Монгол Улс түүхэндээ анх удаа багийн спортын төрлөөс олимпын наадамд оролцлоо. Тодруулбал, Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг анх удаа эх орноо төлөөлөн олимп, дэлхийн аварга багуудтай хүч сорин өрсөлдсөн юм.
Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг хэсгийн сүүлчийн тоглолтоо өнөөдөр БНХАУ-ын багтай хийлээ. Хэдийгээр манай охид ялагдал хүлээсэн ч 2019 оны Дэлхийн аварга багтай хүч тэнцүү өрсөлдсөн.
3х3 сагсан бөмбөгийн шигшээ багийн охид сэтгэгдлээ хуваалцлаа. Тодруулбал, "Монгол улсаа төлөөлж багийн спортын төрлөөр олимпын наадамд анх удаа оролцсон гэдэг нь маш их нэр төрийн хэрэг байлаа. Энэ хүртэл бид бүхэн хичээж тоглоод сүүлийн тоглолтоо өнөөдөр хийж дуусгалаа. Эцсээ хүртэл биднийг дэмжсэн үзэгчдэдээ маш их баярлалаа гэж хэлмээр байна" гэв.