Улаанбаатарыг хар хамбан тэрлэгээр хуччихсан юм шиг бараан үүлнүүд бөөгнөрсөн энэ өдөр Олон Улсын худалдааны төв гэгдэх “Нарантуул”–ыг зорилоо. Бидний хэлж заншсанаар "Мангасын ам" гэх хойд хаалгаар ороход ширүүн бороо асгаж эхлэсэн юм. Шүхэр цуваа агссан иргэд гүйлдэх нь гүйлдэж, хөл гишгэх зайгүй бужигналдаж байв. Том, том хайрцагтай барааг уул овоо мэт овоолон чирсэн тэрэгчид “Зам тавь, Зам тавь, Холдоорой, Холдоорой" хэмээн чанга чанга дуугаран зөрөлдөж байлаа.
Хэдийгээр бороо хур, шавар шавхайнаас болж "Нарантуул"-ыг зорих иргэд төдийлөн их байхгүй байх хэмээн бодсон ч хөдөө орон нутгаас хүүхдийнхээ хичээлийн хэрэгслийг бэлдэхээр ирсэн иргэд олон байлаа. Арга ч үгүй биз дээ. "Ногоон хурганы арьс, нохойн битүү туурайнаас бусад бүх зүйл олддог энэ газарт халдварын улмаас ойрын хугацаанд хот орж ирээгүй иргэд галын хайч төмпөн сав, гурил будаа цуглуулан гүйлдэх аж.
Худалдаа эрхлэгч болоод, үнэ буулгах гэсэн иргэдийн хооронд “Тав, арван цаас татаач хө” “Хаа хаанаа амьдрал хэцүү байна аа, За яахуу хэлсэн үнэндээ ав, ав гэх мэт үгс хөвөрч байгааг “Эдийн засгийн тулаан өрнөж байна” хэмээн хэлж болохоор байлаа. Гэвч тус зүйлд гажуудал байсан бөгөөд худалдаа эрхлэгчдийн ихэнх нь халдвар хамгааллын дэглэмээ баримтлаагүй, маскаа уруулын хэсэгт тохох төдий, зарим нь бүр зүүгээгүй байсан нь нүдэнд нэг л дасч өгөхгүй байв. Сүүлийн өдрүүдэд Дельта вирусийн тоо Монгол Улсад нэмэгдэж байхад энэ мэт хариуцлагагүй үйлдлээс болж халдварын тохиолдол есдүгээр сарын дундуур оргилдоо хүрнэ гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлээд байгаа билээ.
Хөл гишгэх зайгүй шахуу чихэлдэн явсаар эхний худалдан авагчаас "Нарантуул" зах халдвар хамгааллын дэглэмээ хэрхэн баримталж чадаж байгаа талаар тодрууллаа.
Тэрбээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумаас ирж хүүхдээ хувцаслаж байгаа бөгөөд "Намайг Ч.Отгонбаяр гэдэг. Ах нь ойрд хот орж ирээгүй. Ганц хоёр хоногийн өмнө хүүхдийнхээ хичээл сургуулийн юмыг бэлдэх гэж орж ирлээ. Улаанбаатарт чинь корона хавтгайрсан гээд байсан чинь энд маскаа зүүсэн худалдагч лав таарсангүй. Хөдөө рүүгээ бас өвчин чирээд оччихмооргүй л байна шүү. Бас зарим худалдагч юмныхаа үнээ жаахан нэмж хэлээд байх шиг байна. Гэхдээ яах вэ хаа хаанаа нэг нэгнийгээ ойлгоод явчихвал болно шүү дээ. Энэ хэцүү үед Монголчууд бие биедээ хайртай байх нь зөв шүү, дүү минь” хэмээн нүдээрээ инээмсэглэн явсан юм.
Хөдөө орон нутгаас орж ирсэн хүмүүсийн цайлган сэтгэлийг далимдуулан хулхи гинж, цаг, үнэртэй ус зэргийг зардаг хүмүүс ч мэр сэр тааралдаж байсан юм.
Тэд “925 сорьцтой мөнгөн гинж байна яриад аваарай” гэх мэт үгсийг ашигладаг гэдгийг ойр хавийн худалдаа эрхлэгчид хэлж байсан юм.
Цаашилбал, түм түжигнэж бум бужигнасан энэ газарт иргэд олноор цуглах болсон үед халаасны хулгай ихэсдэг гэдгийг тухайн хэсгийн цагдаа нар хэлж иргэдийг бэлэн мөнгө биедээ авч явахгүй байхыг анхааруулж байсан юм.
Олон хүүхдээ төөрүүлэхгүй хэмээн хөтлөлцөж яваа эцэг эхчүүдийг хараад “Алтан гинжийг таслахтун” гэдэг тоглоом санаанд орж билээ.
Иргэдийн олноор цуглах болсон энэ газарт анхаарлаа хандуулж зөв зохион байгуулалтад оруулах, цаашлаад худалдаа эрхлэгч болоод иргэд ч халдвар хамгааллын дэглэмээ барихгүй бол ямар үр дүнд хүрэхийг надаар хэлүүлтгүй мэдэх биз ээ.
Сэтгүүлч: Х.Умаахан