Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр /2021.08.04/ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулсан. Тодруулбал, 2021-2022 оны хичээлийн жилд аль ч шатны боловсролын байгууллага ирэх есдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн цахим болон танхимын сургалт хосолсон хэлбэрээр явагдах талаар мэдээлсэн.Тэгвэл энэ тал дээр иргэд ямар байр суурьтай байгааг тодрууллаа.
Хүүхдүүд эрүүл байх нь чухал, тиймээс теле байдлаар хичээллэх нь зөв
Хүүхдүүд эрүүл байх нь хамгийн чухал. Цахим болон танхимын сургалт хосолсон байдлаар орохоор хүүхдүүдийг маш их ядаргаанд оруулах талтай байдаг. Энэ зун хүүхдүүд ямар ч амралтгүй байна. Тиймээс хүүхдүүдээ эрүүл өсөөсэй гэж хүсч байна. Дээр нь хүүхдүүд одоо айдастай байгаа. Айдаст автчихсан хүүхдүүдийг хичээлд нь суулгаад олон хүүхдүүдтэй хамт байлгана гэдэг бол миний хувьд хэцүү байна. Тиймээс хичээл теле байдлаар орох нь зөв. Мөн цэцэрлэгийн насны хүүхдүүдийг оруулаад бүр хэрэггүй байх. Миний бодлоор эрүүл мэнд хамгийн чухал гэж бодож байна. Социализмын үеийнх шиг хүүхдүүд эрүүл байхаа больсон. Маш бага насны хүүхэд ч хавдартай болчихоод байна. Бие султай болчихсон. Тиймээс хүүхдүүдийг нэг дор бөөгнүүлэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх байх.
Цахим болон танхимын сургалт хослосон байдлаар орох нь зөв шийдвэр болсон
Өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол багасаж байгаа болохоор хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө хичээл сургуулиа эхлүүлэх нь зөв. Хүүхдүүдийн хувьд ч хичээл сургуульдаа явахгүй байгаа болохоор тун хэцүү байгаа. Тиймээс БШУЯ-наас гаргасан шийдвэрийг сайшаалтай гэж бодож байна. Яагаад гэвэл тав хоног цахимаар, тав хоног танхимаар хичээллэх нь зөв шийдвэр болжээ. Мөн хүүхдүүд өөрсдөө цахим болон танхимын сургалтын чанарын талаар сайн мэддэг, ялгааг нь ойлгочихсон байгаа болохоор одоо хичээлээ хийх идэвх нь нэмэгдэх байх гэж бодож байна. Мөн хувь хүн болгон өөрсдөө хувийн ариун цэврээ сахиад маскаа сайн зүүх шаардлагатай байх. Харин цэцэрлэгийн насны хүүхдүүдийн хувьд сайтар бодож үзэх нь зөв байх. Эрүүл мэндийн яам болон эцэг эхчүүдтэй зөвшилцөх, ул суурьтай хандаж байж хичээлээ эхлүүлэх нь зөв байх.
Цэцэрлэгийн насны хүүхдүүдээ ялгалгүй оруулах нь эцэг эхчүүдэд тулгарах зарим асуудлаас чөлөөлнө
Хичээл ороосой гэсэн бодолтой байна. Хүүхдүүдийн хувьд хоёр жил гарангийн хугацаанд цахимаар хичээллэсэн. Тиймээс одоогийн энэ нөхцөл байдалдаа дасан зохицоод хичээл сургуулиа эхлүүлэх нь зөв байх. Миний хувьд цэцэрлэгийн насны хүүхэдгүй. Гэхдээ цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй хүмүүст маш их асуудал тулгарч байгаа нь дамжиггүй. Хүүхдээ харуулах хүнгүйн улмаас ажлаасаа гараад нэг бол гэртээ байх эсвэл хүүхдээ ясли, өдөр өнжүүлэхэд өгөх зэрэг асуудлууд тулгардаг. Тиймээс цэцэрлэгийн насны бүх хүүхдүүдээ тэр энэ гэж ялгалгүй оруулбал эцэг эхчүүдэд тулгарах зарим асуудлаас чөлөөлөх байх.
Цахимаар хичээллэх нь өөртөө цаг гаргах боломжийг олгож байгаа
Өөрсдийнхөө эрүүл мэндэд санаа зовдог хүүхдүүдэд гэртээ хичээлээ хийх нь илүү ашигтай. Харин хичээлдээ төдийлөн анхаарал тавиад байдаггүй хүүхдүүдийн хувьд үр бүтээлгүй байх нь бий. Найзуудтайгаа уулзахгүй байгаа болохоор өнгөрсөн хоёр жил их удаан өнгөрлөө. Гэхдээ нэг талаар өөртөө санаа тавих цаг илүү их гарч байгаа.
Цахимаар хичээллэх нь хэд хэдэн асуудалтай
Ирэх есдүгээр сард боловсролын байгууллага хэвийн үргэлжлэх нь эрдэм ном талаасаа зөв байна. Гэхдээ ковидын үед ямар байхыг тааж мэдэхгүй. Дээр нь цахимаар хичээллэх нь асуудалтай.
Нэгдүгээрт, Техник технологийн хүртээмжийн асуудал маш муу.
Хоёрдугаарт, Хүүхдүүд бие дааж хийж байгаа ч эцэг эхийн хүртээмж муу.
Гуравдугаарт, Хүүхдүүд цахим хичээлээс залхчихсан байгаа.
Дөрөвдүгээрт, Хүн гэдэг бол нийгэмшихийн тулд багаасаа олон нийттэй харилцаж, төлөвших ёстой. Гэтэл цар тахлын нөлөөнөөс үүдэн хүүхдүүд олон нийттэй харилцах чадваргүй болж байгаа.
Тавдугаарт, Хүүхдийн сэтгэлзүйн асуудал. Найз нөхөд, хамт олон гэдэг бол цаашдын хөгжлийн гол үндэс байдаг.
Зургадугаарт, Вакцинд хамрагдаагүй 200 мянга гаруй иргэн өөрийн болон бусдын эрүүл мэнд, улс орны сайн сайхны төлөө вакциндаа хамрагдах хэрэгтэй.
Оюутнуудын хувьд танхимаар орох нь зөв
"Хичээл орох нь маш зөв. Ялангуяа нэгдүгээр ангид орж байгаа хүүхдүүд юу ч мэдэхгүй байгаа. Дээр нь теле хэлбэрээр орвол эцэг эх нь гэрээр зааж чадахгүй. Тиймээс халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиад хичээллэсэн дээр гэж бодож байна. Харин цэцэрлэгийн насны хүүхдүүдийн тал дээр ахин анхаарах хэрэгтэй байх, хойшилсон нь зөв. Мөн оюутнуудын хувьд танхимаар хичээллэх нь маш зөв" гэлээ.