Японы нийслэл Токио хотноо 17 өдөр үргэлжилсэн Олимпын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд өндөрлөсөнтэй холбоотойгоор Олимпын наадмын бэлгэ тэмдэг болох таван цагаригийн хөшөөг лхагва гарагт буулгажээ.
Нийт 33 метр өргөн, 15 метр урттай хөх, шар, хар, ногоон, улаан өнгийн таван цагаригийн оронд Паралимпын наадмын бэлгэ тэмдгийг тун удахгүй байрлуулах ажээ. Энэхүү наадам наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 5-ны хооронд болох юм.
“Цар тахал дэгдээд буй энэ цаг үед Олимпын наадам зохион байгуулах гэж буйд эхэндээ санаа зовниж байсан боловч залуу тамирчид өндөр амжилт гаргахыг хараад наадмыг зохион байгуулсан нь зөв шийдвэр байсныг ойлгосон” гэж 58 настай иргэн Хирото Сато хөшөөг буулгахыг харж зогсох үеэрээ хэлжээ.
Шөнийн цагаар гэрэлтдэг таван цагаригийн хөшөөг анх өнгөрсөн оны нэгдүгээр сард танилцуулан байрлуулсан боловч Токиогийн Олимпыг коронавирусний цар тахлын улмаас нэг жилээр хойшлуулах шийдвэр гарсны дараа буулгасан юм. Тийнхүү өнгөрсөн 12 дугаар сард дахин байрлуулсан билээ.