хэрэггүй, хэнд ч тохиолдож болох асуудал. Эх оронтой учраас иргэдээ татаж авах ёстой. Харин онгоцонд суулгах хүн болгоныг шинжилгээнд хамруулж сэжигтэй тохиолдол илэрвэл онгоцонд суулгахгүй" гэв.
ХУРАЛДААНЫ ШИЙДВЭРИЙН ТАЛААРХ БУСАД МЭДЭЭЛЛҮҮД:
- Ө.Энхтүвшин: СУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГИЙН ХӨЛ ХОРИОГ СУНГАХ АСУУДЛЫГ БСШУСЯ-НААС САНАЛ ОРУУЛВАЛ ШИЙДВЭРЛЭНЭ
- Д.Сарангэрэл: БЕРЛИНЭЭС ИРСЭН ИРГЭНИЙ БИЕ ХҮНДЭВТЭР, БНСУ-ААС ИРСЭН ХОЁР ИРГЭНИЙ БИЕИЙН БАЙДАЛ ТОГТВОРТОЙ БАЙНА
- Д.Цогтбаатар: БНСУ СЭЖИГТЭЙ ТОХИОЛДОЛ ИЛЭРСЭН ХҮНД Л ШИНЖИЛГЭЭ ХИЙНЭ ГЭСЭН
- Ө.Энхтүвшин: ХӨЛ ХӨДӨЛГӨӨН ХОРИХ ЭСЭХИЙГ ДАРААГИЙН 13 ДУГААР ХУРЛААР ШИЙДНЭ