"Нарны зам"-ын гүүрний хашлага, боржуурыг буулгаж байгаа зураг цахим орчинд тархаж иргэдийн шүүмжлэлийг дагуулаад байна. Учир нь иргэд эвдрэл, гэмтэлгүй байсан замыг буулгаж, эргэн засах нэрээр төсвийн мөнгөөр үр ашиггүй зарцуулж байна хэмээн ихээхэн шүүмжилж байгаа юм. Тиймээс уг асуудлыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын Хэвлэлийн төлөөлөгч Н.Сугараас тодрууллаа.
-Нарны зам дагуу замын хашлагыг буулгаж байгаа нь ихээхэн шүүмжлэл дагуулж байна. Энэхүү хашлагуудыг ямар учраас буулгаж байгаа юм бол?
-Нарны зам дагуу борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэж байгаа. Тодруулбал, Усны барилга байгууламжийн зураг төслийн “Гидро-Фонтан” ХХК-ийн боловсруулсан “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гармын төслийн хүрээнд хийгдэх авто замын борооны ус зайлуулах шугамын ажил гэсэн үг.
-Тухайн ажлын зураг төсөл хэзээнээс эхэлсэн юм бол. Заавал хичээл сургууль эхлэх гэж байгаа энэ үед эхлүүлсэн нь иргэдийг бухимдуулаад байна?
-Зураг төсөл нь 2019 онд боловсруулагдсан. Зураг төсөл боловсруулахдаа батлагдсан зургийн дагуу усны зүйн тооцоо, холбогдох норм, стандартад нийцүүлэн төлөвлөсөн. Улмаар бүх шатны байгууллагуудтай зөвшилцөж, улсын экспертизээр хянагдсаны үндсэн дээр БХБЯ-ны Барилгын хөгжлийн төвөөр магадлал хийгдэж баталгаажуулсан байгаа. Дээрх батлагдсан зураг төслийн дагуу борооны ус зайлуулах шугамын ажил хийгдэж байна.
Төслийн ажилтай холбоотой Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц, Соёолжийн нүхэн гарцын хооронд 1 км уртад Нарны зам шинэчлэгдэнэ. Тодруулбал, одоо байгаа асфальт бетон хучилт дээр нэмж, гурван үе асфальт бетон хучилтын ажил хийгдэх юм. Авто замд хучилт хийхтэй зэрэгцэн авто замын хашлага, явган хүний замыг тухайн түвшинтэй уялдуулан өндөрлөх шаардлагатай болдог.
-Борооны усыг хэрхэн зайлуулах төлөвлөгөө, төлөвлөлт хийсэн бэ?
-Гүүрэн гарцны хойд хэсэг Олимпын гудамжны туслах авто зам, гүүрний байгууламжийн усыг ус зайлуулах шугамуудаар хүлээн авч ус зайлуулах насос станцаар одоо байгаа сүлжээнд шахна. /Хуучин Шунхлай шатахуун түгээх станц байсан байршил орчим/
Гүүрэн гарцны зүүн талын хэсэг Нарны зам дагуух борооны усыг "Соёолж" төвийн зам талбайн борооны ус зайлуулах шугамтай холбоно.
Гүүрэн гарцны баруун талын хэсэг Нарны зам дагуух борооны усыг Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн урд талд шинээр хийсэн насос станцаар шахаж зайлуулна.
Сүүлийн жилүүдэд Нарны замын урд талд барилга баригдсантай холбоотой урд талын авто замд их хэмжээгээр ус тогтож, зам эвдрэх нөхцөл үүсэж байсан. Тиймээс энэхүү төслийн хүрээнд Нарны замын урд талд шинээр борооны ус зайлуулах шугам хийсэн байгаа.
-Ярилцсанд баярлалаа.