Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СУРВАЛЖИЛГА: Коронад “дарлуулсан“ түрээсийн байрууд төлбөрийн нөхцлөө “чангалжээ“

Ангилал
Нийгэм Сурвалжлага
Огноо
Унших
9 минут 4 секунд

Хичээлийн шинэ жил эхлэхтэй зэрэгцэн нийтийн байр болон түрээсийн байрны үнэ огцом өсдөг бичигдээгүй хууль тогтчихсон. Гэтэл сүүлийн хоёр сарын хугацаанд түрээсийн байрны үнэ харьцангуй нэмэгдсэн нь түрээслэгчдийн санхүүд ихээхэн хүндрэл учруулаад буй.

Тухайлбал, өмнөх оны мөн үед нэг өрөө байрны түрээс 450 мянган төгрөгөөс эхэлж байсан бол өнөөдрийн байдлаар 800 мянгад хүрчээ. Цар тахлын нөлөөнөөс үүдэн хувь хүнээс эхлээд томоохонд тооцогдох ААН-үүд ч эдийн засгийн асуудалтай нүүр тулчихаад байгаа. Гэтэл энэ үед тэнгэрт тулсан үнэтэй байрыг түрээслэх хүн тун ховор.

Ирэх есдүгээр сарын нэгний өдрөөс эхлэн боловсролын салбарыг хэвийн үргэлжлүүлэх талаар БШУЯ-наас мэдэгдсэн. Хэрэв хичээлийн шинэ жил эхэлбэл орон нутгийн оюутнууд нийслэлийг зорьж, амьдрах байраа хайна. Яг энэ үед түрээсийн үнэ одоо байгаагаас хэд дахин нэмэгдэх ба хүрэлцээ ч ховор болох юм. Иймээс нийтийн байр болон түрээсийн байрны хүрэлцээ, төлбөрийн нөхцөл ямар байгаа талаар сурвалжиллаа.

Хотын төвд байрлалтай нэг өрөө байрны түрээс 800 мянгаас эхэлж байна

Захын хорооллуудын хувьд нэг өрөө байрны түрээс дор хаяж 500 мянгаас эхэлж байгаа бол А зэрэглэлийн бүсэд байрлах нэг өрөө байр 800 мянган төгрөгөөс дээш үнэтэй байгаа юм. Үүний хажуугаар төлбөрийн нөхцөл нь уян хатан биш, сар сардаа түрээсээ авах талаар дурсаад ч нэмэргүй. Бүр бүтэн тавилгатай, хагас тавилгатай болоод ирэхээр төлбөр нь улам нэмэгдэх хандлагатай байна.

Энэ тухай түрээсийн байр хайж буй иргэн мэдээлэл өгөхдөө “Түрээсийн байрны үнэ харьцангуй өссөн байна. Өнгөрсөн жил 13-р хороололд мкв маш бага нэг өрөө байрыг 450 мянган төгрөгөөр түрээслэдэг байсан. Ус, тог, хэрэглээний мөнгө тусдаа.

Гэтэл одоо нэг өрөө байр дор хаяж 500 мянга болон түүнээс дээш үнэтэй болсон байна. Ажилгүй, орлогогүй байгаа миний хувьд ийм өндөр түрээс төлөхөд тун бэрхшээлтэй. Коронавирусийн нөхцөл байдлаас үүдээд эдийн засгийн хямралд орчихсон байдаг. Дээр нь түрээслүүлэгчдийн зүгээс төлбөрөө нэг сараар авахгүй гэдэг. Дор хаяж 3 болон түүнээс дээш сарын төлбөр, дээр нь барьцаа нэхэж байна. Яахав сар сардаа төлбөрөө өгдөг бол амьд хүн аргатай гэгчээр төлж болох байх. Гэвч олон сарын түрээс төлөх боломжгүй учир хямд гэсэн байруудыг хайж байна. Өнөөгийн нөхцөлд боломжтой нь хэд билээ. Хэрэв санхүүгийн боломжтой байсан бол түрээсийн байр хайгаад явж байхгүй шүү дээ. Иймээс түрээслүүлэгчид төлбөрөө арай илүү уян хатан болгох хэрэгтэй байх” гэсэн юм.

Нийтийн жишгийг дагаж түрээсээ нэмсэн

Зарим иргэд түрээсийн үнийн өсөлтийн шалтгааныг улсаас өгсөн 300 мянгатай холбон тайлбарлаж байгаа бол үлдсэн хэсэг нь коронавирусийн нөхцөл байдлаас үүдсэн болов уу гэсэн таамаг дэвшүүлээд буй.

Харин үүний талаар байр түрээслүүлэгчээс тодруулахад “Байраа түрээслэх шаардлага гарсан учир түрээслүүлэхээр болсон. Ингээд зар харахад төлбөр нь нэлээд нэмэгдсэн байсан. Нийтийн жишгийг дагаад түрээсээ ч мөн нэмсэн. Гэхдээ өмнөхөөс тийм ч их зөрүү гаргаагүй байгаа. Манай байрны хувьд байршил сайтай, хагас тавилгатай. Тийм болохоор түрээсийн төлбөр дээр тодорхой хэмжээний мөнгө нэмэгдэж байгаа нь үнэн. Бусад байрнууд барьцаа болон олон сарын төлбөр шаардсан байна лээ. Манайх барьцааг явцын дунд, төлбөрийг сар сард нь авна гэж хэлж байгаа” гэв.

Мөн зуучлалын компаниар дамжвал тухайн компанидаа зуучлалын хөлс болгож 100-200 мянган төгрөг өгөх шаардлагатай болдог аж. Өөрөөр хэлбэл, түрээсийн байрны үнийн 12-15 хувийг зуучлалын хөлсөнд өгдөг байна.

Нийтийн байрууд ариутгал, халдваргүйтгэлээ сайн хийдэг

Үнийн хувьд нийтийн байрууд харьцангуй боломжийн. Хамгийн доод үнэ 120 мянгаас эхэлж байна. Гэхдээ дулааны улиралд төлбөр бага байдаг, өвлийн улиралд халаалтын мөнгө гээд тодорхой хувиар нэмэгддэг аж.

Бид Дэнжийн мянгад байрлах нэгэн нийтийн байранд очиж нөхцөл байдлын талаар байрны түрээслүүлэгчээс тодруулахад, “Нийтийн байр хайж буй иргэд их байна. Манай өрөө сулраагүй бүгд хүнтэй байхад хүмүүс залгаад өрөө асууж байсан. Саяхан нэг өрөө сулраад зар тавихад утас зогсоо зайгүй дуугарч, хүмүүс их сонирхон ирж байна.

Олон хүн нэг дор байдаг учраас ариутгал халдваргүйтгэлээ сайн хийж байгаа. Байнга биш юм аа гэхэд сардаа нэг ариутгал хийлгэчихдэг. Коронавирусийн нөхцөл байдлаас үүдэн хаана хаанаа анхааралтай байх хэрэгтэй шүү дээ” гэж хэллээ.

Харин нийтийн байр түрээслэхээр олон өдөр хайж буй иргэдийн төлөөлөл дараах зүйлийг хэлсэн юм. Тэрбээр, “1-2 өрөө байруудын үнэ их байгаа болохоор нийтийн байр хайгаад явж байна. Үнэхээр нийтийн байрны олдоц ч багасч. Ганц хоёроороо түрээслэх гэсэн болов ч төлбөрөө төлж дийлэхгүй болохоор дөрвүүлээ нийлээд байр хайж байна. Зарим газрууд олон хүн оруулахгүй гэх юм. Харин энэ байрны хувьд том, сар сардаа төлбөрөө авна гэсэн учир их таалагдлаа. Нийтийн байрны үнэ дажгүй байгаа ч нэг ч мөнгөний орлогогүй хүмүүст бас хэцүү байдаг байх” гэв.

Зөвхөн нэгээс хоёр хүнд хажуу өрөөгөө түрээслүүлэх боломжтой

Хүмүүсийн хэлж заншсанаар халаасны өрөөгөө түрээслэдэг айлууд цөөнгүй бий. Цаг сайхан байхад хажуу өрөөний түрээс 150-200 мянгын хооронд байдаг байсан бол одоо 250 болон түүнээс дээш дүнтэй байна. Хажуу өрөөний нэг авууштай тал нь тог, ус, хэрэглээний зардал гээд бүгд багтдаг, дээр нь сар сардаа түрээсээ авдаг гэдгээрээ онцлог. Гэвч хажуу өрөөг зөвхөн нэг, эсвэл хоёр хүнд л түрээслэх боломжтой гэж түрээслүүлэгчдийн зүгээс шаарддаг байна.

Байрны эрэлт их ч төлбөр өндөр учир түрээслэж чаддаггүй

Үнэгүй.мн, шуурхайзар.мн зэрэг сайтуудад өдөр бүр түрээсийн байрны зар нэмэгддэг. Мөн эдгээрээс гадна олон нийтийн сүлжээгээр ч зар харьцангуй их. Гэвч төлбөрийн нөхцөл нь хэт өндөр байгаа учир хүмүүс түрээслэж чаддаггүй байна. Мөн зарим үнэтэй байруудын хувьд үнэдээ тохироогүй, бохир, хэд хэдэн асуудалтай байдаг тухай иргэд хэлж байгаа юм.

Зайсанд байрлалтай, эсвэл шинэхэн баригдсан байруудын сарын түрээс нэг сая болон түүнээс дээш. Төлбөрийн нөхцөл ч 12 сар дээр тогтоод байгаа. Тэгэхээр төлбөрөө бүтэн өгөх хүн дор хаяж 12 сая төгрөг төлж байж байр түрээслэнэ гэсэн үг. Гэтэл ийм хэмжээний мөнгөн дээр хэдэн төгрөг нэмээд гайгүйхэн шиг нэг өрөө байрны урьдчилгаа хийчихэж болохоор.

Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хаана хаанаа эдийн засгийн хүндрэлтэй байгаа. Эрэлт ихтэй ч хүрэлцээ багатай түрээсийн байрны үнэ одоо тэнгэрт хадчихаад байхад хичээл сургууль орвол үүнээс илүү өсөх магадлалтай. Иймээс түрээслүүлэгчдийн зүгээс төлбөрийн нөхцөлийг уян хатан болгох тал дээр анхаарч зохицуулалт хийх нь зөв болов уу.

Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.