Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Өндөр албан тушаалтан, улстөрчдийн тухай мэдээлэхдээ өөрсдөөс нь зөвшөөрөл авна гэсэн нь ташаа ойлголт, мэдээлэл цуглуулах эрх хуульд тусгагдсан“

Ангилал
 Хууль эрх зүй Ярилцлага
Огноо
Унших
7 минут 57 секунд

УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх гэж буй Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн 29.2-д зааснаар "Мэдээллийг мэдээллийн эзний зөвшөөрөлгүйгээр бусад эх сурвалжаас боловсруулж, мэдээллийн эзнийг таньж, тодорхойлохыг хориглоно" гэжээ.

Энэхүү заалт нь иргэдийн тунд төөрөгдөл үүсгээд байгаа билээ. Тухайлбал, иргэн аливаа албан тушаалтны талаар өөрийн цахим орчиндоо мэдээлэхдээ тухайн хүнээс заавал зөвшөөрөл авах шаардлагатай болж байгаа мэтээр ойлгож иргэдийн дунд төөрөгдөл үүсээд байна. Хуулийн төслийн ач холбогдол болоод иргэдийн дунд төөрөгдөл үүсгээд буй дээрх асуудлаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзоригтой ярилцлаа.

-Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийн талаар ерөнхий мэдээллээр яриагаа эхэлье. Энэ хуулийг шинэ хууль гэж ойлгож болох уу?

-Монгол Улсын Засгийн газраас цахимын дөрвөн хууль буюу нийтийн мэдээллийн тухай, хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай, цахим гарын үсэг, кибер аюулгүй байдлын хуулиудыг өргөн барьж байгаа. Энэ хуулиудын нэг нь хувь хүний мэдээллийг хамгаалах тухай хуулийн төсөл юм. Энэ хууль нь 1995 онд батлагдаж хэрэгжиж байсан тухайн үеийн нууцыг хамгаалах тухай хуулийн үргэлжлэл буюу тэр хуулийн шинэчлэгдсэн найруулга байдлаар боловсруулагдсан хуулийн төсөл юм. 1995 оны хувь хүний нууцыг хамгаалах хуульд хувь хүн нууцаа өөрөө хамгаалах ёстой, хүний хувийн нууцыг захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл болон бусад гэсэн таван ангилалд хамгаалдаг байсан. Гэхдээ өнгөрсөн цаг хугацаанд иргэдийн эрх зүйн боловсрол нэмэгдэж, хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийн зарим зохицуулалт нь хүний эрх талдаа хоцрогдсон гэж үзэж байгаа. Хоёрдугаарт, техник технологийн дэвшил зарим талаар хүний эрхийг хөндөх асуудлууд гарч байна. Үүн дээр үндэслэн хувь хүний нууцыг хамгаалах тухай хуулийг шинэчлэсэн байдлаар УИХ-д өргөн мэдүүлж байгаа юм.

-Энэ хууль батлагдсанаар ямар ач холбогдолтой болох вэ?

-Өмнөх хуулиар хувь хүн өөрөө л нууцаа хамгаалдаг байсан. Та бид өдөр тутмын харилцаанд мэдээллүүдээ бусад этгээдүүдэд өгдөг. Зарим талаар хувь хүний мэдээллийг хяналтгүй цуглуулдаг үйл ажиллагаа бий болсон байна. Жишээ нь, дэлгүүрийн урамшууллын картыг авахын тулд иргэн хурууны хээ, утасны дугаар, зарим тохиолдолд гэрийн хаягаа ч өгч байгаа. Энэ мэдээллийг ямар зорилгоор, хэдий хугацаанд хадгалж хэрэв гуравдагч этгээдэд алдагдвал надад ямар гарз учирч болох талаар бодож үздэг байх хэрэгтэй. Магадгүй таны хурууны хээ алдагдаад буруу замаар ашиглагдаад асуудал ноцтой хэлбэрт хүрч болзошгүй. Ийм учраас хүний хувийн мэдээллийг хяналтгүйгээр цуглуулах асуудлыг анхаарах ёстой.

Хоёрдугаарт, мэдээллийн эзэн буюу иргэдээс яг ийм зорилгоор ийм зүйлд ашиглах гэж байгаагаа хэлэн аюулгүй байдлыг нь хэрхэн хангахаа тайлбарладаг байх үүргийг мэдээлэл цуглуулж авч байгаа этгээдүүд хүлээх ёстой.

-Иргэд хэн нэгэн албан тушаалтны талаар цахим хаягтаа бичихийн тулд тухайн хүнээс зөвшөөрөл авах шаардлатай болж байна хэмээн энэ хуулийг ойлгох явдал байна. Энэ талаар тодруулбал?

-Энэ бол ташаа ойлголт юм. Өөрөөр хэлбэл иргэн П.Сайнзориг гээд мэдээллийн эх сурвалж буюу өөрөө байсаар байхад П.Сайнзоригийг өөр этгээдээс яриулж байгаад тэр хүний талаар бичээд байж болохгүй. Нэг иргэний мэдээллийг өөр нэгэн дурын этгээдээс авч болохгүй гэсэн үг юм. Үүнтэй холбоотой сэтгүүл зүйн зарчим ч байдаг. Аливаа асуудалд мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс хамгийн түрүүнд боломжтой буюу шууд эх сурвалжаас авах ёстой.

Тухайн иргэн байгаад түүнээс лавлах боломжтой мэдээллийг тэр иргэнээс л авах ёстой. Хэн нэгний талаар ямар ч мэдээлэлгүй хэрнээ тухайн хүнийг улсын бүртгэлд бүртгүүлж болохгүй.

Мөн энэ хууль нь иргэдийн мэдэх эрхийг огтоос зөрчөөгүй бөгөөд эсрэгээрээ тэлж өгсөн. Хэн ч хүний хувийн нууцыг хамгаалах гэх нэрийн дор сэтгүүл зүйн, эрэн сурвалжлах болон иргэдийн мэдэх эрхийг хааж болохгүй. Нэгдүгээрт хүн өөрөө зөвшөөрөөд хэвлэл мэдээллийн байгууллагад мэдээллээ өгч болно. Хоёрдугаарт, зөвшөөрөл авахгүйгээр нийтийн эрх ашгийг хамгаалах, иргэдийн мэдэх эрхийг хамгаалах зорилгоор сэтгүүлч нар тодорхой мэдээллүүдийг цуглуулах бололцоо нь хуульд тодорхой заагдсан байгаа.

-Хувийн мэдээлэл гэдэг нь өдөр тутмын үйл ажиллагаанаас өөр зүйл гэж ойлгож болох уу?

-Хувийн мэдээллийн талаар хуулийн төсөлд тодорхой заасан байгаа. Нэр ус, он сар өдөр, эд хөрөнгийн мэдээлэл, генетикийн мэдээлэл буюу эрүүл мэндийн мэдээлэл, биометрик мэдээлэл буюу хурууны хээ, нүдний солонгон бүрхэвч зэрэг зүйлсийг тухайн эх сурвалжаас л авах санааг хэлж байгаа. Таныг тодорхойлж болох дээрх мэдээллүүдийг танаас л зөвшөөрөл авч байж хэрэглэх боломжтой. Хүн халдашгүй чөлөөтэй байх ёстой. Хүн өөрөө зөвшөөрч байж хувийн мэдээллээ аль нэг үйлчилгээний байгууллагад өгдөг байх ёстой.

Мэдээллийг зөвхөн сэтгүүлч нар цуглуулдаггүй. Маш олон байгууллага цуглуулдаг. Эмнэлгийн, судалгаа шинжилгээний гээд хэн бүхэн дураараа хүний мэдээллийг өөрийнх нь зөвшөөрөлгүй цуглуулж болохгүй. Үүнийг л хааж байгаа юм.

-Энэ хуулийг батлахаас өмнө буюу өнгөрсөн хугацаанд хүний хувийн мэдээлэл алдагдсанаас болж ямар асуудлууд үүсэж байсан бэ?

-Хүний хувийн мэдээлэл алдагдахад тухайн иргэн л хохироод хоцорч байгаа жишээ олон байна. Түүнийг нийгмээрээ үзэн ядаж байна. Бага насны сурагч хувийн мэдээллээ алдсанаас болж сургуульдаа явж чадахгүй сургуулийнхандаа гадуурхагдаж байна. Нэг залуугийн бэлгийн чиг хандлагыг буруу хэлснээс болж тэр хүнийг нийгмээрээ үзэн ядаж байгаа жишээ ч байна шүү дээ.

Хоёрдугаарт, бид өдөр тутам хэн нэгэн этгээдэд хувийн мэдээллээ өгдөг. Хэн нэгэн ажилд орохдоо ажил олгогчдоо бүх мэдээллээ өгч байгаа. Овог нэр, Регистрийн дугаар, гэрийн хаяг, утасны дугаар зэрэг бүх мэдээллүүд. Төрийн албан хаагчид үүнээс гадна хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгдөг. Эрүүл мэндийн байгууллагад өвчний түүх, бүх зүйлсээ өгдөг. Энэ мэдээлэл тодорхойгүй шалтгаанаар алдагдаад байвал яах вэ. Эдгээр нөхцөл байдлуудыг авч үзэн тухайн иргэн хохирохгүй байх зохицуулалттай болгож байгаа юм.

-Ярилцсанд баярлалаа.

Ярилцсан: Б.Амарбаясгалан

Б.Бат-Орших, Р.Пүрэвдагва нар үндэсний бөх сонирхогч үзэгч олноосоо уучлал хүслээ
Б.Бат-Орших, Р.Пүрэвдагва нар үндэсний бөх сонирхогч үзэгч олноосоо уучлал хүслээ
 
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Ой модны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн барилдаанд П.Бүрэнтөгс, О.Хангай тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.