Монгол Улсын Засгийн газрын 2021 оны наймдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаар Богдхан төмөр замын төслийн суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг "Тавантолгой төмөр зам" ХХК-д олгосон. Энэхүү барилгын ажлын нээлт өнөөдөр болж өндөрлөлөө. Нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар болон бусад холбогдох албаныхан оролцлоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, "Энэ бүтээн байгуулалт нь Улаанбаатар хотод маш том үр нөлөөтэй. Улаанбаатар хотод 500 мянган хүн амьдрах ёстой. Гэтэл одоогийн байдлаар 1,5 сая болж даац гурав дахин хэтэрсэн. Энэ хүндрэлийг даван туулахын тулд Улаанбаатар хотын төвөөр Улаанбаатар төмөр замын 35 км цагийн хурдтай орчин үеийн галт тэрэгний тээвэрлэлт өнгөрч байгаа. Үүнээс шалтгаалж 120-160 минут орчим замын түгжрэлүүд үүсэж байгаа. Богдхан төмөр зам нь Улаанбаатар хотын түгжрэл болон бусад асуудалд ямар эерэг үр нөлөөтэй болох нь тодорхой асуудал.
Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэхүү түгжрэлийн асуудалд өөрийнхөө зүгээс үндэсний хороогоо ахалж байгаа. Улаанбаатар хотын түүхэнд сүүлийн 30 жилийн хугацаанд ийм зориг гаргасан Ерөнхий сайд байгаагүй. Тийм учраас энэ боломж бололцоог зөв зүгт нь залж Улаанбаатар хотоо дэлхийн жишигт хүрсэн хот болгохын төлөө хамтын хүчээр гар бие оролцож зүтгэх нь зөв гэж бодож байна" гэв.