Монгол Улсад коронавирусийн тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан хотын Захирагч ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг эрчимжүүлж, хүнсний зах худалдааны төвөөс бусад бүх төрлийн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг энэ сарын 16-ны өдрийг хүртэл түр зогсоох захирамж гаргасан.
Захирамжийн хүрээнд тусгай зөвшөөрөл бүхий гэрээт 37 компанийн ажилчид ариутгал халдваргүйжүүлэлтийг гүйцэтгэж байна. Өчигдрийн байдлаар худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээний болон эрсдэл бүхий цэг салбарын нийт 18758 цэгт ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр мэдээллээ.
Тэрбээр “ Өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлж бүх нийтийн гудамж талбай, орон сууцны гол замууд, гэр хорооллын 200 мянган айл өрхийн модон жорлон, томоохон зах худалдааны төвүүдэд, аж ахуйн нэгжүүдэд ариутгал халдваргүйжүүлэх ажлыг хийж байна. Цаг агаар +5 градус хүрч дулаарч эхэлмэгц агаар чийгшүүлэгч машинуудаар халдваргүйжүүлэх ажил эхэлнэ. Агаар чийгшүүлэгч машинуудын бэлэн байдлыг хангасан байгаа.” гэв. Мөн нийслэлийн 380 гаруй км хатуу хучилттай зам, нийт 9,2 сая метр квадрат нийтийн эзэмшлийн талбайг ариутгаж халдваргүйжүүлэхээр төлөвлөсөн талаараа дуулгалаа.
“Нийслэлийн хэмжээнд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийж байгаа компаниудад ариутгалын бодисын нөөц хангалттай байгаа. Одоогийн байдлаар хүндрэлтэй асуудал алга. Мэргэжлийн хяналтын газраас ариутгалын бодисуудад шинжилгээ авч стандартын дагуу байгааг тогтоосон. Тусгай зөвшөөрөл бүхий гэрээт компаниудыг зохион байгуулалтад оруулаад ажлыг нь эрчимжүүлээд байна. 100 метр квадратыг нэг минутад халдваргүйжүүлэх хүчин чадалтай мананцар үүсгэгч цөөн тоогоор бий” хэмээн “Монголын ариутгал халдваргүйжүүлэлтийн төв” ТББ-ын тэргүүн Н.Баасанжав хэллээ.
Түүнчлэн ариутгалын ажлыг хийж байгаа ажилчдын аюулгүй байдлыг сайтар хангаж, халдваргүйжүүлэлтийн төхөөрөмжүүдийн тоог нэмэх үүргийг холбогдох албаныханд өгөв.