Завхан аймгийн Отгон сумын нутагт орших Отгонтэнгэр хайрхан уулын тахилга маргааш буюу энэ сарын 22-нд болох гэж байна. Тус тахилгад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно. Энэхүү уламжлалт зан үйлийг Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат 1995 оны 110 дугаар зарлигаар сэргээж, Богдхан, Бурхан Халдун, Отгонтэнгэр хайрхан уулыг Төрийн тахилгатай болгосон. Өнөөдрийн байдлаар төрийн тахилгатай 12 уул, хайрхан байдаг юм байна.
Монгол түмнийг даасан Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 1995, 1999, 2003, 2007, 2011, 2016 онд үйлдэж, Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч оролцож байв.
Сануулахад, Уул усны тахилга бол монгол түмний байгаль дэлхийгээ танин мэдэж, уул ус, газар шороотойгоо зүй ёсоор харьцаж ирсэн мэдлэг ухаан, байгалиа хайрлан хамгаалах уламжлалт сэтгэлгээний нэгэн хэсэг юм.