Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Эртэч нийслэлчүүд өглөөг “ИОГ“-оор эхлүүлж байна

Ангилал
Сурвалжлага
Огноо
Унших
5 минут 54 секунд

No description available.

Өглөөний нар тооноор тусахтай зэрэгцэн босдог Монгол соёл нийслэлчүүдийн хувьд хэдийнээ үгүй болсон гэхэд хэлсдэхгүй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эртэч нийслэлчүүдийг бий болгох зорилгоор "Эртэч Монгол" уриалга гаргаж, "Гутлын 22" гудамжид автомашингүй "Өглөөний Улаанбаатар гудамж"-ийг байгуулсан.

Тус гудамжинд ном, цэцгийн худалдаа, ресторан, кофе шоп зэрэг 12 аж ахуйн нэгж өдөр бүр үйл ажиллагаагаа явуулж, өөрсдийн гэсэн онцлогтой зэсээр иргэдэд үйлчилж байгаа юм. Мөн долоо хоногийн гурван өдөр 06:00-09:00 цагийн хооронд олон нийтэд зориулсан үзэсгэлэн, худалдаа, сургалт, бизнес уулзалтууд зэрэг хөтөлбөрт арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн ба даваа гарагт бясалгал, иог, өглөөний дасгал, бизнес уулзалтууд, лхагва гарагт эрүүл хооллолтын сургалтууд, эрүүл мэндийн үзлэг, баасан гарагт кофе, канваны сургалт, фото болон уран зургийн үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр буюу Намрын тэргүүн сарын Шинийн нэгний даваа гарагийн өглөөг эртэч нийслэлчүүд хэрхэн эхлүүлж байгааг бид сурвалжиллаа.

Өглөө бүхнийг бясалгалаар эхлүүлэх нь бүтэн өдрийн турш эрч хүч, баяр баяслаар дүүрэн өнгөрүүлэх ач холбогдолтой аж. Биднийг очиход эртэч нийслэлчүүдийн төлөөлөл иогийн дасгалаа хийж байлаа. Тиймээс "Vicky Yoga" сургалтын төвийн багш, иогийн грү Э.Цолмонгэрэлээс өглөөний иогийн ач холбогдол, иогийн бүртгэлийн талаар тодрууллаа. Тэрбээр,

"Хүн дан ганц биеийн дасгал гэхээсээ илүүтэй иог, бясалгал хийж сурах хэрэгтэй. Бясалгал хийж сурснаар сэтгэл гутрал, нойргүйдлээс үүдэлтэй асуудлууд бүгд алга болчихдог. Тиймээс хүмүүсийг бясалгал хийж сураасай гэж хүсдэг. Манай төвийн хувьд иог, бясалгалыг хамтад нь заадгаараа онцлогтой. Хүссэн хүн бүхэн өглөөний гудамжинд ирээд иог, бясалгал хийх боломжтой. Гэхдээ одоогоор иог хийх сонирхолтой иргэд маань бүртгүүлж байж ирэх боломжтой. Төлбөр болон өглөөний цайтай бол хүмүүсийн ирэх хандлага их байх юм байна гэж бодож байлаа. Бүртгэлийн хувьд манай "Vicky yoga" пэйж хуудсанд холбогдон бүртгүүлэх боломжтой. Мөн аль ч насны хүмүүс иог хийж болно. Иогийн грүгээр мэдлэгээ олж авч чадвал хүн насан туршдаа эрүүл, эрч хүчтэй байх боломжтой. Тиймээс хүн бүрийг өөрийн эрүүл мэнд, амьдралын зөв хэвшлийг бий болгоосой гэсэн үүднээс иогоор хичээллэж, бясалгалын эрч хүчийг мэдрээсэй гэж хүсч байна" гэв.

Нийслэл хотод өглөөний 07:00 цаг болж байхад маш олон хүмүүс "Өглөөний гудамж"-нд уулзалт хийж, өглөөний цайгаа уун хамтдаа сууж буй нь их ажиглагдсан юм. Тиймээс шинэхэн өглөөг шинэхэн номтой эхлүүлж буй хэсэг бүсгүйчүүдтэй уулзан ярилцлаа. Тэдний төлөөлөл Б.Төмөр-Өлзий "Санхүүгийн эрх чөлөөнд хүрэхийг зорьж буй бүсгүйчүүд яг одоо өглөөг хамт угтаад, уулзалтаа хийгээд байж байна. XXI зууны эмэгтэйчүүд бол бие даасан, ардчилсан, чөлөөт байхыг илүү зорьдог. Иймээс хувийн бизнесээ эхлүүлэхээр зорьж буй бүсгүйчүүд нэгдэн бие биенээсээ суралцахаас гадна өглөөг шинэхэн номтой эхлүүлж байна. Долоо хоног бүрийн дөрөв дэх өдөр болгон "Өглөөний гудамж"-нд ирж уулзалт хийж байгаа. Яах аргагүй "Өглөөний гудамж" нь хүмүүсийн эрт босох сэдлийг нь төрүүлж байна. Мэдээж эрт босвол нэгийг үзнэ гэдэгчлэн суралцъя, хөгжъе гэсэн залуус нэгдээд, өглөөг шинэхэн номтой эхлүүлээд сууж байгаа юм" гэлээ.

Мэдээж өглөөний гудамжний давуу тал бол хүссэн хүн болгон ирээд суух боломжтой. Уулзалт, цугларалт хийхэд ч асуудалгүй гэдгээрээ онцлог. Өглөөний гудамжинд өдөр болгон ирж суух нэгэн байхад өнөөдөр зорин ирж, үзэж буй өөр нэгэн ч байлаа. Биднийг өглөөний гудамжаар явж байхад өөрийн тэжээвэр амьтан болох мууртайгаа хамт өглөөний гудамжийг зорин ирсэн нэгэн иргэн сууж байсан юм. Түүнээс сэтгэгдлийг нь сонсоход, "Анх удаа бүр зорьж ирж байна. Хүмүүс ийм их байна гэж төсөөлсөнгүй. Маш эрт өглөөг эхлүүлж буй олон олон хүмүүс байгаа нь сайшаалтай санагдаж байна. Өглөө муураа үлдээгээд гарах гэсэн болов ч намайг дагаад байсан учир аваад гараад ирлээ. Мууранд маань ч гэсэн их таалагдаж байх шиг байна. Өглөөний гудамжийг их л сонирхож байна" гэлээ.

Өглөөг эртлэн угтаж буй нийслэлчүүдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байгаа нь сайшаалтай. Тиймээс ахин олон олон залуус, ахмад настнууд өглөөг эртлэн угтаж, хамтдаа сурж, хөгжих боломжоо нээгээсэй хэмээн хүсч байна. Өглөөний Улаанбаатарчууд өнгөтэй, өглөөний гудамж өнөр байлаа.

Орон нутагт зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, гурван хүн нас баржээ
Орон нутагт зам тээврийн ослын улмаас 8 хүн гэмтэж, гурван хүн нас баржээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.