"Токио 2020" зуны олимп нээлтээ хийгээд 4 хонож байна. Энэ хугацаанд манай улс олимпын 2 хүрэл медаль хүртээд байна. Тодруулбал, Монгол Улсын гавъяат тамирчин М.Уранцэцэг, Олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар нар жүдо бөхийн төрөлд барилдаж, хүрэл медаль хүртсэн юм.
Тэгвэл маргааш манай эмэгтэй, эрэгтэй жүдо болон сагсан бөмбөгийн 3х3 шигшээ багийн тамирчид тэмцээн уралдаанаа хийнэ. Тодруулбал, 10.00 цагаас жүдогийн эмэгтэй 63 кг жинд тамирчин Б.Ганхайч, эрэгтэй 81 кг жинд Сайед Моллай нар барилдана. Дараагийн барилдаан нь 16.00 цагаас явагдана.
Мөн 08.00 цагаас буудлага, хийн гар бууны 10 метрт холимог баг Ц.Анударь, Э.Даваахүү нар оролцоно.
Харин шигшээ багийн тамирчид 12.30 цагаас БНХАУ-ын багтай тоглоно.
Байт харваа маргааш товлогдсон ч маргааш орон нутгийн цагаар 15.00 орчимд Япон улс, тэр дундаа Токио хотыг далайн хар шуурга дайран өнгөрөх төлөвтэй байгаа учир байт харваан тэмцээнийг нэг хоногоор хойшлуулсан гэж МҮОХ-ноос мэдээлсэн юм.
Бид мэдээллийг шуурхай дамжуулах болно.