Хичээл сургуулийг танхимаар эхлүүлэх болсон хэдий ч эцэг эхийн санал асуулгаар хүүхдийг цахимаар болон танхимаар оруулахыг шийдэж байгаа билээ. Тэгвэл эцэг эхчүүд хүүхдээ аль замаар хичээллүүлэх саналыг өгсөн талаарх сурвалжилгыг бэлтгэлээ.
Намрын хурц нар төөнөж, хүүхдээ хөтөлсөн эцэг эхчүүд , найз нөхдөөрөө хэсэг бөөгнөрөн зогсож, ямар нэгэн зүйлийг шимтэн ярилцаж байгаа сурагчид гээд хотын гудамжууд өнөөдөр урьд урьдийнхаасаа хөл хөдөлгөөн, хөөр баяртай байлаа.
Ингээд бид нийслэлийн хоёр сургуулиар орж дээрх асуудлыг тодрууллаа.
Нэр бүхий нэгэн сургуулийн ахлах ангийн сургалтын менежертэй уулзаж эцэг эхчүүдийн хэдэн хувь нь хүүхдээ танхимаар хичээллүүлэх санал гаргасан талаар асуухад “Нэг ангиас үсрээд л ганц нэгхэн хүүхэд цахимаар хичээллэх санал гаргаж байна. Санал гаргасан хүүхдүүдийн хувьд халдвар авсан болоод, нэгдүгээр хавьтал болсон хүүхдүүд зонхилж байна. Манайх нарийвчлан гарч ирээгүй тул тоо баримт гараагүй байна” гэлээ
Харин удаах нэр бүхий сургуулийн хувьд “ 3200 гаран хүүхдээс 200 гаран хүүхэд л цахимаар хичээллэх саналтай байна. Эцэг, эхчүүд удаан хугацаанд хөл хорионд байсан хүүхдүүдээ найз нөхөдтэйгээ уулзаг, мэдээж сургалтын орчны хувьд багштайгаа хамтран суралцах нь үр дүнтэй хэмээн үзэж байх шиг байна” хэмээн ярьсан юм.
Ингээд бид цаашаа явж эцэг эхчүүдээс хүүхдээ танхимаар хичээллүүлэхээр шийдсэн үү, цахимаар хичээллүүлэхээр шийдсэн үү? Хэрвээ тийм бол яагаад хэмээх асуултыг асуухад. Нэг ээж цахимаар хичээллүүлэх нь зүйтэй гэсэн бол, гурван эцэг, эх танхимаар хичээллүүлэх нь зүйтэй, харин нэг ээж цаашдаа халдварын тохиолдол аюултай түвшинд хүрвэл хүүхдээ цахимаар хичээллүүлнэ гэлээ.
Д.Эрдэнэчимэг “Халдвар их байвал, цахимаар хичээллүүлэхгүй. Бага байвал танхимаар хичээллэхийг дэмжинэ. Онлайнаар хичээллэвэл сургалтын чанар муу л байна”
О.Мягмарсүрэн “Танхимаар хичээллэхийг дэмжиж байна. Цахимаар хичээллэж байхад байнга хүн дэргэд нь байхгүй л бол анзаарахгүй тоглоод байна. Багштайгаа болохоор өөрөө нэг юм хараад хийх нь илүү дээр шүү дээ”
"Өвчлөл ихсэж байхад цахимаар хичээллэхийг дэмжиж байна. Цаашдаа ч нэмэгдэнэ шүү дээ. Тиймээс техник технологи хөгжөөд байхад цахим л байсан дээр,”
Г.Урантогос “Танхимаар хичээллэсэн дээр шүү. Үр дүнгийн хувьд амьд харилцаанд орно”
Г.Ганболд “Ийм цаг үед танхимаар оруулж байгаа нь эрсдэлтэй. Гэхдээ хүүхдээ хүний нийгмийн харилцаанд оруулахгүй бол зожиг ууртай уцаартай болж байна. Хурдхан л вакцин хийлгээд эрсдэлийг нь бага ч гэсэн бууруулмаар байна” гэв.