Огторгуйн цэнхэр тагтаанууд залбирал үйлдэх шиг тонголзож, зовлон нүглээ наминчлах гэсэн зон олны хөлд дарагдсан гандангийн өнгийг зүйрлэвэл дуниартсан саарал өнгө тунаран байлаа. Эмгэнээ тэнгэрт залсан өвгөн, тамхи баагиулан суух шиг хуучин дуганы байдал чимээгүй дүнсийх эл газарт, амгалан тайван ноёлох мэт боловч зорин ирэгсдийн зовлон, зүдгүүр сэтгэлийн хамарт минь үнэртэх шиг болсон юм.
Олны хэл ам дагуулсан 5.9 тэрбум төгрөгөөр сүндэрлэсэн ариун хийдийн хаалгаар оронгуут л "Дал дугаартай үйлчлүүлэгч 2 дугаарын цонхонд очно уу" хэмээн чанга яригчаар дуудаж, банкны хаалгыг андууран татсан шиг санагдаж золтой л эргүүлээд хаачихсангүй. Коронавирусийн хор уршиг, нийгмийн дааж барамгүй их стресс бухимдлаас болсон уу ном уншуулах амь, заяагаа даатгах, хэн нэгний хойдын буянд зориулан ном айлдуулах гэсэн иргэд тэрхүү танхимаар дүүрэн байсан юм.
Иргэдийн халз өөдөөс харсан шар баганан дээр “СҮСЭГТЭН ОЛНЫ АНХААРАЛД: Номын айлтгалыг энд бичиж байна. Та бүхэн маскаа зүүж, бээлий өмсөж, хүн хоорондын зайгаа барьж үйлчлүүлэхийг анхааруулж байна” гэсэн бичиг дурайж "арилгасан алим шиг" банкны теллерүүдээс ялгаатай нь орхимж зүүсэн ламууд л тэдний хэлж заншснаар номын айлтгал баримт бичгийг худалдан авч буй иргэдэд баримт болгон хэвлэн өгч байсан юм.
Ингээд бид эхний үйлчлүүлэгч гэх үү, сүсэгтэн гэж хэлэх үү иргэнээс ямар үйлчилгээ авсан талаар тодруулахад, иргэн С.Мондоон “Би одоо 73 нас хүрч явна. Улсаас ийм барилга байгууламжийг нь бариад өгч байхад ном уншуулахдаа мөнгө хурааж авч байгаа нь буруу байна. Манай нэг зээ талийгаач болсон юм. Зээгийнхээ хойдхийн ажлаар л ном уншуулж явна. Дугаар авдаг эмх замбараатай байгааг нь бол буруутгахгүй ээ. Яах вэ тэтгэвэр авч байгаа бид мөнгөө төлөөд үйлчлүүлж болж байна. Харин Монголд ядуурал их байна шүү дээ. Хэдий сүсэгтэй ч гэсэн ном уншуулах нь бүү хэл хоолны мөнгөө аргацааж чадахгүй хүмүүс олон байна” хэмээсэн юм.
Бид олны дундуур ном бичүүлж баримтаа авсан нэг иргэнээс хэдэн төгрөг зарцуулсныг баримтжуулж авсныг дараах зурган дээрээс харж болно. Тэрбээр 21.500 төгрөгөөр таван ном бичүүлсэн байлаа. Хамгийн үнэтэй уншигддаг ном бол ГАНЖУУР гэдэг номыг 20 мянган төгрөгөөр уншуулдаг юм байна.
Номын тариф
- Ганжуур 20 мянган төгрөг
- Сандуйн жүд 2000 төгрөг
- Мянган цагаан шүхэрт 2000 төгрөг
- Цэвэгмидийн чого 6000 төгрөг
- Лхам 6000 төгрөг
- Малын банзрагч 1000
Зовлонгоор зоолсон нь Гандантэгчилэн хийд үү, зовлонг нь нимгэлэхэд гай болдог төр үү
Шинэ баригдсан байгууламж доторх иргэдийн байдлыг дээрх хэсэгт буулгасан нь энэ байлаа. Ингээд “Жанрайсаг бурхан залардаг гандангийн хойд байгууламжаар ороход алгаа хавсарсан олон амандаа “Ум маани бадмай хум” хэмээн дуулдах төдий амандаа хэлж хонх дамрын дуу хадаж, олон лам хоолой харшуулан ном уншиж байсан юм. Тэндээс зул өргөхөд хэдий хэмжээний хөрөнгө мөнгө шаардагддагийг асууж тодруулан гарсан юм.
Зулын үнэ
- Жижиг зул 5 мянган төгрөг
- Дунд хэмжээтэй зул 15-20 мянган төгрөг
- Том зул 30 мянган төгрөг
Ингээд биднийг гарах замын модон сандал дээр 40 эргэм насны эмэгтэй газар ширтэн мэгшиж суугаатай тааралдсан юм. Тэвчилгүй очиж чичирхийлсэн мөрнөөс нь хамжиж юу болсон талаар хуваалцахад, “Буян номын газар уйлж суудаг муу ёр байгаа даа. Муу эгч нь коронавирусийн халдвараар ээжийгээ алдсан юм. Хойдын буяныг бодож зул өргөж, хэдэн ном уншуулах гэсэн хэдий ч хэдэн цаас хаанаа ч хүрэхгүй юм. Ядаж Жанрайсагт мөргөөд буцъя даа. Би яасан муу үр вэ” хэмээн нулимстай нүдээр харж байсан юм. Түүний чичирхийлсэн гартаа атгасан олон номын нэрс жагсаан бичсэн, тууш шугамтай дэвтрийн цаас нулимсандаа норж байх нь сүсэгтэн олны сэтгэл шиг л санагдлаа. Тэрбээр нэрээ хэлэхээс татгалзсан юм.
Иргэн Ч.Цэрэнхишиг, “Намайг ном зарлаа гэж лам нар үүднээсээ хөөдөг, өөрсдөө мөнгө л олох гэж байдаг байх даа хөөрхий, энэ хавиар ном уншуулж чадахгүй яваа хүмүүс явж л байгаа харагддаг” гэв.
Буддын шашин хөгжсөн, анхлан дэлгэрсэн Балба, Энэтхэгт сүсэгтэн олон сүжгээрээ өргөл барьц өгдөг үү
Бид Энэтхэг Улсад шашны сургуульд сурч байсан нэгнээс дээрх асуултын хариултыг авсан юм.
Тэрбээр, “Энэтхэг Улсад Хиндү шашинтнууд өргөл, барьц өргдөггүй. Буддын сүм хийдүүд цөөхөн байдаг. Гандантэгчэнлин хийд бол яг үйлчилгээ авч байгаа юм шиг болсон байна лээ. Нэг ёсондоо мөнгөө өгөөд араа даалгаж байгаа юм шиг л. Бизнес юм шиг л болсон байна. Би их гайхаад байдаг юм. Буяны байгууллага юм бол ном уншуулахдаа мөнгө авдгаа болих л хэрэгтэй. Гол нь буян гэдэг ойлголтоо зөв ойлгох хэрэгтэй” гэв.
Цар тахлын нөхцөл байдал хүнд байгаа энэ үед техникийн дэвшлийг ашиглаж байгааг буруутгахгүй. 5.9 тэрбумаар баригдсан энэ хийд ийм зэрэгтэй байх нь ч зүй ёсны хэрэг биз. Харин ном айлдуулах төлбөрөө төлж чадалгүй гадаа суугаа сүсэгтэн олноо бодох цаг нь ирсэн гэдгийг эндээс харж болно. Ингээд дүгнэлтийг уншигч танд үлдээе.
Хотын төвөөр нэг хөглөрөх хоолны газрын бизнес шиг, үнэ тариф тогтоочихоод зовсон зүдэрсэн ард иргэдээ өнгө мөнгөнөөр нь ялгаж суугаа буян номын ажлаа анхаарах цаг болжээ. Бусдад үйлдсэн буян буцаж ирэхдээ бороо мэт асгардаг гэдэгсэн.
Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
Х.Умаахан