Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ орон тооны бус зөвлөхөөрөө Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг томилох тохироо хийсэн талаар өчигдөр мэдээлсэн. Тэгвэл баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр орой Токио хотноо зохион байгуулагдаж буй паралмипын наадмаас алтан медаль хүртсэн Э.Содномпилжээтэй ярьсныхаа дараагаар экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай утсаар ярьж албан ёсоор танхимдаа зөвлөхөөр ажиллах саналыг тавьжээ.
Уг харилцан ярианы уур амьсгалын хувьд Ерөнхий сайд Токиод гаргасан тамирчдынхаа амжилтад нэлээд баяртай байсан бөгөөд экс Ерөнхийлөгч Х.Баттулгад албан ёсоор санал тавихдаа цар тахлын хүнд хэцүү цагт манай баг тамирчид олимпын наадамд амжилттай оролцож байна. Жүдо бөхийн спортоор манай бага тамирчид тасралтгүй олимп, дэлхийн аваргаас медаль авч байгаа таны энэ спортод оруулсан хувь нэмэртэй салшгүй холбоотой. Тиймээс иргэдийнхээ эрүүл мэнд, спортод дорвитой хувь нэмэр оруулах ажилд гар бие оролцож, Засгийн газар үндсэн таван чиглэлийн нэг болох биеийн тамир спортыг улам бүр хөгжүүлэх чиглэлд хамтарч ажиллахыг хүссэн байна.
Мэдээж албан бусаар талууд хоорондоо зөвшилцөж, уг асуудлаар байр сууриа нэгтгэж тохирсон ч гэсэн одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхээр эцсийн “виз”-ээ даруулаагүй байсан юм. Тэгвэл өчигдөр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, МАН-ын генсек Д.Амарбаясгалан нар удтал ярилцсаны үндсэн дээр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уг улс төрийн тохироог хүлээн зөвшөөрсөн бололтой.
Мөн яг одоо хуралдаж буй Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн шинэ орон тооны бус зөвлөхийн томилгоотой холбоотой шийдвэрийг танилцуулж байгаа аж. Гэхдээ орон тооны бус зөвлөхийг томилох асуудлаар Засгийн газар ямар нэгэн шийд гаргахгүй. Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд шууд томилно. Өөрөөр хэлбэл, Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд гайхширч суугаа танхимынхаа гишүүдэд ямар шалтгаан, улс төрийн нөхцөлөөс шалтгаалж ийм шийд гаргаж буйгаа дуулгаж байгаа гэсэн үг юм.
Нэгэнт уг томилгооны “галт тэрэг” хөдөлсөн тул одоо анхаарал татаж буй асуулт нь Х.Баттулга ямар асуудлаар Ерөнхий сайдад зөвлөх вэ гэдэг юм. Тэгвэл эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга спорт, олимпизмын чиглэлээр Ерөнхий сайдад зөвлөх аж. Улмаар Х.Баттулга Засгийн газраас байгуулж буй таван үндэсний хорооны нэг болох “Олимпизмыг дэлгэрүүлж, хүний хөгжлийн шалгуур үзүүлэлтийг сайжруулж, амьдралын чанарыг дээшлүүлэх үндэсний хороо”-г ахалж, тус хороонд багтаж ажиллах юм байна.
Гэхдээ Ардын намын талынхан бүгд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн ч, Ерөнхийлөгч Х.Баттулга одоог хүртэл албан ёсоор “Тэгье” гэдэг хариулт өгөөгүй байгаа тул албан ёсны тушаал шийдвэр нь албажаагүй байгаа аж. Нам хооронд гэж хэлж болохуйц өрнөж буй том тохироо учир магадгүй өнөөдөртөө багтаж тэрбээр хариултаа өгч, үүрэгт ажилдаа томилогдох байх.
Г.Лхагвадорж