Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон улсын эзэн хаан Нарүхитод бараалхлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 0 секунд

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхитод Олимпын нээлтэд оролцож буй хүндэт зочдын хамт бараалхав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын наадмын нээлтийг албан ёсоор тунхаглаж буй Цог жавхлант эзэн хаанд гүн хүндэтгэл илэрхийлж баяр хүргэв. Мөн “Хэйсэй”-гийн он жилүүдэд цэцэглэн хөгжсөн манай хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаа “Рэйва”-гийн шинэ эринд улам батжина гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Цог жавхлант эзэн хаан Монгол Улсын Ерөнхий сайдтай уулзаж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж, Монгол орон, ард түмний талаарх дурсамжаа хуваалцав. Цог жавхлант эзэн хаан угсаа залгамжлах хунтайж байхдаа, 2007 онд Монгол Улсад айлчлах үеэр болсон Улсын филармонийн хамтарсан тоглолт сэтгэлд нь үлдсэн тухай, мөн монгол хаадын эртний өлгий нутаг Хархоринд зочилж байснаа дурсан ярив. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2022 онд болох Монгол, Японы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тохиолдуулан Цог жавхлант эзэн хааныг Монгол Улсад айлчлахыг урив.

Энэхүү арга хэмжээний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын тэргүүн хатагтай Жил Байден, Франц Улсын Ерөнхийлөгч Э.Макрон нартай уулзаж, хоёр талын харилцаа болон өргөн хүрээтэй сэдвээр элэгсэг дотно ярилцав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ маргааш Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “COVID-19” цар тахалтай тэмцэх асуудал эрхэлсэн сайд Я.Нишимура, Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай уулзаж, цар тахлын эсрэг хариу арга хэмжээний асуудлаар санал солилцоно.

Б.Болор-эрдэнэ: Сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамт байж, зурагтаа үзээд багаа дэмжээд сууна
Б.Болор-эрдэнэ: Сэтгэл зүрхээрээ та нартайгаа хамт байж, зурагтаа үзээд багаа дэмжээд сууна
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.