Өнөөдөр ЭМЯ-наас хийсэн мэдээллийн үеэр, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү өмнө тусгаарлагдсан сэжигтэй тохиолдлуудын шинжилгээний хариу болон батлагдсан 3 тохиолдлын ойрын хавьтлуудын талаарх мэдээллийг өглөө. Тэрээр:
Юун түрүүнд гуравдугаар сарын 11-нд батлагдсан Франц иргэний тохиолдлын хавьтал болох 88 хүний давтан шинжилгээнд коронавирус илрээгүй. Тиймээс Франц иргэнтэй холбоотой хавьтлуудын шинжилгээний хариунууд үүгээр мэдээлэгдэж дуусч байна. Гэвч тусгаарлах хоногийн хугацаа арай дуусаагүй байгаа.
Гуравдугаар сарын 15-нд ХӨСҮТ-д нэг, Баян-өлгийд 1 тохиолдол тусгаарлагдсанаа коронавирус илрээгүй.
Гуравдугаар сарын 16-ны өдөр ХӨСҮТ-д нэг сэжигтэй тохиолдол тусгаарлагдсан. Тандалт, судалгаа хийгдэж байна.
Гуравдугаар сарын 16-нд БНСУ-аас ирж тусгаарлагдсан 2, Францаар дамжин ирж тусгаарлагдсан 1 тохиолдол, нийт 3 тохиолдолдын шинжилгээнд коронавирус илэрч Монгол хүнд батлагдсан тохиолдол албан ёсоор бүртгэгдлээ. Халдвартай манай улсын гурван иргэний хувьд 37, 50 болон 60 гаруй насны эмэгтэйчүүд байна.
Уг батлагдсан 3 тохиодлын ойрын хавьтал болох 111 хүнийг тусгаарласан, үүнээс 61 хүний шинжилгээний хариу гарсан. Коронавирус илрээгүй. Бусад хавьтлуудад шинжилгээ хийгдэж байна.
Нэмж хэлэхэд 15-20 минутад хариу гардаг түргэвчилсэн оношлуур бидэнд байгаа. Түүгээр онгоцоор ирсэн 43 хүний шинжилгээг хийж, хариу гаргаж үзлээ. Бүгд коронавирус илрээгүй. Энэхүү оношлуур нь бидний ажлыг хөнгөвчлөхөд маш их хэрэг болж байна" гэсэн юм.
Мөн тэрээр халдвар илэрсэн тохиолдолд үтэр түргэн мэдээлэхээс илүү, юун түрүүнд хавьтлуудаа ялгах, шинжлэх гээд бидэнд маш их ажил байдаг. Тиймээс ганц цагийн өмнө, хойно мэдээлэх нь үүнээс чухал биш юм хэмээн анхаарууллаа.