Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр /2021.08.02/ боллоо.
Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл нь 2020-2021 онд эрхзүйн орчинг сайжруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх үндэсний чадавхыг бэхжүүлэх, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг хангах, боловсон хүчин бэлтгэх, мэргэшүүлэх, үйл ажиллагааг сурталчлах, иргэд олон нийтийг дадлагажуулах зэрэг дөрвөн чиглэлд нийт 40 ажлыг хийхээр төлөвлөсөн байна.
Тус зөвлөл нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2011 оны 21 дүгээр зарлиг, Засгийн газрын 2011 оны 95 дугаар тогтоолоор байгуулагдан, 10 дахь жилдээ ажиллаж байгаа аж.
Хүчтэй газар хөдлөлтийн талаарх мэдээллийг шуурхай зарлан мэдээлэх, энэ чиглэлээрх байгууллага хоорондын хамтын ажиллагааны харилцан уялдааг сайжруулах ажлын хүрээнд Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт магнитуд нь 4.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт болсон үед тухайн газар хөдлөлтийн талаарх мэдээллийг ШУА-ийн ООГХ–гээс ОБЕГ-ийн Гамшгийн шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвд шуурхай дамжуулах системийг бүрдүүлэн, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.
“Газар хөдлөлтийн анхдагч мэдээлэл”-ийг автоматаар боловсруулахдаа олон улсад хэрэглэгдэж буй газар хөдлөлтийг автоматаар тооцоолох SeisComP программ хангамжийг ашиглаж байна. SeisComP нь хүчтэй газар хөдлөлтийг бүртгэсэн 6 станцын мэдээллийг ашиглан тухайн газар хөдлөлт болсон хугацаа, газар зүйн байрлал болон магнитудыг тодорхойлдог.
Шинжлэх Ухааны Академийн эрдэмтдийн хийж гүйцэтгэсэн Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын зургийг шинэчлэн зохиох судалгааны ажлын үр дүнгээр 2019 оны байдлаар манай орны нутаг дэвсгэрийн 76% нь газар хөдлөлтийн 7 болон түүнээс дээш баллын чичирхийлэл үүсэх магадлалтай бүсэд орж байна.
Он гарсаар 08 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Монгол орны нутаг дэвсгэр болон хил орчмын бүс нутагт нийтдээ 39,786 газар хөдлөлт бүртгэгдсэн байна. Үүнээс магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүчтэй газар хөдлөлт 36 удаа тохиосноос 19 газар хөдлөлт нь ард иргэдэд мэдрэгдэм хүчтэй хөдлөлтүүд болжээ" гэж Онцгой Байдлын Ерөнхий газраас мэдээллээ.